Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 6197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******-д холбогдох,

 

58,779,997.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

 

“ нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр -тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдаж буй 424 дүгээр байрнаас 81.20 м,кв талбайтай орон сууцыг 189,033,600.00 төгрөгөөр авахаар тохиролцсон.

 

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 56,710,080.00 төгрөгийг төлсөн боловч орон сууцыг 2015 оны 02 дугаар улиралд хүлээж авч чадаагүй.

 

Учир нь, хариуцагч -ийн зүгээс орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэж өгөөгүй, үүргээ зөрчиж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан хариу тайлбарт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхийг гүйцэтгэсэн гэжээ.

 

Гэтэл орон сууцыг барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн барьж гүйцэтгээгүй байгаа тул гэрээг зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч О.Уянгын зүгээс хариуцагч -ийн эрх бүхий этгээдүүдтэй уулзаж, энэ талаар шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, тус компани төлсөн мөнгийг 7, 8 сарын хугацаанд буцааж өгнө, гэхдээ төлсөн төлбөрөөс 15 хувийг суутгаж тооцно гэх зэргээр маргаан үүссэн байдаг.

 

Энэ хугацаанд бусдын орон сууцыг хөлслөн амьдарч байгаа ба одоо тус орон сууцыг хүлээж авахаас татгалзаж байгаа юм.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-д тус тус зааснаар орон сууцыг 2015 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх, хэрэв энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0.01 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн.

 

Иймд, хариуцагч -иас өмнө төлсөн 56,710,080.00 төгрөг, алданги 2,069,917.00 төгрөг, нийт 58,779,997.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Манай барилгын гүйцэтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтанд орох хугацаа ойртсон буюу үүргийнхээ дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн учраас О.Уянгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан 58,779,997.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч -ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн учраас 58,779,997.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч -иас 56,710,080.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,069,917.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч -тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдах 424 дүгээр байрнаас 81.20 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг 189,033,600.00 төгрөгөөр авахаар тохиролцжээ.

 

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаас үзвэл хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж байхад гэрээнд заасан 81.20 м,кв талбайтай 3 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, гэрээний агуулга, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

 Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд буюу 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан хүлээлгэн өгөх, захиалагч 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 38,062,800.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 70,970,800.00 төгрөг, орон сууцны гүйцэтгэл 80 хувь хүрсэн тохиолдолд 80,000,000.00 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн болон орлогын баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч -д 23 удаагийн үйлдлээр нийт 56,710,080.00 төгрөг шилжүүлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй.

 

Гэвч гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн учраас ийнхүү захиалагч өмнө шилжүүлсэн 56,710,080.00 төгрөгийг гэрээнд зааснаар алданги тооцож, нэхэмжилж байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч 2015 оны 2 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус компани Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Энэ нь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг хариуцагч -иас үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно.  

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч хариуцагчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч -ийг 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл захиалагч орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч -иас өмнө төлсөн 56,710,080.00 төгрөгийг гэрээнд зааснаар алдангийн хамтаар нэхэмжилж байгааг түүнийг гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэв.

 

Энэ нь, хэдийгээр хариуцагч -ийн зүгээс гэрээнд заасан орон сууцыг хугацаа хэтрүүлж барьж гүйцэтгэсэн ч захиалагч түүнийг хүлээн авахаас татгалзаж буй тайлбар, гүйцэтгэгч талд өгсөн хөлсийг алдангийн хамт шаардаж байгаагаар илэрхийлэгдэж байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

 

Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч энэхүү зөрчлийг үндэслэж, цаашид орон сууцыг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

 

Үүнийг нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч -ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 56,710,080.00 төгрөгийг захиалагч д буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг. 

 

Үүрэг гүйцэтгүүлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас хэдийгээр ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч -иас гэрээний урьдчилгаанд төлсөн 56,710,080.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,069,917.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч -иас 56,710,080.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,069,917.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,850.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 441,500.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР