Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Д.Э, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Э, Б овогт Э.А нарт холбогдох эрүүгийн 1920003110005  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Э.А,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Д.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь Э.А-тэй  бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 23 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн харъяа бага сургуулийн авто машины зогсоол орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Т-н толгойн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Э.А нь Д.Э-тэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 23 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн харъяа бага сургуулийн авто машины зогсоол орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Т-н нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найз Э гэрт оройн 18-19 цагын үед очиж 0,5 граммын 1 ширхэг виски хувааж уугаад дахин нэг шил 0,75 граммын архи дэлгүүрээс авч уусан. Ууж дуусаад гэрээс нь гараад такси барих гэж яваад Т-тай жоохон муудалцаж, зодсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 сарын 25-ны өдөр А найзтайгаа 1 шил виски уусан. Ингээд гэрээс гараад явж байгаад Э.А таньдаг бололтой хүмүүстэй таарсан. Тэднээс гал асуугаад байж байтал  А, Т хоёр муудалцаж байгаа бололтой түлхэлцээд байхаар нь би А-г өмөөрөөд Т-тай муудалцаад толгойнд нь 2 удаа цохьсон. Тэгээд удаагүй байтал цагдаа ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Би өөрийнхөө гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш танил ах Э-н гэрт очиж 1 шил 0.5 граммын Х архи хувааж уусан. Тэндээсээ ганцаараа гараад хуучин багш нарын байранд байх найз Б-н гэрт очиж найз Б, Б нартай 2 шил 0.75 граммын Х архи хувааж уусан. Би согтоод тасарчихсан байна лээ... өөрийн төрсөн дүү Б-р хүргүүлэхээр гарсан байсан... Нэг ухаан орсон чинь бага сургуулийн баруун урд талын машин зогсоол дээр хамраас амнаас цус гарчихсан, цасаар нүүрээ угааж байсан. Хажууд манай дүү Б, З нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний хамар амнаас яагаад цус гарсныг ч би ойлгоогүй, хажууд байсан дүү нараас ч асуугаагүй. Би хэнд зодуулснаа мэдээгүй. Тэгээд хамраас ч юм уу амнаас ч юм уу цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг дээр дүүгээ дагуулж очиж үзүүлсэн. Дараа нь жижиг маргаанаас болоод манай дүүгийн таньдаг 2 залууд зодуулсан гэж дуулсан. Нэрийг нь Э, А гэдэг гэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 22-нд 21 цагийн үед намайг Точикийн байранд ээжийнд байхад миний төрсөн Т согтуу орж ирсэн. Тэгээд ээжийнд цаг гаран болоод би найз Б-н хамтаар ах Т-г гэрт нь хүргэж өгөхөөр ээжийхээс гарсан. Ах бараг тасарчихсан, хөл дээрээ хэцүүхэн л тогтож явсан. Тэгээд бага сургуулийн авто машины зогсоолын хажууд явж байтал замын эсрэг талаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй даллаад хөөе хөөе гээд байсан. Би согтуу хүмүүс байна гэж бодоод тоогоогүй цаашаа явсан. Тэгтэл тэр 3-ын 1 нь над руу хүрээд ирсэн ба миний таньдаг залуу А байсан. А над руу ирээд мэнд мэдээд надаас тамхи асаахаар гал асуусан. Гал байхгүй гээд бид 2 ойр зуурын юм яриад байж байтал хажууд Т ах жаахан согтуурхсан. Тэгсэн чинь юу юугүй хажуунаас нь Э орж ирээд ахын нүүр лүү гараараа 1-2 удаа цохиод авсан. Ах, Э 2 зууралдаад дээрээс нь А нэмж зууралдаад газар унацгаасан. Гадаа жаахан цас орчихсон хальтиргаатай байсан болохоор тэд нар хальтираад унасан байх. Би эрүүл байсан болохоор тэднийг салгах гэж нилээн үзсэн. Тэд согтуу учраас зууралдаад газар өнхрөөд байсан ба А найз Э-ээ өмөөрөөд Т ахыг газар байхад нь ганц нэг удаа шанаадаж байх шиг байсан. Ахын хамар, амнаас нь цус нилээн гарчихсан харагдсан. Э-г эхнэр нь татаж салгаад, би А-г ахаас салгаад газраас босгоод байж байтал цагдаагийн машин давхиад ирсэн. Тэгээд А, Э 2-ыг цагдаагийн машинд суулгаад намайг ахыгаа аваад эмнэлэг явж үзүүлээд, цагдаа дээр ирж уулзаарай гэсэн. Зодоон болж байхад Б өөрөө жаахан халамцуу байсан болохоор амаараа л боль гэж хэлж байснаас айхтар салгаж сүйд болоогүй. Б угаасаа тийм зодоон цохион, хэрүүл маргаанаас хол байдаг хүн л дээ. А, Э 2 бол яахав, бие биеэ өмөөрөөд л манай ах руу дайрч нүүр аманд нь ганц нэг цохицгоосон. Т ах нилээн согтуу байсан болохоор хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр жаахан эвгүй харьцсан байх, тэрийг нь Э бас буруугаар ойлгоод А-гээ өмөөрч ахыг цохисноос болоод зодоон үүсчихсэн... Т ах, А, Э нар хоорондоо дараа нь уулзаад буруу зөвөө ярилцаад учраа олсон юм шиг байна лээ /хх-ийн 19/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаагийн эргүүлийн машин ирээд А, Э 2-ыг аваад явсан. Т-н нүүр амнаас цус гарчихсан байсан. Б бид 2 Т-г аваад эмнэлэг явсан. А, Э 2 бас нилээн согтуу байсан. Ямар ч байсан Т ахыг А, Э 2 нүүр ам, толгой түрийрүү нь гараараа хэд хэдэн цохисныг харсан. Т ах согтуу байсан болохоор бие хамгаалах юм уу эсэргүүцэх чадал байгаагүй, тэгэх ч завдал өгөөгүй дайраад байсан л даа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Г.Т-н биед дээд доод уруулын дотор талд язарсан шарх, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн дээд доод уруулын дотор талд язарсан шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 28/

 Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 52/

Шүүгдэгч Д.Э хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 53-60/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62,75-76/

Шүүгдэгч Э.А хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 64-74/

Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт, нотлох баримт /хх-ийн 79-81/

Шүүгдэгч Д.Э, Э.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 82-83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 23 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн харъяа бага сургуулийн авто машины зогсоол орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Т-г зодож эрүүл мэндэд нь дээд доод уруулын дотор талд язарсан шарх, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Д.Э, Э.А нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Э, Э.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш танил ах Э-н гэрт очиж 1 шил 0.5 граммын Х архи хувааж уусан. Тэндээсээ ганцаараа гараад хуучин багш нарын байранд байх найз Б-н гэрт очиж найз Б, Б нартай 2 шил 0.75 граммын Х архи хувааж уусан. Би согтоод тасарчихсан байна лээ... өөрийн төрсөн дүү Б-р хүргүүлэхээр гарсан байсан... Нэг ухаан орсон чинь бага сургуулийн баруун урд талын машин зогсоол дээр хамраас амнаас цус гарчихсан, цасаар нүүрээ угааж байсан. Хажууд манай дүү Б, З нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний хамар амнаас яагаад цус гарсныг ч би ойлгоогүй, хажууд байсан дүү нараас ч асуугаагүй. Би хэнд зодуулснаа мэдээгүй. Тэгээд хамраас ч юм уу амнаас ч юм уу цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг дээр дүүгээ дагуулж очиж үзүүлсэн. Дараа нь жижиг маргаанаас болоод манай дүүгийн таньдаг 2 залууд зодуулсан гэж дуулсан. Нэрийг нь Э, А гэдэг гэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 22-нд 21 цагийн үед намайг Точикийн байранд ээжийнд байхад миний төрсөн Т согтуу орж ирсэн. Тэгээд ээжийнд цаг гаран болоод би найз Б-н хамтаар ах Т-г гэрт нь хүргэж өгөхөөр ээжийхээс гарсан. Ах бараг тасарчихсан, хөл дээрээ хэцүүхэн л тогтож явсан. Тэгээд бага сургуулийн авто машины зогсоол хажууд явж байтал замын эсрэг талаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй даллаад хөөе хөөе гээд байсан. Би согтуу хүмүүс байна гэж бодоод тоогоогүй цаашаа явсан. Тэгтэл тэр 3-ын 1 нь над руу хүрээд ирсэн ба миний таньдаг залуу А байсан. А над руу ирээд мэнд мэдээд надаас тамхи асаахаар гал асуусан. Гал байхгүй гээд бид 2 ойр зуурын юм яриад байж байтал хажууд Т ах жаахан согтуурхсан. Тэгсэн чинь юу юугүй хажуунаас нь Э орж ирээд ахын нүүр лүү гараараа 1-2 удаа цохиод авсан. Ах, Э 2 зууралдаад дээрээс нь А нэмж зууралдаад газар унацгаасан. Гадаа жаахан цас орчихсон хальтиргаатай байсан болохоор тэд нар хальтираад унасан байх. Би эрүүл байсан болохоор тэднийг салгах гэж нилээн үзсэн. Тэд согтуу учраас зууралдаад газар өнхрөөд байсан ба А найз Э-ээ өмөөрөөд Т ахыг газар байхад нь ганц нэг удаа шанаадаж байх шиг байсан. Ахын хамар, амнаас нь цус нилээн гарчихсан харагдсан. Э-г эхнэр нь татаж салгаад, би А-г ахаас салгаад газраас босгоод байж байтал цагдаагийн машин давхиад ирсэн. Тэгээд А, Э 2-ыг цагдаагийн машинд суулгаад намайг ахыгаа аваад эмнэлэг явж үзүүлээд, цагдаа дээр ирж уулзаарай гэсэн. Зодоон болж байхад Б өөрөө жаахан халамцуу байсан болохоор амаараа л боль гэж хэлж байснаас айхтар салгаж сүйд болоогүй. Б угаасаа тийм зодоон цохион, хэрүүл маргаанаас хол байдаг хүн л дээ. А, Э 2 бол яахав, бие биеэ өмөөрөөд л манай ах руу дайрч нүүр аманд нь ганц нэг цохицгоосон. Т ах нилээн согтуу байсан болохоор хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр жаахан эвгүй харьцсан байх, тэрийг нь Э бас буруугаар ойлгоод А-гээ өмөөрч ахыг цохисноос болоод зодоон үүсчихсэн... Т ах, А, Э нар хоорондоо дараа нь уулзаад буруу зөвөө ярилцаад учраа олсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/ гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн эргүүлийн машин ирээд А, Э 2-ыг аваад явсан. Т-н нүүр амнаас цус гарчихсан байсан. Б бид 2 Т-г аваад эмнэлэг явсан.. А, Э 2 бас нилээн согтуу байсан. Ямар ч байсан Т ахыг А, Э 2 нүүр ам, толгой түрийрүү нь гараараа хэд хэдэн цохисныг харсан. Т ах согтуу байсан болохоор бие хамгаалах юм уу эсэргүүцэх чадал байгаагүй, тэгэх ч завдал өгөөгүй дайраад байсан л даа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/16 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн тул Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.Э, Э.А нарт ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Э, Б овогт Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Э.А нарыг 600 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Э.А нарт оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Э, Э.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ         Д.Ц