Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 6570

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхон, 720 дугаар байр, 305 тоотод оршин суух Хүйцэлэг овогт Чуучааны Түвшинтөгс /Регистрийн дугаар ЖЭ80101356/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18 дугаар байр,  2 тоотод  оршин  суух  Боржигон  овогт  Самбалхүндэвийн Номин-Эрдэнэ /Регистрийн дугаар ЧЖ79072266/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Түвшинтөгс, хариуцагч С.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ч.Түвшинтөгс миний бие 2005 онд С.Номин-Эрдэнэтэй танилцаж, улмаар 2009 оны 03 дугаар сарын 11-нд гэрлэлтийн Г-696, 0116851 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 27-нд хүү Т.Эгү төрсөн болно. Бид 2009 оны хавраас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон билээ. 2014 оноос хүү маань миний асрамжинд надтай амьдрах болсон ба одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Америк-Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуульд 3 дугаар ангид суралцаж байна. С.Номин-Эрдэнэ өөр амьдрал зохиож одоо нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа юм. Бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Хүү Т.Эгүг одоо миний асрамжинд өсөж байгаагаар нь үлдээж өгнө үү. Бидэнд дундын өмчлөл, эд хөрөнгийн асуудал маргаан байхгүй болно” гэв.

Хариуцагч С.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ч.Түвшинтөгсийн нэхэмжлэлд дурдсаны дагуу миний хүү Т.Эгү нь одоогоор аавынхаа асрамжинд эрүүл бойжиж буй тул цаашид аавынхаа асрамжинд хэвээр үлдээж, Ч.Түвшинтөгс бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Бидэнд дундын өмчлөл болон эд хөрөнгийн асуудлаар маргаан байхгүй болно” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Түвшинтөгс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч С.Номин-Эрдэнэ хүлээн зөвшөөрчээ.

Зохигч болох Ч.Түвшинтөгс, С.Номин-Эрдэнэ нар 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр  бүл болсныг 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10 дахь тал/, тэдний  дундаас 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Эгү /Регистрийн дугаар УК08222713/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000977805, Г-1279 дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн 7 дахь тал/,  хүүхэд эрүүл бойжиж байгаа нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны  өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 3 дахь тал/ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 589 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2009 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү Т.Эгүг төрсөн эцэг Ч.Түвшинтөгсийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж тогтоолгох шаардлагагүй гэж зохигчид харилцан тохиролцсон тул эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

хүү Т.Эгүг төрсөн эцгийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эцэг Ч.Түвшинтөгс нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эх С.Номин-Эрдэнэд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Хүйцэлэг овогт Чуучааны Түвшинтөгс /Регистрийн дугаар ЖЭ80101356/, Боржигон  овогт Самбалхүндэвийн Номин-Эрдэнэ /Регистрийн дугаар ЧЖ79072266/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Эгү /Регистрийн дугаар УК08222713/-г төрсөн эцэг Ч.Түвшинтөгсийн  асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  70,200  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Номин-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Түвшинтөгсөд олгосугай.

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР