Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 59

 

Д.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал                     

Прокурор                                         О.Доржмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.З-, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-ийн З-д холбогдох эрүүгийн 201709000167 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я. Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн Б- овогт Д-ийн З- /РД: ********** / нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орой 19:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааннуур” хэмээх газрын орчим Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу явах засмал зам дээр “Тоёото Приус” маркийн 0528 ДАР улсын дугаартай суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, 2.3 б хэсэгт заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч В.А-ийн амь насыг хохироосон, зорчигч Б.Б-гийн биед хүнд гэмтэл, зорчигч С.У-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, иргэний нэхэмжлэгч Д.Т-ийн эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 0528 ДАР улсын дугаартай автомашинд 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.З-д холбогдох эрүүгийн хэргийн хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.З-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.З-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.З-гоос 3.661.940 төгрөгийг гаргуулан хохирогч З.Лхамсүрэнд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.З- түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Д.З-д хорих ял оногдуулахдаа хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 9.661.940 төгрөгийн хохирлоос 3.661.940 төгрөгийг төлөөгүй ба төлнө гэдгээ илэрхийлсэн нь хохирогчтой төлбөрийг хэрхэн, хэдий хугацаанд төлөх талаар зөвшилцөлд хүрээгүй учраас зөвхөн төлнө хэмээн илэрхийлснээр хохирол арилсан гэж үзэхгүй тул түүнд оногдуулах ялыг тэнсэх боломжгүй гэж үзсэн. Хэдийгээр хүний алтан амийг мөнгөөр хэмжих боломжгүй ч гэсэн Д.З-гийн зүгээс хохирлын  мөнгийг аль болох боломжоороо төлсөөр ирсэн. Хэрэгт хохирогчийн талаас оршуулгын зардал 4.600.000 орчим төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба Д.З-гийн зүгээс удаа дараа боломжоороо төлсөөр нийт 6.000.000 төгрөгийг баримтаар шилжүүлэн өгсөн.

Хэдийгээр хохирлыг төлснөөрөө хохирогчийн ар гэрийнхэний биеийн болон сэтгэлийн гомдлыг бүрэн арилгачихлаа гэж үзэх үндэслэлгүй ч Д.З-г заавал биеэр хорих ялыг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ийм учраас тогтоолд өөрчлөлт оруулан оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч Г.Амартүвшин: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогчийн хэрэгт хавсаргаж өгсөн баримтаар оршуулгын зардал 4.600.000 орчим төгрөгийн баримт байгаа бөгөөд Д.З- хэргийг шийдвэрлэхээс өмнө өөрийн боломж  бололцоогоороо 6.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүх хуралдаан дээр хохирогчийн нэхэмжилсэн 9.661.940 төгрөгнөөс үлдсэн 3.661.940 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн боловч шүүх түүнд хорих ял оногдуулсанд гомдолтой байна.  Д.З-гийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд түүний үйлдсэн хэрэгт хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Д.З- нь одоо өөрийн охины хамт амьдарч байгаа бөгөөд түүний охин Б.Алтанхараа нь сая 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амаржиж охинтой болсон. Түүний ар гэрийн амьдрал байдал болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал болон үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа байдлыг харгалзан хуульд заасан журмын дагуу тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.З-гийн үйлдсэн хэрэгт хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл  нь тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.З- нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орой 19:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааннуур” хамээх газрын орчим Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу явах засмал зам дээр 0528 ДАР улсын дугаартай  “Тоёото приус” маркийн таэврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 2 дугаар зүйлийн 2.3 б заалтуудыг зөрчсний улмаас замын хажуу руу онхолдож улмаар түүний жолоодож явсан автомашинд зорчиж явсан зорчигч В.А-ийн амь насыг хохироож, зорчигч Б.Б-гийн биед хүнд, зорчигч С.У-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, иргэний нэхэмжлэгч Д.Т-ийн эзэмшлийн “Тоёото приус” маркийн 0528 ДАР улсын дугаартай суудлын автомашинд 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.З-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.З- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.З- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр төлж барагдуулсан тухай нотлох баримтаар шүүгдэгч Д.З- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хохирогч З.Лхамсүрэнд төлөх  оршуулгын зардлын үлдэгдэл 3.661.940 төгрөгийг, хохирогч Б.Б-д эмчилгээний зардал 2.500.000 төгрөгийг тус тус төлж бүрэн барагдуулсан болох нь нотлогдсон, Д.З-гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг:

“ 2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж өөрчлөн тогтоолын тогтоох хэсгийн 3. 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Д.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Д.З-г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тухай нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ