Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0176

 

 

 

 

 

 

 

 

 

     

            “С-О” ХХК-ийн гомдолтой

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор “С-О” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийнх 18.1, 18.1.13, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Татварын ерөнхий хуулийн /2019/ 15 дугаар зүйлийн 15.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С-О” ХХК-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0291122 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Манай компанийг буруутгаж буй “М э и” ХХК-тай 2015 онд хуульд заасан аман хэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаанд шаардлагатай материалуудыг худалдан авсан. Тухайн үед худалдсан авсан бараа материалын үнийг худалдагч талд төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр төлж барагдуулсан бөгөөд хуурамчаар падаан үйлдэж худалдан авалт хийсэн мэтээр ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргаж байгаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудад “М э и” ХХК-тай хийсэн “С-О” ХХК-ийн худалдан авалт нь хууль бус бөгөөд уг үйл явдалд “С-О” ХХК буруутай, хариуцлагыг хүлээх ёстой гэсэн дүгнэлт байхгүй. Аль байгууллага төлөх талаар мөрдөн байцаалт явуулж тогтоосон зүйл байхгүй байхад “М э и” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн өр төлбөрийг манай байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар шийтгэл оногдуулахдаа улсын байцаагчийн дүгнэлтээр хуурамч падаан тараадаг гэдэг нь тогтоогдсон гэж буруутгасан. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад e-balance.mn татварын сайтад “Д-А” ХХК болон “М э и” ХХК-тай хийсэн худалдан авалтуудаа тайлагнасан гэдгээ нотлох зорилгоор үзлэг хийлгэсэн бөгөөд тус үзлэгийн тэмдэглэлээр буруутгаж буй 2015 оны падаанууд нь худалдан авалт гэсэн хэсэгт бүртгэгдэж, тайлагнасан гэдэг нь тодорхой нотлогдож байна.

Мөн хэргийн материалд “Д-А” ХХК-тай худалдан авалт хийхэд үйлдэгдэж байсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл нийт 5 ширхэг кассын орлогын ордер, бараа худалдсан падаануудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар буюу эх хувиар гаргаж өгсөн. Уг баримтуудаар буруутгаж буй 2015 оны өдрийн 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63 637 546, 04 дүгээр сарын 39 888 182 төгрөгийн худалдан авалтаар бүртгэгдсэн байдал нь бодитоор хийгдсэн гэдэг нь тодорхой нотлогдоно.

Шүүх хурал хүртэл цугларсан баримт дунд ээлжит татварын хяналт шалгалтын тайланд уг баримтууд байгаагүй гэдгийг нотлох баримт байхгүй бөгөөд энэ байдлаа зөвхөн аман байдлаар хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарладаг.

Түүнчлэн уг хэргийн материалд “Д-А” ХХК нь хуурамч падаан тараадаг байсан талаар эрх бүхий байгууллагаар эцэслэн тогтоосон зүйл байхгүй атал зөвхөн мэдээллийн чанартай зүйлийг үндэслэл болгон манай компанитай хийсэн ажил үйлчилгээг хууль бус гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ийм учраас татварын хяналт шалгалтаар “Д-А” ХХК-тай хийсэн худалдан авалтыг анхан шатны баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэг зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдох бүхий баримтуудыг уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хариуцагч талын эрх ашиг, гаргасан шийдвэрийг шалтгаангүйгээр илтэд зөвтгөсөн шийдвэр гаргасан байгаад гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “С-О” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0291122 дугаартай шийтгэлийн хуудсаар “Татвар ногдох орлогоо бууруулсан” зөрчил гаргасан нь тогтоогдож байна хэмээн 37171811.40 төгрөгийн нөхөн татвар, 11151543.50 төгрөгийн торгууль, 7434362.40 төгрөгийн алданги, нийт 55757717.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...“М г э” ХХК болон “Д-А” ХХК-уудтай холбогдох журмын дагуу эрх зүйн харилцаанд оролцож, худалдаа хийсэн” гэж тайлбарлан маргажээ.

Тодруулбал, ““М э и” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 96363637 төгрөгийн, “Д-А” ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 63637546 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 39888182 төгрөгийн худалдан авалт хийсэн” хэмээн маргаж, үүнийхээ хүрээнд давж заалдах гомдол гаргасан байна.  

 

1/ Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд “М э и” ХХК-ийн захирал Р.Б нь 2015-2016 онуудад олон тооны аж ахуйн нэгжүүдэд “... бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон” болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандаж, “...“М э и”ХХК-ийн гаргасан” зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэний дагуу, Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн татварын хэлтэст хандан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн, “М э и”-аас “хий бичилттэй” нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад гомдол гаргагч “С-О” ХХК багтсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бараа материал борлуулсан гэх “М э и” ХХК-ийн захирал Р.Б нь “ямар нэг борлуулалт хийгээгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн” үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор тогтоогдсон байх тул “С-О” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “М э и” ХХК-аас худалдан авсан гэх 96363637 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй бөгөөд бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан” гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Гомдол гаргагч “С-О” ХХК нь “... “Д-А” ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0016028381 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 63637546 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0016028411 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 39888182 төгрөгийн худалдан авалт хийсэн” гэх боловчС-О” ХХК-аас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотлох санхүүгийн анхан шатны баримт болох “төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, дансны дебет, кредитийн бүртгэл” гэх зэрэг баримт байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул “нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн” бараа худалдан авсан гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

Гомдол гаргагчийн “... “Д-А” ХХК-тай худалдан авалт хийхэд үйлдэгдэж байсан орлогын ордер, бараа худалдсан падаануудыг эх хувиар нь гаргаж өгсөн ... анхан шатны шүүх эдгээр хэргийг шийдвэрлэхэд чухал, ач холбогдол бүхий баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь дээрх баримтуудыг татварын хяналт шалгалт хийх үед гаргаж өгөөгүй, хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй баримтыг маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “шүүхэд эх хувиар гаргаж өгсөн кассын орлогын ордер, зарлагын баримт нь “Д-А” ХХК-аас бодитоор худалдан авалт хийгдсэн гэдгийг нотолно” гэж тайлбарлан маргах боловч уг хэрэгт авагдсан “Д-А” ХХК-ийн дугааргүй кассын орлогын ордер болон зарлагын баримтууд нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадахгүй бөгөөд санхүүгийн бусад баримтаар давхар нотлогдох учиртай.

Түүнчлэн гомдол гаргагчаас “Д-А” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр бараа материал худалдан авч, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 63637546 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 39888182 төгрөгийн гүйлгээг хийсэн гэдгээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр бараа материал худалдан авснаа нотолж чадаагүй энэ тохиолдолд заавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэм бурууг тогтоосон байхыг шаардахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН