Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00426

 

“Б А Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01697 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2378 дугаар магадлалтай,

“Б А Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

“А Э У”ХХК-д холбогдох

Урьдчилгаа төлбөр болох 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, түүний өмгөөлөгч Ц.Одмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанхундага, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд нийт 50 000 куб метр шавар худалдан авахаар 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ВА.2012/177 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн. Гэвч мөнгө шилжсэний дараа “А Э У” ХХК нь гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй тул гэрээ цуцлах, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлүүлэх, хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/415 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08/314 тоот тус тус албан бичгүүдээр хариуцагч компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч уг хаяг дээрээ байхгүй гэж албан бичгүүд буцаж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бол гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүй. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэлд "шавар нийлүүлэх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байхаар нэмэлт хугацаа олгож байна. Энэ хугацаанд шавар нийлүүлэхгүй бол гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөгийг гаргуулах болно" гэсэн шаардлагыг хүргүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэх хуудсанд гэрээнээс татгалзаж байна. Урьдчилгаанд авсан 200 000 000 төгрөгийг буцаан шилжүүлнэ үү" гэсэн шаардлагыг хүргүүлсэн байдаг. Энэ шаардлагыг хүргүүлснээр талуудын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа болгож шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хариуцагч талд үүссэн. Энэ үүргийг биелүүлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэрээнээс татгалзсан учир урьдчилгаанд өгсөн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б А Э” ХХК нь өөрсдөө судалгаа хийлгэж нөөцийг нь тогтоосон, ашиглах тусгай зөвшөөрөлтэй гэх Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Цогт багт байрлах 4735'24.30"Ы 9513'93"Е солбилцол бүхий газраас шавар олборлуулан, өөрийн талбайд хүргүүлэх зорилгоор “А Э У” ХХК-тай тохиролцсон 1 350 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгүүлэх гэрээ талуудын дунд байгуулагдсан. Гэрээний нэр ямар байх нь онцын ач холбогдолгүй бөгөөд хийлгэхээр зорьж буй ажлын агуулга нь гол чухал зүйл болох байх гэдэг нь гарцаагүй. Гэрээний гүйцэтгэгч тал болох “А Э У” ХХК нь гэрээний дагуу тухайн шавар олборлох газар туслан гүйцэтгүүлэгч “Норовтүн” ХХК-тай гэрээлэн 170 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж үүний дагуу тус компани олон тооны хүнд машин, механизмыг Улаанбаатар хотоос Завхан аймаг руу тээвэрлэн аваачсан боловч нэхэмжлэгчийн судалгаа хийлгэж нөөцийг тогтоосон гэх газарт гэрээний 1.1, 1.2-т заасан шаардлагыг хангасан шавар байгаагүйн улмаас нэхэмжлэгч буюу гүйцэтгүүлэгч тал татгалзаж гэрээ хэрэгжих боломжгүйд хүрч ихээхэн хэмжээний зардалд урьдчилгаа 200 000 000 төгрөг зарцуулагдсан. Ийм ч учраас “Б А Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргалгүй 3 жил явж ирснээс тодорхой харагдана. Тухайн үед “Б А Э” ХХК-ийн захирал н.Энхтүвшин, Дэвид, Боб нар нь орчуулагчийнхаа хамтаар байлцаж нөхцөлд байдлыг хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг асуудал үүсээгүй бөгөөд арга ядахдаа манай компанийн зүгээс “Усны Эрчим” ХХК-тай холбогдон уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай шаврын найрлага хангаж буй эсэхийг тодорхойлуулахад хангахгүй болохыг тогтоож, байгаль орчинд төдийгүй хүн, мал, амьтанд сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байсан. Тус компани нь Шаврын орд түүний нөөц, шаврын чанар стандартын талаар “Б А Э” ХХК-ийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шиг ашигт малтмалын өмчлөгч биш, 6 дугаар зүйлд заасан шиг тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шиг эрхийн доголдолгүй эд зүйлийн худалдагч байх ямар ч боломжгүй юм. Харин тус компани нь өөрөө уул уурхайн ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулдаг маш тодорхой. Тус компани нь өөрсдийн хийвэл зохих үүрэг хариуцлагаа биелүүлээгүй ихээхэн хэмжээний зардлыг биднээр гаргуулчихаад түүндээ тус компанийг буруутган ажил гүйцэтгээгүй гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний 6.4-т “... зэрэг аль нэг талын хүсэл зоригоос гадуур аливаа үйл явдлаас үүдэн энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдсон тохиолдолд тухайн талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд аль ч тал нөгөө талынхаа өмнө үүрэг хүлээхгүй" гэж тодорхой тохиролцсон. “Б А Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж үүрэг гүйцэтгэх боломжгүй болж, үүрэг гүйцэтгэгч өөрөөсөө маш их зардал гарган хохироод байсан тул нэхэмжлэгчээс гэрээтэй холбоотой зардлыг барагдуулахыг шаардсан боловч барагдуулахаас татгалзаж, холбоо тасарсан. Энэ гэрээ нь 300 000 000 төгрөгийн үнэтэй гэрээ юм. Би гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлэхийн тулд аж ахуй нэгжтэй гэрээ хэлцэл хийж, том тоног төхөөрөмжөө олж Дөрвөлжин сум руу явуулсан. “Б А Э” ХХК-иас зааж өгсөн газарт хэрэгтэй шавар нь байгаагүй. Надад тухайн үед хийсэн ажлыг баталгаажуулсан фото зургууд байна. Би гэрээний үүргээ биелүүлэхээр удаа дараа хөдөө орон нутаг руу явсан. “Б А Э” ХХК-иас зааж өгсөн газарт 100 метр байхаас 50 метрийн авна гэсэн боловч тийм зүйл байгаагүй. Энийг “Б А Э” ХХК-ийн гадаад захирал болон Монгол захирлууд бүгд мэдэж байгаа. Чанартай шавар байхгүй болохоор бид нар хуралдаад Яруу суманд очиж шинжилгээ хийлгэсэн. Би гэрээний дагуу ажлаа хийсэн. Зааж өгсөн шавар нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар уг компанид мэдэгдэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь урьдчилгаа 200,000,000 төгрөгөөс гадна надаас нэмж мөнгө гарсан байгаа. Гэтэл 3 жилийн дараа шүүхэд хандан 200 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б А Э” ХХК-ийн хариуцагч “А Э У” ХХК-иас урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б А Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2378 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 1 157 950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, түүний өмгөөлөгч Ц.Одмаа нар хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Талууд 2012 оны 8 сарын 31-ний өдөр байгуулагдсан ВА2012/177 дугаартай “Шавар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон ч хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуульд нийцэхгүй байна. Магадлалд “...нэхэмжлэгч нь үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдснийг шүүх “...үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэх Иргэний хуулийн 225.4.3-т зааснаар тайлбарлан дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй байдалд нэхэмжлэгч буруутай болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзэхээр байна. “...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэвч тус Магадлалаар хариуцагч талын татгалзалтай холбоотой шинэ нотлох баримт шаардлагатай гэсэн утга бүхий дүгнэлт хийж тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү иргэний хэрэг маргаан 2016 онд эхэлсэнээс хойш 2 жил орчим хугацаанд үргэлжилсэн бөгөөд уг хугацааны туршид хариуцагч идэвхтэй оролцоотой байсан тул өөрт байгаа, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн, эсхүл гаргаж өгөх боломжоо ашиглах эрмэлзэлгүйгээс ашиглаагүй гэж үзэж байна. Харин энэ хугацаанд хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах, хугацаа авах зорилгоор илтэд үндэслэлгүй хүсэлтүүд гаргаж байсныг ч мөн дурдах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт гаргах хариуцагчийн эрх зөрчигдөөгүй бөгөөд хэрэгт цугларсан баримт хариуцагчийн татгалзлыг нотлох, эсхүл нотлохгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш. Тухайлбал: хариуцагч тал урьд нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтой нотлох баримт бүрдүүлэх хүсэлтүүдээ удаа дараа шүүх хуралдааны явцад гаргаж, Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үндэслэлтэй байсан хэдий ч хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байсан. Ийнхүү хариуцагч талын нотлох баримт гаргах эрх бүрэн хангагдсан байсан бөгөөд энэ эрхээ ч хэрэгжүүлж холбогдох баримтуудаа гаргасан байдаг. Харин хариуцагчийн шүүхэд гаргасан баримтуудаар түүний татгалзал нотлогдох эсэх нь тухайн зохигчоос хамаарах бөгөөд Шүүх энэ асуудалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, 6 дугаар зүйл, 25.2.2, 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөндлөнгийн байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын хүсэлт санаачилгын үндсэн дээр явагдах (диспозитив) үндсэн зарчмын дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлыг нотлох шинэ баримт шаардлагатай гэсэн утга бүхий тайлбар хийж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэж, нотлох баримтуудыг үнэлж, улмаар хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байгаа талаар дүгнэлт хийснээс үзэхэд энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан болох нь мөн харагдана. Эндээс товч дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд төлсөн 200 сая төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тус мөнгийг буцаан өгөхгүй байх татгалзлаа баримтаар нотлоогүй буюу гэрээ болон Иргэний хуулийн 225.1, 205.1 дэх хэсгийн дагуу тус урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 2378 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б А Э” ХХК нь хариуцагч “А Э У”ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Магадлалыг хэвээр үлдээж, харин “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв. Магадлалд заасан эрх зүйн зарим дүгнэлтийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулах... гэсэн бол хариуцагч нь  маргаж “...нэхэмжлэгчийн зааж өгсөн газраас чанарын шаардлага хангасан шавар гараагүй тул нийлүүлэх боломжгүй байсан..., шавар олборлохдоо шилжүүлсэн мөнгийг бүрэн зарцуулсан...” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд хариуцагч “А Э У”ХХК нь ...50 000 куб.м шаврыг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэх, нэхэмжлэгч “Б А Э” ХХК нь нийт 1 350 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн тохиролцоо тусгагдсан байна.

Зохигч талууд өөрсдийн байгуулсан гэрээний харилцааг худалдах худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ гэж маргасан байхад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  талууд маргаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бодит баримтад нийцээгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нь шаврыг олборлож нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үйл баримт тодорхой боловч шавар олборлох газрыг нэхэмжлэгч зааж өгсөн эсэх, хариуцагч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай тусгай зөвшөөрлийг гэрээ байгуулснаас хойш эрх бүхий этгээдээс авахдаа нэхэмжлэгчийн хамааралтай хуулийн этгээд гэх “QGX” ХХКомпанийн захиалгаар     Завхан аймгийн Дөрвөлжин сум орчимд явуулсан геофизикийн судалгааны ажлыг үндэслэсэн эсэх, шаврын чанарын шаардлагыг хариуцах явдал зөвхөн хариуцагчийн үүрэг байсан эсэх, шавар олборлох ажилд урьдчилгаа төлбөр бүрэн зарцуулагдсан эсэх, чанарын шаардлага хангахгүй шаврын нөөц байхгүй явдалд хэн буруутай зэрэг ач холбогдол бүхий асуудлаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй тул зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, талуудын биелүүлбэл зохих үүргийг дүгнэх боломжгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Түүнчлэн магадлалд заасан МПЭ ХХК-ийн 2011 онд гаргасан Завхан аймаг Дөрвөлжин сум орчимд явуулсан Геофизикийн судалгааны ажлын товч тайлбарт дурдагдсан газрын байршил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралтай, шавар олборлох байршил бүхий газар эсэх, мөн Усны эрчим хүч ХХК-ийн шаврын материалаас авсан хөрсний шинжилгээний материал хүлээлцсэн акт гэх баримт нь 2017 онд үйлдэгдсэн байх тул гэрээний хугацаанд хамаарах эсэх асуудлыг тодорхой болгох нь мөн ач холбогдолтой байна.

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх шаардлагатай байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2378 дугаар магадлалыг хүчингүй хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

     ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА