Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         01         03                                       2020/ШЦТ/26

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Г.Сундуй,

Шүүгдэгч, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч, хохирогч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Н.Э, Б.У нарт холбогдох 1909046131556 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д цахилгааны багийн ахлах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж, 81в-42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Н-ын Э,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамж, 1115 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 11-485б тоотод түр оршин суух хаягтай, Б овогт Б-ийн У,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд иргэн Б.У маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.У нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд иргэн Н.Э-тай маргалдаж улмаар нүүр, баруун чихэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр мэдүүлэх зүйл байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд иргэн Б.У-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Яллагдагч Б.У нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд иргэн Н.Э-тай маргалдаж улмаар нүүр, баруун чихэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “... 12 сарын 09-ний өдөр 21 цагийн үед ажлаа тараад найзуудын шинэ жил тэмдэглэх гээд талбайн урд зүүн талын Сентоза гэх караокед найзуудын хамт орсон. Тэнд үйлчлүүлж байгаад 00 цагийн үед тараад тагбай дээр зургаа авахуулах гээд ирсэн. Зургаа авахуулаад зогсож байтал талбайн урд талын машины зогсоолын зүүн талын хаалт хаалттай байсан. Тэгсэн чинь тэр хаалтыг машинтай хэдэн залуучууд хаалтыг нь өөрсдөө өргөөд гарч байхаар нь манай нөхөр ингэж болохгүй залуучуудаа гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм, ингээд гарчихдаг юм гээд 3 залуу буугаад ирсэн. Тэгээд маргалдсан чинь чи юу юм бэ, гээд хар нэхийтэй залуу манай нөхөр лүү дайраад байсан. Тэгэхээр нь би бодоо больцгоо, та нарын буруу гээд тэр залууг цааш нь түлхсэн чинь шууд миний нүд рүү маш хүчтэй гараараа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,/хх-4/,

 

шүүгдэгч Н.Э-ны мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “... 12 сарын 09-ний өдөр 23 цагийн үед Сентрал таурын 4 давхарт найз нарын
хамт хоол идэнгээ архи уусан. Тэгээд 00 цагийн үед гараад Б-гын машин
талбайн урд талын төлбөртэй зогсоол дээр байсан. Бүгд архи уусан учир
дуудлагын жолооч дуудсан, жолооч ирээд гарах гэсэн чинь 2 хаалга хаалттай
байсан. Гарах гэж 2 удаа 2 тал руу явсан... Тэгээд зүүн талын хаалтыг нь өргөөд
гарах үйлдэл хийсэн чинь цаана зогсож байсан нэг залуу та нар ингэж болохгүй
гэж хэлэхээр би чамд хамаагүй, чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид
хоёр маргасан. Тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс гараад ирсэн. Тэгтэл нэг
эмэгтэй нь шилэн хүзүүнээс доош татаад хажуу талаас гараараа баруун талаас
чих, нүд, хамар луу 2-4 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Би зөрүүлээд зүүн нүд
рүү 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-6/,

гэрч Э.О-гийн “... Зургаа авахуулаад зогсож байтал талбайн урд талын машины зогсоолын зүүн талын хаалт хаалттай байсан. Тэгсэн чинь тэр хаалтыг машинтай хэдэн залуучууд хаалтыг нь өөрсдөө өргөөд гарч байхаар нь би ингэж болохгүй залуучуудаа гэж хзлсэн чинь чамд ямар хамаатай юм, ингээд гарчихдаг юм гээд 3 залуу буугаад ирсэн. Тэгээд маргалдсан чинь чи юу юм бэ гээд хар нэхийтэй залуу над руу дайраад байсан. Тэгтэл манай эхнэр ирээд одоо больцгоо, та нарын буруу гээд тэр залууг цааш нь түлхсэн чинь шууд нүд рүү нь гараараа цохисон. Тэгээд тэр залуу зугатаасан..." гэх мэдүүлэг, /хх-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 126 дугаартай дүгнэлт “...Б.У-гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-12-13/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 122 дугаартай “...Н.Э-ны биед тархи доргилт, хэнгэрцэг хальсны цоорол, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-19-20/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Н.Э, Б.У нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

 

Иймд Н.Э, Б.У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.   

 

Н.Э, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Э, Б.У нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э, Б.У нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Э, Б.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хэн алинаасаа нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.