| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0023/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 25
2020 01 03 2020/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Х.Н., түүний өмгөөлөгч С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н.т холбогдох эрүүгийн 1909002341354 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 6 аав, ээж, 2 дүү, охин нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 6 дугаар гудамжны 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Хашчулууны Н. РД:СЮ98122405
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.Н. нь үргэлжилсэн үйлдлээр Брэнд шоп /Brand shop/ гэсэн нэртэй фейсбүүк цахим хуудсанд “Куртик захиалга авна, хямдарсан байгаа 7-10 хоногийн хугацаанд ирнэ, урьдчилгаа 50 хувийг эхний ээлжид авна” гэх зар байршуулж өөрийнхөө Х Х /H H/ гэсэн фейсбүүк хаягаар Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Налайх, Чингэлтэй дүүргүүд болон Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Орхон аймгийн нутаг дэвсгэрүүдэд оршин суудаг Б Ганцэцэг, С.Нямцэрэн, Н.Ч, Э.М, Б.Г, Ч.Д, Н.Б, Э.Н, П.П, Э.Б, А.С, У.У, М.Х, Э.Д, М.Б, Б.Б, Э.Б, Г.А, Т.Х, Д.Э, Т.О нарын нэр бүхий 21 хохирогчтой цахим хэрэгсэл ашиглан харилцаж, куртик захиалгаар авч ирж зардаг мэтээр итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 488.000 төгрөгийг Хаан банкны 5407117558 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Х.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бүгд үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Прокурорын саналыг хүрээнд ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Х.Н. нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр охиндоо өвлийн хүрэм авахаар хайж байтал охин Эрдэнэсувдын ангийн хүүхэд О-ийн ээж М гэж эмэгтэй фейсбүүк хуудсанд Brand shop/ брэнд шоп/ гэсэн худалдааны хуудас байдаг юм байна лээ H h/ Х х/ гэсэн нэртэй хүнтэй холбогдоод куртик үзэж байгаад захиалж болдог юм гэхээр нь H h/ Х х гэсэн профайл нэртэй хүнтэй харилцаж байгаад 2 өвлийн хүрэм захиалж авахаар болж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5407117558 дугаарын дансанд 38.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн юм. Тэгтэл 7-10 хоногийн дараа ирнэ гэж байсан хэдий ч эргэж холбогдолгүй намайг залилсан, ...миний хувьд цаашид гаргах ямар ч санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-24-25/,
Хохирогч С.Н “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барс захын Ц-З-р павильонд сууж байгаад гар утсаараа фейсбүүк рүү орж H H гэсэн профайл хаягтай хүнтэй чат бичиж байгаад 40.000 төгрөгийн үнэтэй куртикнээс 2 ширхэг захиалсан. Тэгтэл 2 куртикний урьдчилгаа буюу 50 хувийг буюу 40.000 төгрөгийг над руу шилжүүлчих гээд Хаан банкны 5407117558 гэсэн дансны дугаар өгсөн. Уг данс руу би өөрийнхөө утаснаас мобайл банкаар өөрийнхөө 5025605672 гэсэн данснаас 2 ширхэг куртикний урьдчилгаа 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 7-10 хоног боллоо ямар ч хариу өгөөгүй, нөгөө фейсбүүк хаяг руу нь чат бичих гэтэл намайг нэвтрэх боломжгүй болгочихсон байсан. би 40.000 төгрөгөө буцаан дансаар шилжүүлэн авч хохирлоо бүрэн барагдууллаа. миний хувьд цаашид гаргах ямар ч санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-141/,
Хохирогч Н.Ч.ийн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 64 дүгээр гудамжны 910-а тоот гэртээ сууж байгаад гар утаснаасаа олон куртикний зураг болон үнийн дүнг тавьчихсан нэг хаяг руу орсон. Тэгээд уг хаяг руу 1 ширхэг куртик захиалья гэж чат бичсэн чинь өөдөөс куртик 38.000 төгрөгөөр ирнэ, урьдчилгаа 25.000 төгрөгөө өгвөл захиалга баталгаажна гэсэн. Тэгээд би өөрийн гар утасны интернэт банкнаас 5407117558 тоот данс руу куртикний урьдчилгаа болох 25.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед дансны эзэмшигч нь Н гэж гарч ирсэн. Ер нь бол 9-14 хоногт ирнэ гэсэн боловч 7 хоногийн дараа асуух гээд чат бичтэл блок хийчихсэн байсан би 25.000 төгрөгөө буцаан дансаар шилжүүлэн авч хохирлоо бүрэн барагдууллаа. Миний хувьд цаашид гаргах ямар ч санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-156-157/,
Хохирогч Э.М-ны “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гар утсаараа фейсбүүк рүү орж байгаад куртик худалдаална гэсэн хаягтай цахим хуудас байсан. үүнийг үзэж байгаад 1 ширхэг куртик худалдан авахаар болж куртикний урьдчилгаа болох 20.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8-р хороо Амгалан Өртөөний хажууд байрлах Хаан банкны АТМ-нээс шилжүүлсэн. Тус фейсбүүк хаягийг нь одоо бол санахгүй байна. Тухайн өдөр куртик авна гэж захиалга хийхдээ өөрийн нэр дээр байдаг тоот Хаан банкны данснаасаа 20.000 төгрөгийг ATM буюу бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн. Уг мөнгөө би данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэрнээс хойш захиалсан куртик маань ирээгүй, мөнгөө ч эргүүлэн авч чадаагүй. Мөнгө шилжүүлсний маргаашаас нь уг куртик зарна гэсэн хаяг нь намайг блок хийсэн байсан. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-169-170/,
Хохирогч Б.Г-ийн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 60 дугаар байрны 28 тоот гэртээ байж байгаад гар утсаараа фейсбүүк рүү орсон. Тэгсэн фейсбүүк дээр куртикний захиалга авна гэсэн хаяг байсан. Тэр куртикнууд нь маш хямдхан байсан учраас өөртөө 1 ширхэг куртик захиалахаар болж чат бичсэн Тэгсэн урьдчилгаа болох 50 хувийг шилжүүл гээд дансны дугаараа явуулахаар нь би өөрийн тоот данснаасаа toot данс pyy 17.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 7-10 хоногийн дотор куртик ирнэ, ирэхээр нь чатаар хэлье гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд хүлээгээд хэд хоносон, ахиад нөгөө хаяг руу хандах гэсэн чинь болохгүй намайг блок хийсэн байсан. Би 17.000 төгрөгөө буцаагаад авчихлаа. Миний хувьд цаашид гаргах санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-177-178/,
Хохирогч Ч.Долгорсүрэнгийн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би латинаар Долгорсүрэнгийн Доогий гэсэн хаянаас фейсбүүк рүү орж байгаад куртик худалдаална гэсэн хаягтай цахим хуудас руу орсон. H h /Х. Х/ гэсэн хаягтай байсан санагдаж байна, тэгээд 1 ширхэг өвлийн куртик худалдан авахаар бол захиалга хийсэн. Тэгээд гар утаснаасаа мобайл банк ашиглан өөрийн 0 гэсэн данснаас гэсэн данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалсан куртик маань 7-10 хоногийн дараа ирнэ гэсэн боловч заасан хугацаандаа ирээгүй. Эргээд холбогдох гэсэн чинь надад дугаараа өгөөгүй, фейсбүүк нь миний хаягийг блок хийсэн байсан учраас холбогдох ямар ч боломжгүй болсон. Шүүх хуралд орохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-199-200/,
Хохирогч Н.Б-ийн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн фейсбүүк хаягаар орж үзэж яваад куртик худалдаална гэсэн хаягтай цахим хуудсаар орж үзсэн. Тэгээд 1 ширхэг куртик худалдан авахаар болж куртикний урьдчилгаа болох 39.000 төгрөгийг гадуур явж байхдаа өөрийнхөө гар утсаараа мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тухайн үедээ өөрийн нэр дээр байдаг 00 гэсэн Хаан банкны данснаасаа шилжүүлсэн. Уг мөнгөө би 00 гэсэн данс руу шилжүүлсэн. Би 17.000 төгрөгөө буцаагаад авчихлаа. Миний хувьд цаашид гаргах санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-213-214/,
Хохирогч Э.Н-ийн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Голден Парк хотхоны 102 дугаар байрны 219 тоот гэртээ сууж байгаад гар утаснаасаа фейсбүүк цахим хуудсаар дамжуулан 1 ширхэг эмэгтэй куртикний захиалга хийсэн. Тухайн өдрөө би өөрийн 5031502792 тоот данснаасаа 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоног хүлээсэн боловч куртикээ ч аваагүй, мөнгөө ч эргүүлэн аваагүй. Тухайн үед нэг их мөнгө алдаагүй учраас тоолгүй орхисон юм. Би 20.000 төгрөгөө буцаан дансаар шилжүүлэн авч хохирлоо бүрэн барагдууллаа. Миний хувьд цаашид гаргах ямар ч санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /1-р хх-228-229/,
Хохирогч П.П-ийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
би Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 11-505 тоотод байрлах гэртээ
фейсбүүк үзэж байтал "Куртикнуудын зураг тавьсан, куртик зарна, 7-10 хоногт
ирнэ" гэсэн байхаар нь тухайн фейсбүүк хаяг руу үнэ сонирхож чат бичсэн,
тэгтэл 38.000 төгрөгийн үнэтэй куртик байгаа, урьдчилгаа 19.000 төгрөг өгөөд
захиалга чинь баталгаажна 7-10 хонгийн дотор куртик Хятадаас ирдэг юм гэж
байсан тэгэхээр би 19.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 3 хоногийн дараа нөгөө
хүний чат руу ороход намайг чат дээрээ блок хийж өөрт нь хандах
боломжгүй болгосон юм” /1-р хх-238-239/,
Хохирогч Э.Б-ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
5407117558 тоот данс руу 27.500 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг 2 ширхэг
куртик худалдан авахаар урьдчилгаа 50 хувь буюу 27.500 төгрөгийг
шилжүүлсэн боловч мөнгөө буцааж авч чадаагүй. Би фейсбүүкээр H
H /X Х/ гэсэн хаягаар куртик захиалсан. Шүүх хуралд оролцохгүй”
гэх мэдүүлэг /2-р хх-8/,
Хохирогч А.С-гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 0000 тоот данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгөөр 1 ширхэг куртик авах зорилгоор мөнгөө шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлсний дараа миний харилцаж байсан цахим фейсбүүк хаяг нь миний хаягийг блок хийсэн. Түүнээс хойш би дахин холбогдож чадаагүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /2-р хх-23/,
Хохирогч У.У-гийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 233 тоот гэртээ байж байхдаа фейсбүүкээр орж үзэж байгаад Хямдхан куртик захиалга авна, хямдарсан байгаа, 7-10 хоногийн хугацаанд ирнэ, урьдчилгаа 50 хувийг эхний ээлжид авна гэсэн зар байсан. Зарын дагуу доор нь байсан утас руу залгаж холбогдсон чинь нэг эмэгтэй хүн утас авсан, тэгээд санаа зоволтгүй 7-10 хоногийн дотор захиалга ирнэ гэж хэлсэн. Ингээд над руу явуулсан 0000 тоот данс руу нь би урьдчилгаа 20.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаа шилжүүлсэн. Ингээд эргээд ямар ч холбогдох боломжгүй болчихсон, утас руу нь залгахаар блок хийгээд хаячихсан, фейсбүүк хаягаа хүртэл хаачихсан байсан. Би 20.000 төгрөгөө буцаагаад авчихлаа. Миний хувьд цаашид гаргах санал, гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /2-р хх-40/,
Хохирогч М.Х-ийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн Макс таур гээд эгчийн ажил дээр байхдаа фэйсбүүк цахим хуудсаар дамжуулан 1 ширхэг эмэгтэй куртикний захиалга хийсэн. Тус фэйсбүүк хаягийг нь одоо бол санахгүй байна. Тухайн өдөр куртик захиалга хийхдээ өөрийн танил эгч болох О овогтой Б-ийн нзр дээр байдаг 5031306265 тоот данснаас мобайл банкийг нь ашиглан гар утсаар өөрийнхөө овог нэр болох М-н Х гэдэг нэрийг бичиж 20.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг мөнгийг би 0000 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоног хүлээсэн боловч куртикээ ч аваагүй, мөнгөө ч эргүүлэн авч чадаагүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /2-р хх-52-53/,
Хохирогч Э.Д-ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 000000000 тоот данс руу 27.500 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг 1 ширхэг куртик худалдан авах зорилгоор шилжүүлсэн боловч мөнгөө буцааж авч чадаагүй. Би фейсбүүкээр H H / Х./ гэсэн хаягаар куртик захиалсан. Уг фейсбүүк хаяг нь баахан янз бүрийн куртикний зурагтай байсан. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /2-р хх-66/,
Хохирогч М.Б-ийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Харуул Алтай хотхоны 120 дугаар байрны 60
тоот гэртээ сууж байхдаа гар утаснаасаа фейсбүүкээр орж байгаад 2 талаараа
өмсдөг куртик захиалсан. Тэгээд урьдчилгаа 50 хувиа хийж байж захиалга
баталгаажна, тэгээд 7-14 хоногийн дотор захиалга ирнэ гэж над руу чат бичсэн.
Тэгээд би 1 ширхэг куртикний урьдчилгаа болох 19.000 төгрөгийг өөрийн Хаан
банкны 00000000 тоот данснаасаа 00000000 гэсэн данс руу шилжүүлсэн.
Тэгээд 7 бил үү 10 хоногийн дараа дахиад уг хаяг руу нь чат бичих гэсэн боловч
намайг блок хийгээд боломжгүй болгочихсон байсан. Би 19.000 төгрөгөө
буцаагаад авчихлаа. Миний хувьд цаашид гаргах санал, гомдол, нэхэмжлэх зүйл
байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /2-р хх-83/,
Хохирогч Б.Б-гийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
000000000 тоот данс руу 19.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг фейсбүүкээр
куртик захиалах зорилгоор шилжүүлсэн боловч куртикээ авч чадаагүй. Тэр хүн
хэлэхдээ захиалгыг 10 хоногийн дотор орон нутаг руу хүргэж байгаа гэж хэлсэн. Уг
хүн дараа нь миний 19.000 төгрөгийг буцааж шилжүүлж өгч намайг хохиролгүй
болгосон. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /2-р хх-97/,
Хохирогч Э.Б-ийн “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би гар утсаараа фейсбүүк рүү орж байгаад куртик худалдаална гэсэн хаягтай цахим хуудас байсан. Үүнийг үзэж байгаад 1 ширхэг куртик худалдан авахаар болж куртикний урьдчилгаа болох 19.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11-р хороо Пеас Виллаж хотхоны 208-р байрны 11 тоотод байхдаа мобайл банкаар шилжүүлсэн.. Тус фейсбүүк хаягийг нь одоо санахгүй байна. Тухайн өдөр куртик авна гэж захиалга хийхдээ өөрийн нэр дээр байдаг 0000000000 тоот Хаан банкны данснаасаа шилжүүлсэн. Уг мөнгөө би 0000000000000 гэсэн данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэрнээс хойш захиалсан куртик маань ирээгүй, мөнгөө ч эргүүлэн авч чадаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-111-112/,
Хохирогч Д.Э-гийн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Д Э гэсэн фейсбүүк хаягаар брэнд шоп гэсэн хаягаар ороход малгайтай урт хоёр талаараа өмсдөг куртик 40.000 төгрөг гэж байсан би урьдчилгаа гэж 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хаягт байсан утас холбогдох боломжгүй болсон. Сүүлдээ фейсбүүк хаягаар намайг блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2-р хх-154-155/,
Хохирогч Г.А-гийн “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн А гэсэн фейсбүүк хаягаар “Брэнд шод” гэсэн хаягаар ороход хүрэн өнгийн урт куртик 40.000 төгрөг гэж байсан би тухайн фейсбүүк хаяг руу чат бичиж куртикний урьдчилгаа мөнгө гэж 20.000 төгрөг шилжүүлсэн. Би 10 хоногийн дараа тухайн хаяг руу чат бичих гэсэн боловч блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-169-170/,
Хохирогч Т.Х-ын “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхийн 1-29 тоот түрээсийн гэртээ байж байхдаа өөрийн фейсбүүк хаягаар орж байгаад куртик худалдаална гэсэн хаягтай цахим хуудсаар орж үзсэн. Одоо цахим хаягийг нь сайн санахгүй байна тэгээд 1 ширхэг куртик худалдаж авахаар болж 38.000 төгрөгийн үнэтэй куртикнээс 1 ширхгийг захиалахаар болж урьдчилгаа 19.000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн.Шилжүүлсэн 19.000 төгрөгөө буцаан авсан тул надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-184-185/,
Хохирогч Т.О-ын “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Брэнд шоп нэртэй фейсбүүк хаягт куртик зарна гэсэн зар байхаар нь худалдаж авах зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000000 дугаарын данснаас дээрх данс руу 19.000 төгрөг шилжүүлсэн. Шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-184-185/,
Хохирогч Б.Г, яллагдагч Х.Н.тэй харилцсан чат мессэжний зураг /1-р хх-26-27/,
Яллагдагч Х.Н.ийн хохирлын мөнгө төлсөн баримтууд /1-р хх-201, 243, 2-р хх-09, 24, 54, 67, 113, 156, 171, 186, 201/,
Яллагдагч Х.Н.ийн Хаан банкны 5407117558 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-97-99/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Яллагдагч Х.Н. нь үргэлжилсэн үйлдлээр Брэнд шоп /Brand shop/ гэсэн нэртэй фейсбүүк цахим хуудсанд “Куртик захиалга авна, хямдарсан байгаа 7-10 хоногийн хугацаанд ирнэ, урьдчилгаа 50 хувийг эхний ээлжид авна” гэх зар байршуулж өөрийнхөө Х. /H H/ гэсэн фейсбүүк хаягаар Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Налайх, Чингэлтэй дүүргүүд болон Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Орхон аймгийн нутаг дэвсгэрүүдэд оршин суудаг Н.Ч, Э.М, Б.Г, Ч.Д, Н.Б, Э.Н, П.П, Э.Б, А.С, У.У, М.Х, Э.Д, М.Б, Б.Б, Э.Б, Г.А, Т.Х, Д.Э, Т.О нарын нэр бүхий 21 хохирогчтой цахим хэрэгсэл ашиглан харилцаж, куртик захиалгаар авч ирж зардаг мэтээр итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 488.000 төгрөгийг Хаан банкны 0000000000 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Х.Н. нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Прокуророос Х.Н.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Х.Н. нь хохирогч нарт учирсан бодит хохирлыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг хавтас хэрэгт хавсаргасан, уг баримтад хохирлыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч нар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Х.Н.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар Х.Н.т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...600 нэгж буюу 600.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Х-ны Н.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н.ийг 600.000 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Н. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР