Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч.А-д холбогдох эрүүгийн 1919004490006 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч.А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 ны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багт хохирогч Г.Ц-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “… Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

     

Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн ах Ч.А нь манайд архи уучихсан согтуу орж ирж унтаж байгаад орой 21 цагийн үед Ч.А ахыг би гэртээ орж унт гэж хэлсэн чинь миний өөдөөс чи эд зүйлийг минь үрэн таран хийлээ гээд уурлаж босож ирээд миний зүүн нүдний хөмсөгийг баруун гараараа цохьсон. Тэгээд би эмнэлэг явж 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

           Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/03 дугаартай: “...Г.Ц-ийн биед баруун хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед Г.Ц А-ийг бос гэртээ орж унт гээд сэрээсэн, тэгсэн А согтуу хэвтэж байснаа босож ирээд Г.Ц-ийн зүүн талынх нь хөмсгөнд цохьсон, тэгээд цус гарахаар нь би дүүг нь аваад эмнэлэг орж 3-4 оёо тавиулсан...Ч.А нь бараг хөл дээрээ зогсож чадахгүй шахуу согтуу байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

    Шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Г.Ц гэртээ орж унт гээд хөөхөөр нь би уурандаа баруун гараараа Ц-ийн зүүн нүднийх нь хөмсгөнд нэг удаа цохиж хөмсгийг нь яз цохьсон юм билээ. Би өөрийн хийсэн буруу үйлдлээ ухаарч ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 44-45 дугаар хуудас/

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 ны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багт хохирогч Г.Ц-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн ах Ч.А нь манайд архи уучихсан согтуу орж ирж унтаж байгаад орой 21 цагийн үед Ч.А ахыг би гэртээ орж унт гэж хэлсэн чинь миний өөдөөс чи эд зүйлийг үрэн таран хийлээ гээд уурлаж босож ирээд миний зүүн нүдний хөмсөгийг баруун гараараа цохьсон. Тэгээд би эмнэлэг явж 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед Г.Ц А-ийг бос гэртээ орж унт гээд сэрээсэн, тэгсэн А согтуу хэвтэж байснаа босож ирээд Г.Ц-ийн зүүн талынх нь хөмсгөнд цохьсон, тэгээд цус гарахаар нь би дүүг нь аваад эмнэлэг орж 3-4 оёо тавиулсан...Ч.А нь бараг хөл дээрээ зогсож чадахгүй шахуу согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Г.Ц гэртээ орж унт гээд хөөхөөр нь би уурандаа баруун гараараа Ц-ийн зүүн нүднийх нь хөмсгөнд нэг удаа цохиж хөмсгийг нь яз цохьсон юм билээ. Би өөрийн хийсэн буруу үйлдлээ ухаарч ойлгож байна...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/03 дугаартай: “...Г.Ц-ийн биед баруун хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой . Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үгүйсгэсэн буюу эргэлзээтэй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч Ш овогт Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.А-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

            Шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын ялын саналыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст хохирогч Г.Ц нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ч.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         5. Шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА