Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 62

 

 

          

 

 

2020     01          20                                       2020/ШЦТ/62

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Н.С. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Н.С.т холбогдох 201100045067 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22-827Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Н-ийн С,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Яллагдагч Н.С. нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” зочид буудалд бусадтай архи ууж согтуурсан байх үедээ О.О-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх зэргээр зодосны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, өөр нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Н.С. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ“...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ноёд зочид буудалд Г, О нарын хамт архи ууж байгаад би О-тэй тэрэгний мөнгө болох 20.000 төгрөгөөс болж маргалдсан. Маргалдах явцдаа нэг удаа өмргөсөн, өөр асуудал байхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
  2. Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ“...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12-13 цагийн үед С. ах надруу залгаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явууллдаг “Ноёд” нэртэй зочид буудалд хүрээд ир гэж дуудсанны дагуу уулзахаар очтол уг буудалд С. ах үл таних нэг эрэгтэй хүнтэй 0.500 литрийн Хараа нэртэй нэг шил архи уугаад сууж байсан ба намайг өрөөнд ороход С. ах намайг “гаръя” гээд өрөөнөөсөө дагуулж гараад буудлын кориторт тэрэгний мөнгөнөөс болж хоорондоо маргалдан улмаар С. ах миний ам руу, толгой руу мөргөчихсөн. Одоо биеийн байдал сайн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

          3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №709 дугаартай дүгнэлтэд “... О.О-гийн биед дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 35-36/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Н.С.т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Н.С.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Н.С.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгч Н.С.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.С.ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.С.т эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.С. нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.О нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн С.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.С.т сануулсугай.

4. Н.С. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР