| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06624/и |
| Дугаар | 6624 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 6624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 21 дүгээр гудамж, 486а тоотод оршин суух Тайж овогт Цэнд-Аюушийн Пүрэврэнчин /Регистрийн дугаар АЗ57020511/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Пүрэврэнчин шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-нд Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур бригадад малчинаар ажиллаж 1992 оны 06 дугаар сарын 15-наас ажлаас гарсан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэсэн чинь Архангай аймгийн архив шүүлгэсэн чинь орсон гарсан тушаал олдоогүй, 1980-1992 оны цалингийн баримт олдсон. Хөдөлмөрийн дэвтэр дээр зураг наагаагүй, төрсөн он, сар, өдөр бичигдээгүй, нэрийг бичихдээ “Пүрэврэнцэн” гэж бичигдсэн. Энэ дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэнд-Аюушийн Пүрэврэнчин мөн бөгөөд хөдөлмөрийн дэвтэр бүрэн бөглөгдсөн тул намайг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 15 хүртэл малчнаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Пүрэврэнчин Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр зураг наагаагүй, төрсөн огноо бичигдээгүй, нэрийг бичихдээ “Пүрэврэнцэн” гэж буруу бичигдсэн, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул уг баримт бичгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт Цэнд-Аюушийн Пүрэврэнчингийн нэрийг “Цэнд-Аюушийн Пүрэврэнцэн” гэж бичсэн байх бөгөөд мөн түүний төрсөн он, сар, өдрийг бичээгүй байна. /хавтаст хэргийн 6 дахьтал/
Хүсэлт гаргагчийн нэр нь “Цэнд-Аюушийн Пүрэврэнцэн” бус “Цэнд-Аюушийн Пүрэврэнчин” болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4 дэх хуудас/
Цэнд-Аюушийн Пүрэврэнчин нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад малчнаар ажиллаж, 1980-1991 оны хооронд цалин авч байсан нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/170 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ
Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Ц.Пүрэврэнчин нь өөрийн нэрийг сольж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар талд ”Нэгдлийн даргын 1980 оны 01 сарын 15-ны өдрийн 105 тоот тушаалаар 1980.01.10 Цагааннуур бригадад малчнаар авч ажиллуулав”, “Нэгдлийн даргын 1992 оны 06 сарын 28-ны өдрийн 111 тоот тушаалаар 1992.06.25 Цагааннуур бригадын малчны ажлаас чөлөөлөв”, 4-15 дугаар талд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 09 дүгээр сарыг дуустал авч байсан цалингийн бичилт бичигдсэн байна. /хавтаст хэргийн 6-7 дахь хуудас/
Хүсэлт гаргагч Ц.Пүрэврэнчинг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад малчнаар ажиллаж байсныг гэрчлэхээр С.Батчулуун, Д.Отгонбаяр нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч С.Батчулуун “...Би Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1978 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Ц.Пүрэврэнчин нь нэгдлийн малчнаар ажиллаж байсан, нэгдэл тарах хүртэл хамт ажилласан нь үнэн”, гэрч Д.Отгонбаяр “...Би Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1979 оноос 1992 онд нэгдэл татан буугдтал малын эмчээр ажиллаж байсан. Ц.Пүрэврэнчинг нэгдлийн малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна. Бид нэгдэл тарах хүртэл хамт ажилласан” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Ц.Пүрэврэнчин нь нэрээ албан ёсоор өөрчилж байгаагүй, Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог нь таарч байгаа, түүний нэрний “ч, и” үсэг нь “ц, э” гэж буруу бичигдсэн нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэнд-Аюушийн Пүрэврэнчинг тогтоох нь зүйтэй байна. Мөн Ц.Пүрэврэнчин нь 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тайж овогт Цэнд-Аюушийн Пүрэврэнчин /Регистрийн дугаар АЗ57020511/ мөн болохыг, Тайж овогт Цэнд-Аюушийн Пүрэврэнчин /Регистрийн дугаар АЗ57020511/ нь 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР