| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05332/и |
| Дугаар | 70 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 70
Т.Сарнайцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2016/00891 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох
Гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг
Ж.Амгалан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батгэрэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг нь Д.Эрдэнэбилэгээс худалдах, худалдан авах гэрээгээр автомашин худалдан авч гэрчилгээг шилжүүлэн авсан. Машин доголдолтой байна гэхэд Д.Эрдэнэбилэг гэдэг эмэгтэй машиныг янзлуулахаар буцаан авсан байдаг. Тэгээд ор сураггүй болж машин нь ч олдохоо байсан. Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулахад Т.Сарнайцэцэгийн нэр дээрээс хэд хэдэн удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл шилжсэн байдаг. Төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж гэм хорын хохирол учирсан. Энд хариуцагч байгууллагын буруутай үйлдэл харагдаж байна. Төрийн байгууллагыг төлөөлж байгаа этгээдүүд бүрдэл материал дутуу материалыг үндэслэж шилжилт хөдөлгөөн хийсэн гэдэг нь тогтоогдож байна. Холбогдох баримтыг шаардаад байхад гаргаж өгөхгүй байна. Хууль тогтоомжид нийцүүлж ажиллаагүй нь иргэний хувийн хэргийг устгасан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт зааснаар буруугүй гэдгээ нотлохгүй, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Иймд анх автомашин худалдаж авсан мөнгө болох 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ, Ч.Батгэрэл нар тайлбарлахдаа:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайд шилжүүлсэн гэх материал нь байхгүй байгаа. Тэр автомашин 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй байна. Т.Сарнайцэцэг нь тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүн болох Д.Эрдэнэбилэгийг шүүх хуралдаанд дуудан оруулахгүй байгаа юм. Тус маркийн машин нь ашиглалтын хугацаа хэтэрсэн машин байгаа. н.Болд гэдэг хүн хэлэхдээ Д.Эрдэнэбилэг болон Т.Сарнайцэцэг нь хоорондоо хамаатан садангийн холбоотой хүмүүс гэдэг. Шүүх хуралдаанд Д.Эрдэнэбилэгийг оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайн автомашиныг сэлбэгээр худалдаалагдсан тээврийн хэрэгсэл гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Авто тээвэр үндэсний төв” ТӨҮГ-аас 95 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн машиныг хууль бус аргаар өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон буюу манай байгууллага хууль бус үйлдэл гаргасан болохыг нотлох хангалттай баримтыг шүүхэд гаргаагүй. Мөн манай байгууллагыг хууль бусаар Т.Сарнайцэцэгийн автомашиныг бусдад шилжүүлэн өгсөн болохыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас албан ёсоор тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нь хариуцагчийг татгалзлаа нотолж чадаагүй хэмээн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг нь тус машиныг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан, 5 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа боловч Т.Сарнайцэцэгийг уг машинаа 5 000 000 төгрөгөөр худалдан авсан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй, тийм баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. Манай байгууллагын зүгээс Т.Сарнайцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо шүүхэд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс зохигчдыг машины үнэ болох 5 000 000 төгрөгийн хэмжээн дээр маргаагүй тул зөвшөөрсөн хэмээн шийдвэртээ дүгнэж, уг мөнгийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь мөн л шударга бус, хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд болон шүүх хуралдаан дээр миний бие Т.Сайханцэцэгээс машин авч явсан гэх Т.Эрдэнэбилэгийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг тайлбар авахуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх миний уг хүсэлтийг хүлээн аваагүй, мөн ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй, шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгч машиныхаа асуудлаар Т.Эрдэнэбилэг гэж хүнд холбогдуулан аливаа хууль хяналтын байгууллагад хандаагүй, ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй байдаг. Энэ нь ямар нэгэн хардлага төрүүлж байгаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2016/00891 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хариуцагч байгууллага нь автомашины шилжилт хөдөлгөөн хийхдээ бүрдэл дутуу материалыг хүлээн авч шилжилтийг хийснээс болж нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн тайлбараас үзэхэд иргэн Д.Эрдэнэбилэгээс “Opel Vita” маркийн 83-23 УБӨ дугаартай автомашиныг худалдаж авсан, уг автомашиныг засаж өгөхөөр худалдагч нь авч, буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 41 тоот албан бичигт өмнөх өмчлөгчдийн жагсаалтад 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Э.Манчирт, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл С.Шинэбаярт, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Т.Сарнайцэцэг, С.Шинэбаярт, 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Т.Сарнайцэцэгт гэсэн, 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн О.Болдоо Э.Уянга нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр С.Шинэбаяр Э.Манчир нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э.Манчираас Э.Мандахд автомашин бэлэглэлийн гэрээг тус тус байгуулж, автомашин шилжсэн байдлын талаарх баримтууд авагдсан. /хэргийн 34-44 дүгээр тал/
Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д зааснаар “Автотээврийн үйлчилгээний байгууллага гэж авто тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ” гэж заасны дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь хуульд заасан чиг үүрийнхээ дагуу Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын хавсралтаар баталсан автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд заасан үйлчилгээг үзүүлдэг байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Ч.Батгэрэл нь иргэн Т.Сарнайцэцэгийн “Opel Vita” маркийн 83-23 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн О.Болдоогийн нэр дээр гар бичвэрээр шилжилт хөдөлгөөн хийж, ахлах мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ хянаж баталгаажуулсан байх боловч дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хийгдсэн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл архивын баримт бичигт болон бүртгэлийн цахим сүлжээнд бичигдээгүй талаар Автотээврийн үндэсний төвийн 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/466 тоот албан бичигт заасан байна.
Дээрх байдлаас үзэхэд Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох, журмын 3.3-д заасан “…Автотээврийн үндэсний төв нь шилжилт хөдөлгөөний бүртгэл хийж, дурьдсан материалыг өөрийн архивт хадгалах” үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Харин хариуцагч байгууллагын журам зөрчсөн дээрх эс үйлдэлтэй холбоотойгоор холбогдох дүрэм журмаа зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө устаж үгүй болсон, түүний өмчлөх эрхэд халдсан гэх шалтгаант холбоог тогтоох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж заасны дагуу хариуцлага хүлээхийн тулд уг байгууллагын албан тушаалтан албан үүргээ зөрчсөн эс үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байх учиртай.
Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан автомашины доголдлыг арилгахаар уг автомашиныг худалдсан иргэн буцаан авч явсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Төрийн албан хаагчийн буруутай эс үйлдэлтэй холбогдуулан гэм хорын хохирлыг төрийн байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан байхад гэм буруутай этгээдээр гэм хорыг арилгуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болохыг дурьдах шаардлагатай.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны 181/ШШ2016/00891 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн хариуцагч “Автотээвэр үндэсний төв” ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнийн төлсөн 95 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО