Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 668

 

Б.Мад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Баярхүү,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Отгончимэгийн бичсэн эсэргүүцлээр Б.Мад холбогдох 201726030435 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаан хүрэмт овогт Баасанжавын Мөнхбат, 1967 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн 06 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: _____/,

Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр:

Б.М нь ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 6-159а тоот өөрийн гэртээ агсам тавьж, эхнэр Ц.Д-г хэл амаар доромжилж, ална, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэсэн,

Мөн эхнэр Ц.Дг байнга бусадтай хардаж, дарамтлан зодож, улмаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой “ажлаасаа оройтож ирлээ, ямар их хүлээлгэдэг юм” гэх шалтгаанаар түүнийг газар унаган толгой, нүүрэн тус газар нь олон удаа хөлөөрөө дэвсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам тавьж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, ална гэж айлган сүрдүүлсэн зэргээр хохирогч Ц.Дг байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Мад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор В.Отгончимэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мад холбогдох хэргийг хянан хэлэлцээд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна. Б.Мын үйлдсэн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялын төрлөөс баривчлах ялыг хассан нь Б.Мыг баривчлах ялаас чөлөөлөх үндэслэл болж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор В.Отгончимэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, эсэргүүцэлд бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.М нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой “ажлаасаа оройтож ирлээ, ямар их хүлээлгэдэг юм” гэх шалтгаанаар эхнэр Ц.Дг газар унаган толгой, нүүрэн тус газар нь олон удаа хөлөөрөө дэвсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам тавьж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, ална гэж айлган сүрдүүлсэн Ц.Дг байнга бусадтай хардан зодож, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Дгийн “... Би нөхөр Б.Мтай гэр бүл болоод 33 жил болж байна. Б.М нь сүүлийн жилүүдэд архи уухаараа бид нарт агсам согтуу тавьж, намайг зодож цохих болсон. Энэ үйл явдал нь хэрээс хэтэрч 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой ажлаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд Б.М “... чи ямар орой ирдэг юм бэ, намайг автобусны буудал дээр ямар удаан хүлээлгэдэг юм, би чамайг 1 цаг 30 минут хүлээлээ...” гэж хэлээд, гэртээ оруулж байгаад газарт унагаан нүүрэн дээрээс хөлөөрөө удаа дараа дэвсэж, миний биед гэмтэл учруулсан. Ингээд гэрт байсан охин Циенханд салгах гэтэл охиныг минь цохисон. Тэгээд би газраас босож, Циенхандтай илбэж байж арай гэж зогсоогоод гарч зугтаагаад гудамжны үзүүрт очиж, хүнээс гуйж байгаад цагдаа дуудсан. Миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, толгой тархи өвдөж хамаг бие хөндүүртэй байна...” /хх-14/,

“... Б.М өмнө нь хардах зангаас болж намайг зоддог бөгөөд архи уух болгондоо надад гар хүрдэг байсан, энэ байдал нь нилээн даамжирсан бөгөөд сүүлдээ 7 хоногт 3 удаа зодох үе гардаг байсан. Зодохдоо биеийн ил харагдах хэсэгт гар хүрдэггүй, далд хэсгүүдэд цохиж гэмтэл учруулдаг, тухайн үед цагдаад хандах гэсэн боловч охид маань жаахан байсан, Б.Маас салаад хэдэн хүүхдээ өнчрүүлээд яах билээ гээд тэвчиж энэ хүнийг давраасан юм. Манай ажил орой 18 цагийн үед тардаг бөгөөд Багшийн Дээдийн буудлаас гэр лүү явахдаа автобусаар ойролцоогоор 2 цаг түгжирч яваад ирэхэд “чи хэнтэйгээ хаана явалдаж яваад ирэв” гэж мөн л хардалтын улмаас зодсон...” /хх-15/,

Гэрч М.Х-н “... Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байгаагүй, орой хэрүүл, маргаан дууссаны дараа ирсэн бөгөөд намайг ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Аав ээжийг оройтож ирлээ гэх шалтгаанаар уурлаж зодсон талаар эгчээсээ сонссон. Аав маань архи уучихдаг, уухаараа нилээн агсам зантай, уух болгондоо ээжид агсам тавьж, заримдаа гар хүрдэг байсан. Ингэхдээ гараараа цохиж гэмтээдэг, хөлөөрөө өшиглөж нилээн ширүүн байдаг байсан...” /хх-17-18/,

Гэрч М.Ц-н “... 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын үед ээжийг ажлаасаа ирэхэд аав “гадаа 2 цаг орчим хүлээлээ, гадуур тэнэлээ, хэнтэйгээ явалдаж яваад ирэв...” гээд зодсон. Тухайн үед ээжийн нүүр лүү гараараа цохиж дараа нь газар унагааж нүүр лүү нь нилээн олон удаа дэвсэх үед би болиулах гэж хичээгээд арай гэж ээжийг босгоод гаргаж зугтаалгасан бөгөөд намайг нэг удаа цохисон. Тэр үед нь толгой эргэсэн боловч удалгүй зүгээр болж, гэрээс гараад аавыг зугтаалгахгүй гээд гаднаас нь цоожлоод байж байх үед ээж гудамжинд гарч тусламж гуйн цагдаад дуудлага өгсөн...” /хх-20-21/,

Гэрч Б.М-н “... 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагийн үед ах Б.Мын хөргөгчинд мах хийхээр гэрт нь ороход Б.М нь байхгүй, цагдаагийн газар саатуулагдсан, харин эхнэр Ц.Д, охин Б.Ц 2 нь байсан бөгөөд эхнэрийнх нь нүүр хавдартай, хөхөрсөн толботой харагдахаар нь юу болсон талаар асуухад ах Б.М нь эхнэрээ оройтож ирлээ гэх шалтгаанаар зодсон байсан...” /хх-23-25/,

Гэрч З.Б-н “... Б.М нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архидан согтуурч, эхнэр Ц.Дд агсам тавьж, хэл амаар доромжилж, ална, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлж жижгээр танхайрсан учир 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 9 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 30 хоног баривчилсан. Б.М нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн, мөн захиргааны хяналтад байх хугацаа дууссаны дараа 2016 оноос хойш дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авсан. Мөн орчиндоо түгшүүр төрүүлдэг иргэдийн судалгаанд бүртгэлтэй байдаг юм...” /хх-30-31/,

Б.Мын сэжигтнээр өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой эхнэрээ тосох гээд 19 цагийн үед автобусны буудал дээр очиж 1 цаг орчим хүлээсэн боловч эхнэр маань ирээгүй. Гадаа нилээн сэрүүн байсан учраас даараад, би гэртээ харьсан. Тэгээд эхнэр Ц.Дг 21 цагийн үед ирэхэд нь би “... чи ямар орой ирдэг юм бэ...” гэхэд, “...чамд ямар хамаатай юм...” гээд гипсдэж боосон, хугархай гар луу сандалаар цохиод хөндчихөөр нь гэнэт уур хүрээд зүүн гараараа нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж, газар унагаагаад нүүрэн дээрээс нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгтэл нүүрээ дараад хэвтчихсэн ба манай том охин татаж чангаагаад намайг салгасан. Тэгтэл манай эхнэр зугтаачихсан. Би араас нь татах үед хөхний даруулга нь тасраад тэр чигтээ гараад зугтаачихсан. Манай охин гэрт байсан цоожийг аваад намайг гаднаас түгжээд цагдаа дуудсан...” /хх-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Дгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34/, Б.Мад холбогдох гомдол мэдээлэл, зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-9-12/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-60-61/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-63-67/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль нь Б.Мын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул тус хуулийг буцаан хэрэглэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын төрлөөс “баривчлах” ялын төрөл хасагдсан, уг ялыг шинээр тогтоосон ялд дүйцүүлэх зохицуулалт байхгүй тул анхан шатны шүүх Б.Мыг баривчлах ялаас чөлөөлөх байтал тодорхой дэглэм бүхий байранд уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Б.Мад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлах байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул зөвтгөх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.М-ын “...ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 6-159а тоот өөрийн гэртээ агсам тавьж, эхнэр Ц.Дг хэл амаар доромжилж, ална, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн” гэмт үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 9 дүгээр шийтгэврээр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан, тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад прокуророос тус үйлдэлд нь дахин ял шийтгэл оногдуулахаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг зөрчиж байх тул Б.Мын тус үйлдлийг хэрэгсэхгүй болгов.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 - 2 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн,

- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар прокурорын баталсан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд заасан Б.Мын гэмт үйлдлүүдээс “Б.Мын ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 6-159а тоот өөрийн гэртээ агсам тавьж, эхнэр Ц.Дг хэл амаар доромжилж, ална, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн” үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Мад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй...” гэснийг,

- 5 дахь заалтын “... Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Б.Мыг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                         Д.ОЮУНЧУЛУУН