Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0193

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, М.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Б-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 47 дугаар зүйлийн 47.1.2, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг тус тус баримтлан иргэн Р.Б-ээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад холбогдуулан гаргасан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч нэхэмжлэгчийн тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байхад өөр албан тушаалд томилж нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсныг шүүх анхаарч үзээгүй. ... Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт гарах үед ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ажил үүргээ тасралтгүй биелүүлж байсан, хариуцагч хуульд заасан чиг үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй.

Цэргийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцааг зохицуулахад чиглээгүй, ... илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулиар тогтоосон нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй, ... маргаан бүхий тушаал нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Шүүх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа нь нэхэмжлэгчид хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Б-ээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Р.Б Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ар талын тасгийн хүнс, хувцасны офицероор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан төрийн тусгай буюу жинхэнэ албан хаагч байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн болон цэргийн жинхэнэ албанаас нас харгалзахгүйгээр халахаар зохицуулжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Үүнтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д зааснаар Р.Б-тэй биечлэн уулзаж, сонсох ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудас”-аар[1] цэргийн албанаас халах тушаалын төслийг ахмад, Р.Б-д танилцуулсан, улмаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн материал хангалтын офицер, ахмад Р.Б-ийг маргаан бүхий захиргааны актаар цэргийн жинхэнэ албанаас халж, цэргийн ахмад цолыг хураасан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т тус тус нийцжээ.

Хариуцагч албан тушаалтан Р.Б-д төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар буюу тухайн асуудлыг зохицуулсан сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор сахилгын шийтгэл ногдуулаагүй байна. Иймд энэ талаарх “хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзаагүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Р.Б Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 /Офицер, ахлагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтлан албан тушаалд томилно/-д заасан офицерийн цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэн цэргийн албанд офицероор томилогдсон цэргийн алба хаагч тул түүнийг цэргийн албанаас халахтай холбоотой харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахгүй.

Нэгэнт Р.Б Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан төрийн жинхэнэ албанаас халах нөхцөл байдал үүссэн энэ тохиолдолд нэхэмжлэгч мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлэх учиртай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/272 дугаар албан бичгээр ирүүлсэн “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаас хорихоос өөр төрлийн албадлагын арга хэмжээ авагдсан талаарх судалгаа”-нд нэхэмжлэгчийн овог зөрүүтэй, тухайн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч албан тушаалтан хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцсэн тул энэ талаар “шийтгэх тогтоолд заасан 1 жил тэнсэн харгалзах хугацаа дуусгавар болсноос 4 сарын дараа ажлаас халсан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

[1] Хэргийн 27 дахь тал.