| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0085/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 79
2020 01 27 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхжин,
улсын яллагч: Н.Түвшинбаяр,
хохирогч Л.Б,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч Б-д холбогдох эрүүгийн 1909012181468 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүн-говь суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн баяжуулалт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг гудамжны 6-230 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч Б,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 518 дугаар байрны 66 тоотод өөрийн төрсөн ахын хүүхэд Б.Ц-г нөхөр Л.Б-с өмөөрч “Дүүг маань доромжилж гэртээ хүүхэн авчирсан” гэх шалтаг шалтгааны улмаас нүүр, нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б “... Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, шүүгдэгч Ч.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3726 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/, Ч.Б-н хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 518 дугаар байрны 66 тоотод өөрийн төрсөн ахын хүүхэд Б.Ц-г нөхөр Л.Б-oос өмөөрч “Дүүг маань доромжилж гэртээ хүүхэн авчирсан” гэх шалтаг шалтгааны улмаас нүүр, нуруу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Л.Б-н /хх-ийн 29-31/: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 518-66 тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед гэртээ ортол эхнэр маань зүүн гарынхаа бугалагаа зүсчихсэн байхаар нь яаж байгаа талаар асуугаад байж байтал хамтран амьдрагчийн төрсөн ах М орж ирэн түргэн тусламж, цагдаа дуудсан бөгөөд удалгүй түргэн, цагдаа ирээд манай хамтран амьдрагчийг ахтай нь цуг аваад явсан. Ингээд намайг 2 хүүхэдтэйгээ унтаж байтал хамтран амьдрагчийн маань эцэгийн төрсөн дүү Б гэх хүн намайг хэл амаар доромжилж зодоод байсан. Тухайн үед манай ээж гэрт орж иртэл тэдгээр хүмүүс тоосон шинжгүй намайг зайл гээд миний бүх хувцсыг гаргаж хаясан...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч Ч.Б-н /хх-ийн 35-37/ “... Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг гудамжны 6-230 тоотод гэртээ унтаж байхад миний гар утас дуугараад байхаар нь аваад ярьсан чинь манай дүү Ц түүний нөхөр Б нар хоорондоо хэрэлдээд байсан. Удалгүй Ц ах М хамт над дээр ирээд би өөрийн машинтайгаа цуг гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэг явах замдаа би дүүгээсээ Б чамайг зодсон юм уу ? гэж асуутал үгүй намайг зодоогүй, 20.00 цагийн үед гарч тамхи авчихаад ороод ирье гэж хэлж гарч яваад 23.00 цаг өнгөрч байхад гаднаас согтуу хүүхэн дагуулж орж ирсэн бөгөөд нөгөө хүүхэн нь надад хандаж би Б-той суух гэж байгаа талаараа ярьсан. Тэрнээс болж маргалдаж хэрэлдсэн гэсэн. Ингээд бид гэмтлийн эмнэлэг орж Ц-гийн гарыг эмчлүүлэчихээд гэрлүү нь цугтаа явцгаасан. Гэрт нь ортол Б жижиг өрөөндөө газраар гудас дэвсээд унтаж байхаар нь бос гэж хэлээд баруун хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд босоод ирэхээр нь би түүнд хандаж “юу болоод байгаа юм бэ ? 2 хүүхдийг чинь гаргасан эхнэр чинь байна, шөнө дөлөөр ямар учраас согтуу хүүхэн авчирч байгаа юм бэ ?” гэж хэлтэл Б юу ч ярихгүй чимээгүй зогсоод байсан. Тэгэхээр би дахиад Б-ийн бөгс хэсэгрүү нь хөлөөрөө нэг удаа, нурууных нь дал хэсэгрүү нь гараараа 2 удаа, нүүрэн тус газарт нь гарынхаа алга хэсгээр цохьсон...” гэх мэдүүлгээр
Л.Б-н биед “баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3726 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Б-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ч.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Л.Б-ж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Ч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500.000 /дөрвөн зуун тавин мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР