Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 80

 

 

          

 

 

2020     01           27                                      2020/ШЦТ/80

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Ш.Э. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Ш.Э.т холбогдох 1909013510039 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 161-3-70 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Ш-ийн Э,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ш.Э. нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Сэртэн нэртэй хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ц.тай өр авлагын асуудлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар руу нь ундаатай саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ш.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хохирогч Д.Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, тоосноны эцэст үйл ажиллагаа явуулдаг Сэртэн дэлгүүрийн орчим явж байиал миний таньдаг надад өртэй С гэдэг хүн эхнэрийн хамт явж байсан. Тэгэхээр нь би С-д хандаад өрөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл С-ийн эхнэр намайг хэл амаар доромжлоод барьж явсан хуванцар савтай жижиг ундаагаар миний нүдрүү цохиод миний нүдийг гэмтээсэн. Гомдолтой байна...” /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
  2. Шүүгдэгч Ш.Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Манайх тухайн үед Тоосгоны эцэст айлын хашаа түрээслэн амьдардаг байсан бөгөөд тэр өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөр П-гийн хамт Тоосгоны эцэс дээр автубуснаас буугаад явж байхад өмнө зүс таних эмэгтэй согтуу хойноос мөнгө төгрөгөө та хоёр гээд орилоод байсан бөгөөд би тэр үед мөнгийг чинь өгнө  мөнгөгүй байна гэж хэлэхэд тэр эмэгтэй надруу хандаж муу янхан авгай мөнгөө өг гэж элдвээр хэлээд орилоод байхаар нь би барьж байсан ундааны саваараа тэр эмэгтэйн нүүр орчим нэг удаа цохьсон ба манай нөхөр энэ авгай согтуу байна гэж хэлээд бид хоёр явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04-06 дугаар тал/,
  3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3798 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Ц.гийн биед зүүн хөмсөгний дотор хэсэг, зүүн зовхины дотор булан, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Ш.Э.т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Ш.Э.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

 

Иймд Ш.Э.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Ш.Э.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Э.ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э.т 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Э.т эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 84 дүгээр тал/ зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Э.ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш-ийн Э.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э.т 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Э.т сануулсугай.

4. Ш.Э. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР