| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06629/и |
| Дугаар | 6629 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 6629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 11, өөрийн байранд байрлах “Улаанбаатар хотын банк” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9016001009, регистрийн дугаар 2637545/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, 253/1 дүгээр байр, 47 тоотод оршин суух Очирваань овогт Дагвын Цэрэнням /Регистрийн дугаар ЧМ71013168/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, 253/1 дүгээр байр, 47 тоотод оршин суух Бархай овогт Батзоригийн Алтан-Өлзий /Регистрийн дугаар УШ92042032/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний дагуу 84,739,589 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, Д.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын банк нь Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нартай 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 126,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэй зээлийг өгсөн. Зээлдэгч нар нь барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 байр, 47 тоот орон сууцыг барьцаалуулсан. Зээл төлөгдөж дуусах хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэдий ч зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс зөрчил үүссэн. Тус банкны харилцааны менежер болон тусгай активын мэргэжилтэн нараас удаа дараа шаардсан хугацаанд зөрчил болон төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд 2014 оны 06 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ0101/140926, ЗБГ0101/140926 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээний 8.2 дугаар зүйл, Иргэний хуулийн холбогдох заалтад үндэслэн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, өр төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах болохыг мэдэгдсэн бөгөөд зээлдэгч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, зээлийн гэрээг цуцлахыг хүссэн болно. Улаанбаатар хотын банк нь удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч, зээлийн зөрчлөө арилгах хугацаа олгож байсан боловч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, банкнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, гэрээнд заагдсан үүргээ зөрчиж, зөрчлөө арилгах талаар идэвхи санаачлага гаргахгүй байгаа ба цаашид үр дүн гарахгүй нь тогтоогдоод байна. Зээлийн гэрээний дагуу 84,739,589 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, Д.Гэрэлмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас эргэлтийн хөрөнгө зориулалтаар 126,000,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүү, сарын 1,70 хувийн хүүтэй зээлж авсан билээ. Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарыг дуустал нийт 18 сар буюу зээлээс хүүгийн хамт 84,600,000 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан худалдан авалт эрс муудаж, төлөвлөсөн бизнес зогсонги байдалд орж, алдагдал үүссэнээс болж 2016 оны 4 дүгээр сараас эхлэн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж эхэлсэн билээ. Тус банк шүүхэд хандан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлийн 75,596,333 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,156,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,361 төгрөг, нийт 80,862,631 төгрөг нэхэмжилсэн байна. Мөн 2016 оны 10 дугаар сард тус банк зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүнд 3,876,958 төгрөг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Хариуцагч нар зээлээ цаг хугацаанд нь төлж байсныг харгалзан үзэж, орлого эрс буурч, алдагдал хүлээж, санхүүгийн чадвар муудсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлж, үлдэгдэл зээл болох 75,596,333 төгрөгийг бүхий л боломж бололцоогоо ашиглан төлж барагдуулах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу шүүхээс чөлөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон. Учир нь зээлээ эргэн төлж чадахгүй байгаа тухай банканд удаа дараа очиж уулзаж, зээлийн нөхцөлийг өөрчлүүлэхээр эдийн засгийн хямралтай холбогдуулан хүсэлт тавьж байсан боловч банк хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарт холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ0101/140926, ЗБГ0101/140926 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 75,596,333 төгрөг, хүүгийн төлбөрт 5,159,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 305,393 төгрөг, нийт 84,739,589 төгрөгийг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нар нь санхүүгийн хүндрэлийн улмаас зээлийг төлөх боломжгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 75,596,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Цэрэнням нь “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 142,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг тус банкны Зээлийн хорооны хурлаар шийдвэрлэн, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нартай ЗГ0101/140926 дугаартай Зээлийн гэрээ, ЗБГ0101/140926 дугаартай Зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж 126,000.000 төгрөгийг жилийн 20,40 хувийн /сарын 1,70 хувийн/ хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3-7 дахь тал/ Энэ талаар зохигчид маргаагүй.
Зээлийн барьцаанд Д.Цэрэннямын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв талбайтай Ү-2204019622 дугаартай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хэргийн 6-7, 53 дахь тал/ Зээлийн барьцаанд барьцаалагдсан Д.Цэрэннямын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 6-7 дахь тал/ Энэ талаар зохигчид маргаагүй.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний дагуу “Улаанбаатар хотын банк” ХХК нь зээлдэгч Д.Цэрэннямын Хаан банкин дахь зээлийн үлдэгдэл 67,500,000 төгрөгийг бэлэн бусаар Хаан банкинд, үлдэгдэл 58,500,000 төгрөгийг зээлдэгчид, нийт 126,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ орлого эрс буурч, алдагдал хүлээж, санхүүгийн чадвар муудсанаас зээлээ эргэн төлж чадахгүй байгаа тухай банкинд удаа дараа очиж уулзан, эдийн засгийн хямралтай холбогдуулан зээлийн нөхцөлийг өөрчлүүлэхээр хүсэлт тавьж байсан боловч банк хүлээн авч шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлж, энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн учир төлөх үндэслэлгүй гэх үндэслэл заан маргажээ.
“Улаанбаатар хотын банк” ХХК-аас Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарт 2016 оны 03 дугаар сарын 28, 04 дүгээр сарын 08, 04 дүгээр сарын 14, 04 дүгээр сарын 20, 04 дүгээр сарын 27, 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай шаардлагыг тус тус хүргүүлсэн байна. /хэргийн 47-51,54 дэх тал/
Зээлдэгч Д.Цэрэнням нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “...эдийн засаг, санхүүгийн хямралаас шалтгаалан ... зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна. Иймд иргэн миний энэхүү байдлыг хүндэтгэн үзэж, холбогдох хуулийн дагуу шүүхэд хандан зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн өргөдлийг “Улаанбаатар хотын банк” ХХК-д гаргасан байна. /хэргийн 52 дахь тал/
“Улаанбаатар хотын банк” ХХК-аас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1/3348 дугаартай албан бичгээр зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлж /хэргийн 55 дахь тал/, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлдэгч Д.Цэрэннямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,862,631 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 84,739,589 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хамтран хариуцагчаар Б.Алтан-Өлзийг татсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Цэрэннямыг, дараа нь хамтран хариуцагчаар Б.Алтан-Өлзийг татсан нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
“Улаанбаатар хотын банк” ХХК болон хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нар нь үндсэн зээлд 126,000,000 төгрөг, зээлийн хүүнд 42,979,550.74 төгрөг, зээлийн төлбөрт нийт 168,979,550.74 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 50,403,668 төгрөг, зээлийн хүүнд 30,681,692.44 төгрөг, нийт 81,085,360.44 төгрөг төлсөн нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээл төлөлтийн тооцооллын баримтаар нотлогдож байна, зохигчид энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 75,596,333 төгрөг, хүүгийн төлбөрт 5,159,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 305,393 төгрөг, нийт 84,739,589 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсний дагуу банк нь зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгчээс шаардах эрхтэй байна. Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр санхүүгийн хүндрэлийн улмаас зээлээ төлж чадахгүй болсныг мэдэгдсэн байх бөгөөд банк 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэн гэрээг цуцлах мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал зөрчсөн боловч гэрээний төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсноо хариуцагчид мэдэгдсэн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан тул мөн өдрөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлон хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 75,596,333 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 4,269,664.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 76,252.36 төгрөг, нийт 79,942,249.98 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас үндсэн зээлийн үлдэгдэл 75,596,333 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 4,269,664.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 76,252.36 төгрөг, нийт 79,942,249.98 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 79,942,249.98 /далан есөн сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөчин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 4,797,339.02 /дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга гурван зуун гучин есөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв талбайтай Ү-2204019622 дугаартай, 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,246 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 57,598 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас улсын тэмдэгтийн хураамжид 557,661 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР