Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 85

 

 

 

 

          

2020      01         29                                       2020/ШЦТ/85

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Солонго,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч А.М. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн А.М.д холбогдох 1909017250089 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Титан Бамбай” ГХХА-нд хамгаалагч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-76 тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт А-ийн М,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч А.М. нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын урд шалтгаангүйгээр А.Ганболорын толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр өөрийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байгаад тухайн хэргийг үйлдсэн. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын хойд талд өөрийн машинтайгаа зогсож байтал М. гэх хүн машины ар талаас өшиглөсөн. Би машинаас буугаад та яаж байгаа юм бэ гэхэд төрсөн өдөр болж байна гээд намайг цохих гээд дайраад байхаар нь түлхтэл боржууранд тээгэлдэж унасан байхдаа гар хазаад газраас чулуу аваад миний толгойруу 2-3 удаа цохихоор нь салж зугтаагаад цагдаа дуудсан...” гэжээ. /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
  2. Яллагдагч А.М. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болоод би Туушин зочид буудлын хойно, ТВ-9 телевизийн урд талын зогсоол дээр ах дээрээ очиж архи уусан. Тухайн үед нилээн согтоод тэндээсээ гараад явж байхад нэг залуу машинаасаа бууж ирээд ухрах гээд байна гэлүү нэг юм хэлсэн. Юу болсныг сайн санахгүй байгаа ч нэг мэдсэн чинь би нөгөө залуутай хэрэлдээд байсан ба тэр залуу цагдаа дуудсан байх. Тухайн болсон асуудлыг зогсоолын манаач л харсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4945 тоот дүгнэлтэд “... А.Г-ын биед зүүн зулайн хуйханд сорви гэмтэл тогтоодлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлийг хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд А.М.д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч А.М.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгч А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.М.ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.М.д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 95 дугаар тал/ зэргийг харгалзан шүүгдэгч А.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн М.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.М.д сануулсугай.

4. А.М. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                              Х.ИДЭР