Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

   2020        02         28                                  2020/ШЦТ/332

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          улсын яллагч А.Аварзэд /томилолтоор/,

          шүүгдэгч П.Г, Ц.Б , тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг ҮД:32-45 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Г, Ц.Б  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06991 0047 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, Ц.Б

          2. Монгол улсын иргэн, П.Г

          Холбогдсон хэргийн талаар:

П.Гнь Ц.Б той бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-701 тоотод оршин суух иргэн О.Лхагвасүрэнгийн гражийн хаалгыг чулуугаар эвдэж ороод байшин руу хууль бусаар нэвтэрч ТСЛ маркийн 49 инчийн зурагт, зурагтны удирдлага, цагаан өнгийн хаш хөөрөг, улаан өнгийн халтар манан хөөрөг, бор өнгийн чулуун хөөрөг, бор өнгийн их гарын дайлан, бор өнгийн хуучин дайлан, 500 граммын товчин чихэр, 2 кг урт чихэр, 24 ширхэг жигнэмэг, лапша гоймон, улаан тамхи 1 ширхэг, 10 ширхэг стек /жижиг бялуун бүтээгдэхүүн/, цагаан өнгийн чихэвч, гаазны хошуу, 5 ширхэг алеон ургамлын тос, 3-д бокс нүдний шил зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б  мэдүүлэхдээ: Хэргийн талаар дахин ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Лхагвасүрэнгийн өгсөн: ...Би эхнэр Н.Янжиндуламтай хамт гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 27-71 тоотоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутаас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Эрдэнэт хот руу хүү Бямбадоржийн цэрэгт тангарах өргөх ёслолд нь оролцчихоод буцаж гэртээ ирсэн. Гэртээ ирээд шууд гэртээ ортол гал тогооны өрөөнд байсан ТСЛ маркийн 49 инчийн зурагт алга болсон. Тэгэхээр нь би байшингаасаа гараад ажлын хаалгаа хартал гаднаас нь цоожийг нь эвдсэн байсан. Тэгээд би тэр даруй эхнэртэйгээ хамт энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс тухайн үед хулгайд алдагдсан эд зүйлсийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж мэдүүлэг өгсөн боловч дараа нь гэрт байсан эд зүйлсээ дахин бүртгэхэд хэд хэдэн зүйл алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад өнөөдөр дахин хохирогчоор мэдүүлэг өгч байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр Д.Сүхээгийн өгсөн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 00 минутын үед Баянзүрх дүүрэг Сансарын үйлчилгээний төвийн ойролцоо байрлах “Андууд” гэх нэртэй ломбарданд утас засдаг найз Баагийд утасны дэлгэц хүргэж өгчихөөд байж байтал гаднаас нэг 20 орчим насны эрэгтэй хүн ломбарданд орж ирсэн юм. Тэр эрэгтэй хүүхэд надад “мөнгө хэрэгтэй байна ах, 3 ширхэг хөөрөг 2 дайлантай байна, 1 ширхэг хөөргийг 20.000 төгрөгөөр авах боломж байна уу, бүгдийг нь хамт авбал дайлантай нь хамт өгчих юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус залууд “надад 55.000 төгрөг байна, хулгайн юм биш бол би наад 3 ширхэг хөөргийг чинь 55.000 төгрөгөөр худалдан авъя” гэж хэлээд тус залуугаас улаан өнгийн халтар манан хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 1 ширхэг, бор өнгийн хуучин дайлан 1 ширхэг, бор хүрэн өнгийн их гарын дайлан 1 ширхэгийг 55.000 төгрөгөө бэлэн өгөөд худалдан авсан. Тэгээд тус үл таних залуу яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа манай найз Баагий үсээ засуулчихаад гаднаас ломбарданд орж ирсэн. Тэгээд надад байсан 3 ширхэг хөөргийг үзэж байгаад 1 ширхэг хөөргийг түр хугацаанд өөртөө авсан юм. Харин 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутын үед цагдаагаас нэг хүн залгаад “хөөрөг авсан залуу мөн үү, таны авсан хөөрөг хулгайн хөөрөг байна” гэж хэлсэн. Би тэр үед л өөрийн худалдан авсан хөөрөгнүүд болон дайланг хулгайн хөөрөг байна гэдгийг мэдсэн. Би тэр үед л өөрийн худалдан авсан хөөрөгнүүд болон дайланг хулгайн хөөрөг байна гэдгийг мэдсэн. Тэгээд Баагийтай холбоо бариад өөрийн өгсөн 1 ширхэг хөөргийг буцааж аваад цагдаагийн байгууллагад авч ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Баяраагийн өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ажил дээр буюу “Crown” гэх нэртэй ломбарданд ажиллаж байхад 21 цаг 20 минутын үед гаднаас манай ломбарданд ТСЛ маркийн хар өнгийн 49 инчийн зурагт болон тус зурагтны хар өнгийн удирдлага бариад 20 орчим насны 2 залуу орж ирсэн юм. Тус залуучууд надад “зээл авсан байгаа юм, маргааш төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжх гэж байгаа юм, маргааш төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжих гэж байгаа юм, энэ зурагт манай эгчийн зурагт байсан юм. Бидэнд бэлгэнд энэ зурагтыг өгсөн юм. “Одоо энэ зурагтыг 300.000 төгрөгөөр тавих гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэд зөвшөөрсөн. Би тухайн үед “Crown” ломбард барьцаат зээлийн гэрээ иргэн Дагвадоржийн Хосбаяртай байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд буцаан төлөхөөр болсон юм. Тэд буцаж зурагтаа буцаж авахдаа надад 270.000 төгрөг өгөхөөр гэрээнд заасан юм. Харин сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагаас надтай холбогдож ТСЛ маркийн хар өнгийн 49 инчийн зурагт болон тус зурагтны хар өнгийн удирдлага зэргийг хулгайн эд зүйл байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хосбаярын өгсөн: ...Би Сансарын үйлчилгээний төвийн ойролцоо байдаг “Казино” гэх нэртэй бааранд зөөгчөөр ажиллаад 6 сар болж байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой би ажил дээр байж байтал Г болон Б нар нь миний фэйсбүүк хаяг руу “Бичиг баримт чинь байвал ломбарданд ирээд юм тавиад өгчих” гэх утгатай зурвас ирсэн юм. Тэгэхээр нь би тэдэнд зөвшөөрсөн утгатай хариу зурвас фэйсбүүкээр илгээгээд Сансарын “Crown” гэх нэртэй ломбарданд очсон. Тэнд очтол Г “Crown” гэх нэртэй ломбард дотор нь харин Б тус ломбардны гадна зогсож байсан. Г тухайн үед хар өнгийн 49 инчийн зурагт тэвэрсэн байдалтай байсан. Тухайн үед Г надад “Зээлтэй байна, зээл нь одоо шүүхэд дуудагдаад, тэр мөнгийг өгөх гэж аниагаас загнуулан байж зурагтыг нь аваад ирлээ, чиний бичиг баримт хэрэгтэй байна, би энэ зурагтыг өөрөө ирж авна” гэж надад хэлсэн. Тэгээд тус “Crown” гэх нэртэй ломбардны хариуцагч хүнд регистрийн дугаар болон утасны дугаараа Г надтай хамт үлдээгээд 250.000 төгрөгөөр тус “Crown” гэх нэртэй ломбарданд барьцаанд тавьж үлдээсэн. Тэгээд Г болон Б нар зурагт барьцаанд тавьсан мөнгөө авахаар нь би ажил руугаа буцаж очсон. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад өнөөдөр тус зурагт нь хулгайн утас байсан талаар нэг цагдаагийн алба хаагч надад утсаар мэдэгдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 51 дүгээр тал/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 79, 87 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар П.Гийн өгсөн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ар гэрийн асуудлаас болоод найз Ц.Б ын гэрт очсон. Тэр өдрөөс хойш 6 өдрийн дараа найз Ц.Б той ярилцаад тэр айлынх руу орохоор болж 2019 оны 11 дүгээр сарын 24-ний 00:20 цагийн үед хашааных нь хаалгаар нь уяаг нь тайлж ороод гражны хаалганы цоожийг би чулуугаар цохиж эвдлээд дотогш ороод байшин руу дамжиж орсон. Байшинд ороод эхлээд шүүгээнүүдээс бэлэн мөнгө хайсан боловч олдоогүй, тэгээд найз Ц.Б той ярилцаад зурагтыг нь авахаар болоод авч байхдаа доод талын шүүгээнд хөөрөг байхыг мөнгө хайж байхдаа харсан байсан учраас би санаад хөөрөг, дайланг авч халаасандаа хийсэн. Ц.Б той хамт зурагтыг өргөж гарч байхдаа гражид байсан хайрцгийг зурагтны булангаар цохиж унагаад хартал хатаасан чихэр, амьтны дүрстэй 3 уут печень, кекс зэрэг байхаар нь аваад гэртээ орсон. Зурагтаа орны араар нуусан хөөргийг шүүгээнд нуугаа, хүнсний эд зүйлсийг идээд унтаж амарсан. Маргааш нь Ц.Б  дүүгийнхээ тангараг өргөх арга хэмжээнд оролцохоор яваад орой нь ирэхээр нь би такси бариад гэрийн үүдэнд очоод гэрт орж зурагтыг Ц.Б ын хамт өргөж таксиндаа хийгээд Сансарын тэнд “Кроун” нэртэй ломбарданд тавих гэтэл Ц.Б  дуудаж гуйж тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Б ын: ...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз П.Гт хэлсэн. Тэр үед П.Гбид 2 ажилгүй, орлогогүй, мөн О.Лхагвасүрэн ахын гайгүй мөнгөтэй айл болохоор гэрт нь орж бэлэн мөнгө байгаа эсэхийг үзье гэж хоорондоо ярилцаад орохоор шийдсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний 00:20 минутын үед гэрээсээ найз П.Гийн хамт цуг гараад О.Лхагвасүрэн ахын хашааны хаалганы уяаг тайлж ороод гражны жижиг цоожийг чулуугаар манай найз П.Гцохиж эвдлээд дотогш ороод гражнаасаа байшин руу ордог хаалгаар нь дамжиж ороод байшин дотроос эхлээд бэлэн мөнгө шүүгээнүүдээс нь хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь бид 2 хоорондоо ярилцаад байж байтал зурагт харагдахаар нь зурагтыг нь авахаар болж очоод авч байтал яг доод талд нь 3 ширхэг хөөрөг 2 ширхэг дайлан байхаар аваад П.Гхалаасандаа хийсэн. Тэгээд буцаад гражны хаалгаар зурагтыг дамжлаад гарч байхад санамсаргүй нэг цаасан хайрцгийг цохисон чинь дотроос нь чихэр, хатаамал, тортны кекс, амьтны дүрстэй печень байхаар нь аваад шууд гэр рүүгээ орсон. Тэгээд зурагтыг нь гэртээ орныхоо цаагуур нууж тавиад, хүнсний эд зүйлийг нь идсэн. Хөөрөг, дайланг шүүгээндээ нуучихаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Төв аймгийн 016 дугаар цэргийн ангид алба хааж байгаа өөрийн төрсөн дүү Ц.Бат-Оргилын тангарагийн баяраар ах, ээж, эмээ нарын хамт очсон. Тэр өдрийнхөө орой 20:00 цагийн үед би гэртээ ирээд найз П.Гтай өмнөх өдөр ярилцаж тохиролцсоныхоо дагуу намайг гэртээ ирэхээр найз П.Гтакси барьж ирээд тэр оройдоо Сансарын Кроун нэртэй ломбарданд зурагтаа тавих гэтэл би иргэний үнэмлэхээ мартсан байсан болохоор манай хамаатны залуу болох Д.Хосбаярыг дуудаж зурагтаа найз П.Гийн эгчийнх нь зурагт гээд зээлний мөнгө өгөх гэж байгаа гэж хэлээд 250.000 төгрөгөөр тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар тал/,

- Шүүгдэгч П.Г, Ц.Б  нарын иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 92, 94, 95, 96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.Гнь Ц.Б той бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-701 тоотод оршин суух иргэн О.Лхагвасүрэнгийн гражийн хаалгыг чулуугаар эвдэж ороод байшин руу хууль бусаар нэвтэрч ТСЛ маркийн 49 инчийн зурагт, зурагтны удирдлага, цагаан өнгийн хаш хөөрөг, улаан өнгийн халтар манан хөөрөг, бор өнгийн чулуун хөөрөг, бор өнгийн их гарын дайлан, бор өнгийн хуучин дайлан, 500 граммын товчин чихэр, 2 кг урт чихэр, 24 ширхэг жигнэмэг, лапша гоймон, улаан тамхи 1 ширхэг, 10 ширхэг стек /жижиг бялуун бүтээгдэхүүн/, цагаан өнгийн чихэвч, гаазны хошуу, 5 ширхэг алеон ургамлын тос, 3-д бокс нүдний шил зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Лхагвасүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Баяраа, Д.Сүхээ, яллагдагчаар өгсөн П.Г, Ц.Б  нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Лхагвасүрэн, иргэний нэхэмжлэгч Д.Сүхээ, Б.Баяраа нар нь хохирол төлөгдсөн гомдолгүй талаарх хүсэлтийг бичгээр өгсөн, хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. /хх-ийн 104, 105, 107 дугаар тал/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч П.Г, Ц.Б  нар нь хохирогчид учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгснөөс гадна, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г, Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. П.Г, Ц.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Г, Ц.Б  нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б , П.Гнарт тус тус 1 /нэг/ жилийн жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Г, Ц.Б  нар нь бусдад төлөх төлбөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Г, Ц.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Г, Ц.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ