Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

   2020        02         28                                  2020/ШЦТ/333

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг ҮД:01-46,

насанд хүрээгүй хохирогч Л.Алтантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Гад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01372 0022 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх хөхий” худалдааны төвийн хойд замд “Хан агьт” ХХК-ийн эзэмшлийн Toyota Aqua маркийн 54-68 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 12 настай Л.Алтантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогчид эмчилгээний зардал 572.000 төгрөг, сүүлд өөрийн зүгээс дахин 1.000.000 төгрөг, нийт 1.572.000 төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Л.Алтантуяа мэдүүлэхдээ: Би оройны 19 цагийн үед хичээлээ тараад дүүгээ аваад явган хүний гарцаар зам гарч явахад миний баруун гар талаас машин ирээд намайг мөргөсөн. Би зам гарахад хэдхэн алхам дутуу байсан. Намайг газар унах үед миний хөл нь дээгүүр машины дугуй гарсан. Би тэр өдөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Дархан детект” гэдэг хувийн эмнэлэгт 7 хоног, Шар хадны хүүхдийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Шүүгдэгч Галбадрахын зүгээс гарсан зардлуудыг тухайн бүрт нь төлж байсан. Одоо гомдол, саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэн мэдүүлэхдээ: Одоо жигд явж явж чадахгүй байгаа. Удаан явахаар хөлийн тавхай нь өвддөг. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-13 дугаар тал/,

- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн тодорхойлолт, хохирлын баримтууд /хх-ийн 18, 24-32 дугаар тал/,

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэнгийн өгсөн: ...Анх машины жолоочийн ээж нь гэх эмэгтэй  500.000 төгрөг өгье гэхээр нь үгүй би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн. Тухайн жолоочийн ээж нь анх гэмтлийн эмнэлэгт манай охиныг очиход 19.350 төгрөгөөр эмч авч өгсөн, мөн 80.000 төгрөгөөр хөлний зураг авахуулсан, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томографийн зураг авахуулах 100.000 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр 40.000 төгрөгийг таксины мөнгө гэж шилжүүлсэн, бэлнээр 20.000 төгрөг таксины мөнгө гэж өгсөн, үүний дараа шинэ жилээс өмнө манай охин Алтантуяа Дархан детект нэртэй хувийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд үүний урьдчилгаа төлбөр болох 150.000 төгрөгийг төлсөн, мөн эмнэлгээс гарах үед үлдэгдэл төлбөр 125.000 төгрөгийг төлсөн, мөн эмчтэй нь уулзаж ав гэсэн эмнүүдийг нь авч өгсөн байсан, яг хэдэн төгрөгийн эм авсныг нь мэдэхгүй байна. Ингээд бодохоор нийт 534.350 төгрөгийн эмчилгээний зардлыг 54-68 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талаас төлсөн. Надад эмчилгээний зардалд би үүнээс гадна өөрөө аптекаас тариа 11.000 төгрөгөөр худалдаж авсан, 31.000 төгрөгөөр мөн 3 ширхэг тариа авсан, мөн 17.000 төгрөгөөр эм авсан, 3200 төгрөгөөр бас эм авсан, мөн дахин нэг ширхэг тариа 11.200 төгрөгөөр авсан бөгөөд нийт 70.200 төгрөгийн эм авсан баримт байгаа, үүнийг гаргуулах хүсэлтэй бөгөөд цаашид хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд болон хичээлийн хоцрогдлын зардал, унааны мөнгө гэх зэрэгт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 534.350 төгрөгийг төлсөн одоо 4.465.750 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: ...Би тус өдөр буюу 2019 оны 12 сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийг хариуцсан Ганга-13 чиглэлд бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ойролцоогоор 19, 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16-р хороо 16-р хорооллын хойд замд явган зорчигч мөргүүлсэн гэх дууллагыг хүлээн авч очиж шалгахад 12 настай мөргүүлсэн гэх охин замын хойд талд хашааны хажууд сууж байсан бөгөөд намайг очсоны дараа ар гэрээс нь хүн ирсэн. Тэр үед анх дуудлага өгсөн хүн тээврийн хэрэгсэл нь энд байгаа гэж зааж өгсөн бөгөөд очиход жолооч нь байхгүй байсан. Тэгээд би машиныг нь ачуулах гээд ачигч машин хүлээж байх хооронд тус осол гаргасан машины жолоочийн ээж нь гэх хүн ирээд манай хүүхэд байгаа юм, одоо ирж байна гэж хэлсэн. Тэгээд хүүхэд нь гэх Ганбаатарын Галбадрах ирэхээр нь юу болсон талаар нь асуугаад байж байтал түргэн ирээд үзээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлчихээд явсан. Явган зорчигч 12 настай эмэгтэй хүүхэд байсан бөгөөд түүний ах нь гэх хүн ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн үед осол гаргасан жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад жолоочийг ослын газарт хүлээгээд байж бай, одоо төв замын цагдаагаас бүрэлдэхүүн ирнэ гэж хэлээд явсан. Би тухайн үед Г.Гыг үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Би тухайн үед ямар нэг багаж ашиглаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь ашиглан үлээлгэсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Тилекбайн өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оройн ээлжийн ажил руугаа явах гээд ойролцоогоор 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооллын хойд талын замын автобусны буудлын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойш зам хөндлөн гарч явтал тус автозамаар ертөнцийн зүгээр зүүн талаас буюу Шархад талаас ирж байсан 54-68 УБЯ улсын дугаартай хөх өнгийн Тоёота Акуа маркийн автомашин замын 2 дугаар эгнээгээр гарц руу дөхөж ирээд миний ард явж байсан 2 хүүхдийн томыг нь мөргөөд унагачихсан. Тэр үед түс гэх чимээ гарахаар нь эргэж хартал хүүхэд унасан байсан. Тэгээд чигээрээ яваад өгсөн. Тэгэхээр нь тухайн мөргүүлсэн хүүхдийг өргөөд замаас гаргаад замын хойд талд очоод цагдаад дуудлага өгсөн, мөн түргэн тусламж дуудсан, тухайн хүүхдээс ээжийнх нь дугаарыг асууж байгаад ээжийг нь дуудуулсан, ээж нь ч удалгүй ирсэн, цагдаа, түргэн 2 ч гэсэн удалгүй ирсэн. Тэгээд тухайн үед цагдаа дуудсан бөгөөд хажууд сонсогч мөрдөстэй 2 эрэгтэй байсан, тэр хоёрыг машин араас яваад дугаарыг нь хараад ир гээд явуулсан. Тэгээд би 2 хүүхдийн хажууд байж байгаад нөгөө машиных нь араас явсан бөгөөд нөгөө 2 сонсогч өөдөөс ирээд тэр машины жолооч нь алга байна, машин нь цоожтой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн машин руу очоод хаалгануудыг нь татаж үзэхэд 4 хаалга нь цоожтой байсан, жолооч нь байхгүй байсан, цонхоор нь лав юм харагдаагүй. Тэгээд би буцаад хүүхдүүд рүү очтол дайрсан хүүхдийн ээж нь гэх эмэгтэй ирчихсэн, эмч цагдаатай уулзаад байж байсан. Би тухайн үед цагдаад мөргөсөн машин нь энэ байна гэж зааж өгөөд тэндээсээ шууд ажил руугаа явсан. Би тэнд ойролцоогоор 30 минут орчим байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 24-32 дугаар тал/,

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаартай магадлагаанд:

1. T.Aqua маркийн 54-68 УБЯ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ганбаатар овогтой Галбадрах нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаас хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Л.Алтантуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Тухайн зам тээврийн осол нь “T.Aqua” маркийн 54-68 УБЯ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Гын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна...гэх Цагдаагийн хошууч П.Чулуунбаатар /хх-ийн 52-53 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14516 дугаартай шинжээчийн:

1. Л.Алтантуяагийн биед тархи доргилт, зүүн тавхайн завь хэлбэрийн ясны хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 39, 40, 46 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх Хөхий” худалдааны төвийн хойд замд “Хан агьт” ХХК-ийн эзэмшлийн Toyota Aqua маркийн 54-68 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 12 настай Л.Алтантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэн, гэрч А.Тилекбай, Д.Даваасүрэн нарын мэдүүлэг, мөрдөгчийн 7 дугаартай магадлагаа, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 14516 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх 348.600 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Г нь 1.572.000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 127, 133-172 дугаар тал/

Гэвч насанд хүрээгүй хохирогч Л.Алтантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Лхамсүрэн нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гад оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Г.Гын АВ ангилалын 1029605 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.Гад буцаан олгосугай.

6. Насанд хүрээгүй хохирогч Л.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Л нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ