Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

2020        03          05                                  2020/ШЦТ/394

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Н.Дуламсүрэн,

шүүгдэгч Т.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.А д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01058 0477 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.А

Холбогдсон хэргийн талаар:

Т.А  нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32 дугаар гудамжны 855 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нямрагчаагийн дал хэсэгт заазуураар цохиж 13х0,1 см 8 ширхэг оёдол, 4х0,3 см зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар тал/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 дугаар тал/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Нямрагчаагийн өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр13 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг хүнсний дэлгүүрт ороод архи авах гээд байж байсан чинь таньдаг Эрхэмээтэй дэлгүүрт таараад Эрхэмээ надад “би Ууганбаярынд архи ууж байна шүү дээ” гэхээр нь би дэлгүүрээс Эрхэмээ 0,75 литрийн Хараа архи аваад Ууганбаярынд хамт ороход эхнэртэйгээ орон дээр тэврэлдээд хэвтэж байсан юм. Тэгээд эхнэр нь босч ирсэн. Тэднийд ороход Ууганбаяр, Т.А , тэдний бага охин, тэр хавиар архи уудаг ногоон Давка гэдэг ах, Эрхэмээгийн ах нь байсан. Бид нар нөгөө авсан архиа ууж байгаад Ууганбаярын босоод ир гэсэн. Тэгээд Ууганбаяр босоод орон дээрээ сууж байсан. Тэгээд Ууганбаярын эхнэртэй хэрэлдээгүй. Тэгсэн чинь гэнэт Эрхэмээгийн найз хүүхэн таны нуруу руу заазуураар цохичихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би цамцаа тайлаад толинд харсан чинь миний нуруун дээр ангайсан шарх байсан. Тэгээд Эрхэмээгийн найз хүүхэн Бямбаа түргэний тэрэг дуудсан. Тэгээд түргэний тэрэг удахгүй ирсэн. Тэгээд 103-р Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж 7, 8 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Цогтжаргалын өгсөн: ...Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар Баянзүрх дүүргийн 16-р хороо 61-24 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутын үед манай хадам ах Нямрагчаа миний 91119941 дугаарын утас руу залгаад “Би танайд очлоо” гэж хэлсэн юм. Тэгээд 21 цагийн үед манай гэрт хадам Нямрагчаа, миний баз хүргэн болох Бат-Оргилын хамт ирсэн юм. Нямрагчаа ах манай гэрт ирэхдээ “Ах нь хүнд заазуурдуулаад оёдол тавиулчихаад ирлээ” гээд орж ирсэн юм. Тэгэхээр нь би “та хаана, хэнд, ямар учраас заазуурдуулсан юм бэ” гэж асуусан чинь Нямрагчаа ах “би Эрдэнэтолгойд Ууганбаяр гэдэг найзындаа архи ууж байсан чинь эхнэр нь намайг заазуурдчихлаа” гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2568 дугаартай шинжээчийн:

            1. М.Нямрагчаагийн биед зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.А гийн: ...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар тал/,

            - Шүүгдэгч Т.А гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40, 43 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.А гийн согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32 дугаар гудамжны 855 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нямрагчаагийн дал хэсэгт заазуураар цохиж 13х0,1 см 8 ширхэг оёдол, 4х0,3 см зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Т.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.Нямрагчаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т.А д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Т.А  нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32 дугаар гудамжны 855 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нямрагчаагийн дал хэсэгт заазуураар цохиж 13х0,1 см 8 ширхэг оёдол, 4х0,3 см зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Нямрагчаа, гэрч Э.Цогтжаргал, яллагдагчаар өгсөн Т.А  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2568 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэвч шүүгдэгч Т.А  нь заазуурыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч М.Нямрагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч үүний улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан тул нийтэд аюултай аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлджээ.

Учир нь Т.А  нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ заазуурыг зэвсгийн  чанартай ашиглан хохирогч М.Нямрагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хутгыг хүн рүү чиглүүлэн дайрах нь эрүүл мэнд, амь насанд аюултай, бие махбодид хүнд хохирол учруулж болохуйц, гэм буруутай үйлдлээс хохирол, хор уршиг учрах шууд шалтгаант холбоо бүхий үр дагаварт хүргэнэ гэдгийг шүүгдэгч тухайн цаг үед урьдчилан мэдэх, тооцоолох бүрэн боломжтой гэж үзэх үндэстэй байна.

Т.А гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нямрагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн хангасан байна.

            Хохирогч М.Нямрагчаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.А г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урттай, ажлын хэсгийн урт 20 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

Шүүгдэгч Т.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нийтэд аюултай аргаар үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд прокурорын зүгээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч Т.А гийн уг гэмт хэргийг үйлдсэн арга, хэлбэр, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдал нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсантай нийцэхгүй байна.

Иймд шударга ёсны зарчим, шүүдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүхээс Т.А д тохирох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төмөрийн Т.А г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урттай, ажлын хэсгийн урт 20 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг хар өнгийн бариултай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ