Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 6691

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж,  шүүгч Д.Золзаяа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 25 гудамж, 575 тоотод оршин суух Өлзий овогт Доржнямбуугийн Бүсмаа /Регистрийн дугаар ЦД81070563/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалант 3 гудамж, 25 тоотод оршин суух Тоонч овогт Пүрэвийн Туяа /Регистрийн дугаар ЙС71012041/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалант 3 гудамж, 25 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Баяраа /Регистрийн дугаар ЙС72091318/ нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 1,705,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт, иргэдийн төлөөлөгч М.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бүсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Доржнямбуу овогтой Бүсмаа би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөр В.Вандангомбын хамт Баянзүрхийн захын баруун талын зам дээр зогсож байтал “Тоёота приус” маркийн автомашин араас мөргөсөн юм. Номер нь 97-26. Энэ ослын улмаас тухайн үед миний толгой өвдөж дотор муухайрч 2 гар бадайрч байсан ба тэр өдөртөө эмчид үзүүлж, томографийн зураг авахуулахад зүүн талд духны суурь хэсэгт “аалзан” бүрхүүл доторхи зайд цус харвалттай эмнэлэгт яаралтай хэвтэх хэрэгтэй гэснээр Гэмтэл согогийн үндэсний төвийн тархи, нуруу нугасны тасагт сахиуртайгаар хэвтэж эмчлүүлсэн ба улмаар мэдрэлийн “Идэрмэг” эмнэлэгт шилжин эмчлүүлсэн юм. Энэ үед олон төрлийн эмчилгээ, шинжилгээ, эм тариа хийлгэснийг хэрэг бүртгэлийн материалд хавсаргасан байгаа. Замын цагдаагийн газрын хэргийн газарт хийсэн үзлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрүү үүсгэхийг татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Гэвч энэ гэмтэлийн улмаас надад учирсан эдийн засгийн шууд хохирол: 06 дугаар сарын 25-ны өдөр Томографийн зураг 290,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр” Бичил лаб”-д шинжилгээ 40,000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр “ДУБ” ХХК-д хүзүү толгойн этг 240,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр “Идэрмэг” мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 360,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр “Амгалан эс” эмийн сангаас эм 16,300 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр 6-р эмийн сангаас эм 36,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 6-р эмийн сангаас эм 7,800 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр “Агар шим”-эмийн сангаас эм 7,200 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр “Агар шим” эмийн сангаас эм 8,000 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр “МЭИК” №6 эм 30,100 төгрөг, бүгд 985,400 төгрөгийн эм эмчилгээний зардал гарсанаас хариуцагч П.Туяа томографийн зураг авахуулсан 240,000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 745,400 төгрөгийн зардал надаас гарсан юм. Үүнээс гадна би өөрөө “Хан талст” худалдааны төвд байр лангуу түрээслэж оёдол үйлчилгээ, үзүүлж гэр бүлээ тэжээдэг, үүнээс өөр орлого байхгүй, амьдрал хүнд байдаг юм. Би сард 250,000 төгрөг цахилгааны төлбөртэй, 260,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг, дундаж ачаалалтай үедээ өдөрт 70,000 төгрөгөөс 80,000 төгрөгийн орлоготой байдаг, 7 хоногт 1 өдөр амардаг юм. Энэ осол гэмтлийн улмаас би 12 өдөр хөдөлмөрийн чадвараа алдаж 900,000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан юм. /12 хоног х 75,000 төгрөг =900,000 төгрөг/ Үүнээс гадна одоо миний бие толгой байнга өвддөг 2 гар бадайрдаг хэвээр байгаа, цаашид хэрхэн сэдэрч ямар урхаг гэм үүсэхийг хэлж мэдэхгүй тул туйлын их гомдолтой байгаагаа хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд надад учирсан хохирол болох эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардал 745,400 төгрөг, түр хүчээ алдсаны улмаас учирсан алдагдал 900,000 төгрөг, нийт 1,645,400 төгрөгийн хохирлоо хариуцагч П.Туяагаас гаргуулахаар танай шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч дээрх хохирлыг хариуцагч П.Туяагаас гаргуулж өгөхийг хүсч байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргасан нэхэмжлэлдээ: “97-26 улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины албан ёсны эзэмшигч нь болох Батмөнхийн Баярааг хамтран хариуцагчаар татаж өгнө үү. Хэргийн материалд байгаа нотлох баримтаар эм эмчилгээний зардалд 505,400 төгрөг, ажлын чадвар алдсаны улмаас 900,000 төгрөг, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг, нийт 1,705,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хариуцагчаар П.Туяаг, хамтран хариуцагчаар Б.Баяраа нарыг татсан. Яагаад нэхэмжлэлийн шаардлагад хоёр хариуцагч оруулж ирээд, хувь тэнцүүлээд гаргаад өгөөч ээ гэж байна вэ гэвэл. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг тул зам тээврийн осол гаргасан автомашиныг жолоодож явсан П.Туяа хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай заасан байдаг бөгөөд зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд Б.Баяраа нь уг автомашины эзэмшигч тул хуульд заасны дагуу гэм хорыг хариуцах үүрэгтэй. Энэ үүргээрээ Б.Баяраа гэм хорыг бүхэлд нь хариуцах үүрэг хүлээхээр харагдаж байгаа боловч Б.Баяраагийн зөвшөөрлөөр П.Туяа автомашиныг жолоодож явсан тул хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан байдаг. Д.Бүсмаа нь тухайн газар үйл ажиллагаа явуулдаг, сард 250,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөд, оёдол эрхэлдэг гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Өдөртөө 70,000 төгрөгөөс 80,000 төгөргийн орлого олдог гэдгийг гаргасан. Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй байгаа этгээдийн олсон орлогыг тодорхойлохдоо түрээс, төлдөг бусад зардлыг хасаад, олох байсан орлогыг тооцож үзээд 70,000 төгрөгөөс 80,000 төгрөг гэж гаргаж ирснийг шүүх анхаарч үзнэ үү. Гэм хор учирсан гэдэг нь нотлогдож байна. Гэм хор учирсантай холбоотой харвасан гэдэг нь нотлогдож байна. Яагаад тэр баримт 06 дугаар сарын 24-ний гэж гарсныг бид тодорхойлон хэлэх боломжгүй байна. Эмнэлгийн зүгээс эмчилгээ бичээд энэ энэ эмийг манай эмийн сангаас аваарай гээд гаргадаг тохиолдол байдаг. эмийн сангаас өгсөн баримт нь эм буцаагдсан байсан баримтыг өгөхөд анзаарахгүй авсан байхыг үгүйсгэхгүй. Хариуцагчийн үндэслэлгүй, нотлох баримтыг шаардлага хангахгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бусад баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна гэдгийг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч авч байгаа нь гэм хорын хохиролд тооцох эсэхийг ярьж байна. Ажлаа хийгээд осолд ороогүй байсан бол хэн нэгнээс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан. Өмгөөлөгчид төлсөн хөлсийг надад учирсан гэм хор гэж үзэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан зайлшгүй бүх зардалд орсон байна гэдгийг дурдах хэрэгтэй. Хөнгөн гэмтэл нь 4 долоо хоногоос хэтрэхгүй хөдөлмөрийн чадвар алдалт, цус харвалттай холбоотой асуудал одоо болтол явагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлт хөнгөн гээд гарсан. Уг дүгнэлт мөн эсэх, хүнд гэмтэл эсэх талаар хуулийн байгууллагад хандаагүй байгаа. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ огт биелүүлээгүй байж, нэхэмжлэгч Д.Бүсмааг ажлын байран дээрээ явж байсан гэж яриад, явж байсныг нь нотлоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх захын баруун талын зам нь өдөр бүр байнга түгжрэлтэй байдаг ба  нэг, хоёрдугаар эгнээндээ автомашин тавьчихсан, цагдаа зохицуулдаг  хурдан явах боломжгүй зам байдаг. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд уг зам дээр ар араасаа явж байсан байдаг. Зам дээр 5 км цаг хурдтай явж байгаад араас нь хүрсэн байдаг. Авто ослын акт дээр 5 км цагийн хурдтай явж урд талд явсан машины хойд буферийг зурсан гэж дүгнэлт гарсан байдаг. 5 км цаг хурд гэдэг нь машин дөнгөж хөдөлж байгаа байдал бөгөөд хоёр машины зөөлөн эд шүргэлцэхэд дотор нь байгаа зорчигдод нөлөөлөхгүй, гэмтэл авах нөхцөлгүй гэж үзэж байна. Хоёр төмөр хоорондоо мөргөлдөөгүй, хоёр гупер хоорондоо шүргэлцэхэд тухайн үед дотор нь зорчиж байсан Д.Бүсмаа гэмтэх үү? гэдэг асуудал байна. Тухайн үед хоёр жолооч автомашинаасаа бууж, автомашинаа хараад сэв, зураас байхгүй тул явсан байдаг. 2 цаг 30 минутын дараа нөхөр нь залгаад манай эхнэрийн толгой өвдөөд байна гэж хэлсэн байдаг. Д.Бүсмаа нь толгойн тус газраа гэмтэл авсан гэх оноштойгоор Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан. Эрүүл мэндийн даатгалаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж болохоор байтал үнэтэй хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Авто аваар гараад зорчигч бэртээд эмнэлэгт хэвтчихээр замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газар үзлэг хийсэн байдаг. Практик дээр толгой өвдөөд байна гээд эмнэлэгт хэвтчихлээ, гэхлээр хэргийн газрын үзлэг нөхөж хийгээд, шүүх шинжилгээний хүрээлэнгээс толгой өвдөөд байна гэхлээр нь  хөнгөн гэмтэл гаргачихдаг тохиолдол байдаг. Д.Бүсмаа нь хуучин ужиг өвчнөөр далимдуулж шунахай сэдэлтээр үндэслэлгүй, хуурамч материал бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг эсэргүүцэж байна. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “ДУБ” ХХК-д толгой, хүзүү АТГ үзүүлсэн 240,000 төгөргийн баримт нь хуурамч. “Хан талст” ХХК-ийн байранд лангуу түрээслэж оёдол үйлчилгээ явуулдаг, сарын төлбөр 260,000 төгрөг, цахилгааны төлбөрт 250,000 төгрөг төлдөг гэдэг нь үндэслэлгүй болох нь “Хан талст” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдоно. Мөн нэхэмжлэлдээ 5-6 эмийн сангаас авсан эм бэлдмэл нь толгой тархины эм биш, өөр өвчний эм бэлдмэл байна. Мөн хэрэглэхээ больсон зарлагын падаан нотлох баримтаар өгсөн байна. Иймд хөнгөн гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг алдалтанд нөлөөлөхгүй, 7-10 хоногийн дотор бүрэн эдгэрдэг тул олох ёстой байсан ажлын хөлсний төлбөр орлого гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэндээ Д.Бүсмаа нь бэртээгүй, олон жил оёдол хийдэг байсан тул хүзүү, толгой өвддөг хуучтэй бөгөөд үүнийгээ ашиглаад мөнгө гаргуулахаар оролдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Бичил лабд шинжилгээ хийлгэсэн 40,000 төгрөг, 8,000 төгрөгийн тархины үйл ажиллагаа дэмждэг эм нэг удаа авсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бүсмаа  нь хариуцагч П.Туяа, Б.Баяраа нарт холбогдуулан гэм хорын хохиролд буюу эм, эмчилгээний зардалд 505,400 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 900,000 төгрөг, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг, нийт 1,705,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 48,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Баяраагийн эзэмшлийн Toyota Prius маркийн 97-26 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Туяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь ...хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний ...хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, Toyota Prius маркийн 03-28 УНХ улсын дугаартай автомашины араас мөргөж, Д.Бүсмаагийн биед хөнгөн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан нь  Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал”, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам орчны байдал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 95-100 дахь тал/

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор уг зам тээврийн ослыг шалгаж, прокурорын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1839 дугаар тогтоолоор “...ослын улмаас бусдад учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /хэргийн 19 дэх тал/

 

Нэхэмжлэгч Д.Бүсмаа нь Иргэний хуулийн 497, 499, 505, 510 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Д.Бүсмаагийн биед “...тархи доргилт, духны зүүн талд суурь хэсэгт аалзан бүрхүүл доорхи зайнд цус харвалт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн байна. /хэргийн 105 дахь тал/

 

Д.Бүсмаа нь зам тээврийн ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 хоног, “Пиксел” ХХК-ийн “Идэрмэг” эмнэлэгт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 8 хоног хэвтэж эмчлүүлсэн нь тус эмнэлгүүдийн “Өвчний түүх” болон үзлэг, шинжилгээ хийлгэсэн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 78-93 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь нийт 1,705,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар холбогдох баримтуудыг ирүүлснээс хариуцагч нар “Бичил лаб” лабораторит шинжилгээ хийлгэсэн 40,000 төгрөг, тархины үйл ажиллагаа дэмждэг эм нэг удаа худалдан авсан  8,000 төгрөг, нийт 48,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Бүсмаа нь биед учирсан гэмтлийг эмчлүүлэхдээ мэдрэлийн “Идэрмэг” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 360,000 төгрөг төлсөн нь тус эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Бичил лаб” лабораторит шинжилгээ хийлгэхэд 40,000 төгрөг төлсөн нь кассын орлогын ордер, 2016 оны 06 дугаар сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд эмийн сангаас эм тариа худалдан авахад 36,000 төгрөг; 7,800 төгрөг; 7,200 төгрөг; 8,000 төгрөг; 30,100 төгрөг төлсөн нь “Агар шим” ХХК-ийн эмийн сан, Эмийн сан №6, “Монос амгалан эс” эмийн сан, МЭИК №6 эмийн сангийн кассын болон зарлагын баримт, эрх зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлсөнд 300,000 төгрөг төлсөн нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2016 тоот тасалбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчид учирсан уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас олох байсан орлого 900,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар тогтоогдохгүй, эм тариа худалдан авахад 16,300 төгрөг төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Toyota Prius маркийн 97-26 УНХ улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Баяраа, уг автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан П.Туяа нараас өөрт учирсан хохирлоо тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч Б.Баяраа нь өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэн өгснөөс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хариуцагч П.Туяа нь зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 48,000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн байдлаас дүгнэж нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нарт хамтран хариуцуулж гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч  Б.Баяраа, П.Туяа нар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч нараас гэм хорын хохирол 789,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бүсмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 916,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баяраа, П.Туяа нараас гэм хорын хохиролд 789,100 /долоон зуун наян есөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүсмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 916,300 /есөн зуун арван зургаан мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Баяраа, П.Туяа нараас  23,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Д.Бүсмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ                                                           Д.ЗОЛЗАЯА                                                

Б.ЦОЛМОНГЭРЭЛ