| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0131/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ш.Хосбая |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 127
2020 02 06 2020/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г.т холбогдох эрүүгийн 1809017570513 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 57-55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Г. нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 23 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг, “Ийзи Вей” ХХК-д тээврийн менежрээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Ямаат” ХХК-ийн төлбөрийн 664.470.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өдөр 682.900.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Мед буян” ХХК-ийн төлбөрийн 1.599.800 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сард ”Чинбаян” ХХК-ны төлбөрийн 2489 ам.доллар буюу 5.958.666 төгрөгийг тус тус завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г. нь үргэлжилсэн үйлдлээр завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компанид 2017 оны 05 дугаар сард тээврийн мэргэжилтэн албан тушаалд орсон Б.Г. нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа тасалж байсан. Б.Г. нь Ямаат ХХК-аас 2018 оны эхээр 230 евро, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин 230 еврог, “Мед буян” ХХК-аас 502 ам.доллар, 396.000 төгрөгийг тус тус өөрийн хувийн Хас банкны даснруу шилжүүлэн авсан байсан. Мөн 2018 оны 2, 3 дугаар саруудад Чинбаян ХХК-аас 2489 ам.долларыг бэлнээр хувьдаа авсан байсан...” гэх мэдүүлэг / хх-18-19 дүгээр тал/,
Гэрч Х.Б-гийн “... Бид 2018 оны 02 дугаар сарын төлбөрийг Г.т бэлнээр өгсөн, тэр үед манайхыг Г. хариуцан ажиллаж байсан. Тэгээд дараа нь манай ээжийн компани дахин тээвэр зуулчлал хийлгэх шаардлагатай болж дахин “Ийзи вей” ХХК-аар тээвэр зуулчлалаа хийлгэсэн. Тэр үед мөн Г. хариуцан ажиллаж байсан. Тэгээд өмнө нь төлбөрийг бэлнээр өгөөд асуудал гараагүй учраас дахин дараагийн төлбөр болох 2489 ам.долларыг 2018 оны 03 дугаар сард Г.т бэлнээр би өөрөө өгсөн юм. Би тухай үед Г.руу залгаад “Танай байгууллагаас нэг эмэгтэй яриад төлбөр өгөөгүй гэх асуудал яриад байна, энэ ямар учиртай вэ гэсэн чинь “санаа зовох хэрэггүй, би асуудлаа өөрөө шийдчихнэ” гэсэн хариу өгсөн...” гэх мэдүүлэг/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Манай байгууллага нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Ийзи вей” ХХК-ний нэхэмжлэх болох 502 ам.доллар, 396.000 төгрөгийг тус байгууллагын менежер Г. Хас банкны өөрийн дансруу 900.000 төгрөгөөр, 699.800 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн. Учир нь Г. хэлэхдээ “Миний Хас банкны дансруу шилжүүлчих гэж мсж бичиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/,
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би тээврийн төлбөр гэж 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 230 евро буюу тухайн өдрийн ханшаар 664.470 төгрөгийг Г.ын Хас банкны 000000000 данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар тал/,
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... 2018 оны 01 дүгээр сарын үед манай Ямаат ХХК-ийн захирал гадаад улсад амьдардаг байсан бөгөөд тухайн үед компанийн үйл ажиллагаа хариуцаж ажиллаж байсан. 2017 оны сүүлчээр “Ийзий Вей” компаниар дамжуулж тээвэрлэлт хийсэн бөгөөд тус компанийн менежер Г. гэгчийг манай компаний захирал Б өмнө нь таньдаг болж таарсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын үед “Ийзий Вей” компаниар тээвэрлэлт хийх болсон бөгөөд тухайн үед Г. нь тээвэрлэлтийн зардлыг миний дансруу хийчих гэж хэлснийх нь дагуу Г.ын хувийн дансруу хийсэн. Нэг ачилтыг “Ийзий Вей” компани нь 230 еврогоор хийдэг. Тухайн үед 230 еврог Монгол мөнгөөр бодоод 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 682.900 төгрөгийг Г.ын Хас банкны дансруу хийсэн. Манай компанид ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй, харин “Ийзий Вей” компанид хохирол учирсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 188 дугаар тал/,
Б.Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “... 2018 оны 01 дүгээр сарын үеэр Ямаат ХХК-аас тээврийн хөлсөнд авах ёстой байсан 230 еврог өөрийн Хас банкны дансаар авсан, 2018 оны 03 дугаар сард дахин 230 еврог өөрийн дансаараа авсан. Мөн 2018 оны 02 дугаар сард Чинбаян ХХК-аас тээврийн хөлсөнд авах ёстой байсан 2287 ам.долларыг бэлнээр авч хувьдаа ашигласан. Дараа нь 2018 он 03 дугаар сард “Мед буян” ХХК-аас тээврийн хөлсөнд авах ёстой байсан 502 ам.долларыг өөрийн Хас банкны дансаараа, мөн 396.000 төгрөгийг өөрийн дансаар тус тус авч хувьдаа завшсан. Тухайн мөнгийг өөрийн охины эмчилгээний зардалд зарцуулсан ба үлдсэн мөнгөөр нь өөрийн өрийг дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Яллагдагч Б.Г. нь “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Г.ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Прокуророос Б.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Г. нь хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг хавтас хэрэгт хавсаргасан, уг баримтад хохирлыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Г.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийН тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.Г.т “...2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч нь прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Г.ыг “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г.т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР