Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 “Мед импекс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2016/00850 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Мед импекс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Олфрейт” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 13 000 ам доллар буюу 18 421 000 төгрөг, алданги 9 210 500 төгрөг, гарсан зардал 70 200 төгрөг нийтдээ 27 701 700 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

 

2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         П.Нарантуяа

Хариуцагчийн төлөөлөгч                                        Г.Бямбадорж

Хариуцагчийн өмгөөлөгч                                        Б.Батдорж                     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч компани нь эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг захиалан авч байхаар хариуцагч Г.Бямбадоржтой хамтран ажилладаг байсан. Хариуцагч өөрийгөө Америкийн нэгдсэн улсын Вержина хотод байрлах “Ю мон инк” гэдэг компанид ажилладаг гэж танилцуулж байсан. Хариуцагчтай бид 2008 оноос хойш хамтарч ажиллаад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авдаг байсан. Тухайн үед хариуцагч “Ю Мон Инк”, “Олфрейт” ХХК-ийн дансууд руу мөнгийг явуулдаг байсан бөгөөд эдгээр компаниудаас манай компанид мөнгөний нэхэмжлэл явуулдаг байсан. Г.Бямбадорж өөрийгөө эдгээр компаниудын захирал гэж хэлдэг байсан. Ингээд 2013 оны 3 дугаар сарын эхээр манай харилцагч байгууллагаас асуухад хариуцагч оруулж ирэх боломжтой гэж байсан. 2013 оны 3 дугаар сарын 21-нд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд худалдагч тал гэдэгт “Ю Мон Инк” гэдэг компанийн нэрийг бичээд хариуцагч өөрийн гарын үсгээ зураад гэрээ хийсэн боловч гэрээний мөнгийг авахдаа “Олфрейт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгө шилжүүлэх нэхэмжлэл ирүүлснээр манайхаас төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Гэрээний төлбөрийг нэхэмжлэгч тал Г.Бямбадоржийн дансанд хийгээгүй “Олфрейт” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул энэхүү гэрээний нэг тал буюу жинхэнэ хариуцагч нь “Олфрейт” ХХК юм гэж үзэж байна. Иймээс энэхүү хэргийн оролцогч “Олфрейт” ХХК юм. Үүний дараа 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 0609 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээг үйлдэх санал санаачлагыг хариуцагч өөрөө санал болгосон. Тэрээр хэлэхдээ би Багануур ХК-иас их хэмжээний авлага авна. Тэр мөнгө 2 сарын дараа орж ирнэ, тиймээс үүнийгээ баталгаа болгож шинэ гэрээ хийе гээд хийсэн. Багануур хувьцаат компанитай байгуулсан гэрээгээ манай байгууллага руу скайнердаад явуулсан байдаг. Манай талаас төлбөрөө аль болох хурдан авах хэрэгтэй байсан учраас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгоод Г.Бямбадоржийн санал болгосон зээлийн гэрээг бид байгуулсан юм. Энэхүү баримт нь “Олфрейт” ХХК-ийн захирал Г.Бямбадорж нь маргаан бүхий гэрээний харилцааны оролцогч мөн юм гэдгийг баталж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 18 421 000 төгрөг, алданги болох 9 210 500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 27 701 700 төгрөгийг хариуцагч “Олфрейт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Бямбадорж нь “Медимпекс Интернэшнл” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Иргэн надаас нэхэмжилж байгаа 13 000 ам.доллар буюу 18 421 000 төгрөгийн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ хэлцэл байгуулаагүй учраас алданги        9 210 500 төгрөгийг мөн адил зөвшөөрөх боломжгүй. Намайг эрэн сурвалжлуулахад гарсан гэх  70 200 төгрөг нь хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж тул зөвшөөрөхгүй. Энэхүү маргаантай асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлэж үнэн бодит байдлыг шудрага шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Өнөөдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгатай танилцлаа. Иргэн Г.Бямбадорж нь энэ хэрэгт хариуцагчаар оролцох бололцоогүй гэдгийг өмнө нь тайлбарласан. Учир нь иргэн Г.Бямбадорж нь иргэн хүний хувиар эрх зүйн өөр этгээд юм. Нэхэмжлэгч компани болон “Ю Мон Инк” гэдэг компаниудын хооронд гэрээ хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг Г.Бямбадорж захирлын гарын үсэг мөн байна гэдэг дүгнэлт гарсан. Энэ тал дээр маргаан байхгүй. Одоо хэлэлцэгдэж буй энэ хэргийн хариуцагч нь иргэн Г.Бямбадорж биш юм. Энэ хэргийн хариуцагч нь анх тодорхойлсноор гэрээнд дурдагдсан АНУ-ын Элинойс мужын Чикаго хотод байдаг “Ю Мон Инк” гэдэг нэртэй гадаадын хуулийн этгээд юм. Тэгэхээр манайх ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбараа өгч байсан. Иймд хариуцагч талаас нэхэмжилж буй 18 421 000 төгрөг, алданги болох 9 210 500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 27 701 700 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь иргэн Г.Бямбадорж нь хариуцагч биш байхад эрэн сурвалжилсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Үүний эсрэг Г.Бямбадоржийн зүгээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд Г.Бямбадорж нь энэ мөнгийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Багануур ХК-тай байгуулсан гэрээнд Г.Бямбадоржийн нэр биш өөр хүмүүсийн нэр явж байна. Зээлийн гэрээг харахад худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэж гэрээ байгуулсан гэж тодорхой үндэслэлээ дурдсан байна. Иймд энэхүү гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг нь өөр гэрээнд тулгуурлаж байсан гэдэг нь харагдаж байна. Зээлдүүлэгч нь 13 000 ам долларыг 2 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлсэнд тооцно гэж заасан болохоос зээлдүүлнэ, зээлийн харилцаа үүссэн албан ёсны хүсэл зоригийн төгс хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2.2-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага тооцохоор заасан байна. Гэхдээ үндсэн зээл дээр нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг тооцно гэсэн байна. Эдгээрийг тооцохдоо 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл алдангийг тооцоход 30 900 ам.доллар, үүн дээр 2014 оны 8 дугаар сарын 1-нээс cap бүр 13 000 ам.доллараас 2 хувийн хүү буюу 260 ам.доллар төлөх ёстой мэт харагдаж байна. Зээлийн гэрээний 6.3-т энэхүү гэрээ байгуулснаар өмнө нь байгуулсан гэрээ урьдын адил хүчин төгөлдөр байна гэж заасныг урьд нь байгуулсан үндсэн гэрээ болох худалдах, худалдан авах гэрээг дурдсан гэж би ойлгож байна. Иймд зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангаж байгаа юм. Гол нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хуульд заасан илэрхийлэлд орохгүй байна. Өөр гэрээний үр дагаврыг зохицуулахаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 7 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар Монгол улсад “Ю Мон Инк” гэдэг компани нь Монгол улсад бүртгэлгүй байна гэж гарсан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээдийн шаардлага хангаагүй гэрээ байгуулагдсан. Одоо иргэн Г.Бямбадоржоос нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа асуудал нь худалдах худалдан авах гэрээний дагуу маргааны асуудлыг шийдүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдэд хамааралтай асуудлыг иргэн Г.Бямбадоржоос нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа мэдэхгүй байгаатай холбоотой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяаллыг мэдэхгүй байгаагаас буруу, хууль зүйн үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасан маргаантай холбоотой энэхүү гэрээний асуудал нь Монгол улсын шүүхийн харьяаллын асуудал биш юм. Хуульд худалдагч талын хаягийн шүүхээр уг хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал н.Отгонтуяа нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж эрх үүрэг нь үүссэн байна. Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй боловч хуулийн этгээдийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, дуусгавар болдог. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Отгонтуяад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсч байхад үүнээс өмнө 2014 оны 9 дүгээр сарын 17 өдөр П.Нарантуяад итгэмжлэл олгож нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэл олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас П.Нарантуяагийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан бүх үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Бямбадорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон үүн дээр үндэслэн дараа нь хийгдсэн зээлийн гэрээ хэлцлийг хууль бус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.Бямбадорж нь энэхүү гэрээнүүдийн дагуу хариуцагч биш гэдгийг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Энэхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд Г.Бямбадорж нь энэ мөнгийг хүлээн аваагүй юм. Зээлийн гэрээг анх хийсэн хүсэл зориг, үндэслэл шаардлага, тооцоолол нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ биш байж гэдэг нь харагдаж байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс анх иргэн Г.Бямбадоржийг хариуцагчаар татаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг хариуцагчаас чөлөөлөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Олфрейт” ХХК-ийг хариуцагчаар татсан шүү дээ. Иймд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэсгүй гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Олфрейт” ХХК-иас барааны үнэ 18 421 000 төгрөгийг гаргуулж “Мед импекс интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 280 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Г.Бямбадоржийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Олфрейт” ХХК-иас 250 555 төгрөг гаргуулж “Мед импекс интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 500 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд дутуу төлсөн 179 855 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэрэгт хамааралгүй 25 хуудас баримтыг хэргийн нотлох баримтаас хассан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дүгээр зүйлийг үндэслэн талуудын хооронд худалдах,худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу төлсөн мөнгө нь “Олфрейт” ХХК-ийн дансанд төлөгдсөн, үүнд маргаан байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Энэхүү дүгнэлт нь гэрээний талууд болох Монгол Улсын хуулийн этгээд “Медимпекс интернейшнл” ХХК, АНУ-ын хуулийн этгээд “Ю Мон Инк компанийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн “MED-UMON-03/2013” гэрээнд үндэслэсэн болно. АНУ-ын хуулийн этгээд “Ю Мон Инк компанитай хийсэн гэрээний эрх, үүрэг, хариуцлага, үр дагаврыг тусдаа хуулийн этгээд болох “Олфрейт”   ХХК-д хариуцуулах шалтгаант холбоо, учир шалтгааны үндэслэлийг нэхэмжлэгч нотолж чадаагүй, үүнд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлээгүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх “Ю Мон Инк” компани холбогдсон эрх зүйн харилцааны үр дагаврыг шалган нягтлалгүйгээр буюу тэрхүү эрх,үүрэг хүчин төгөлдөр байгаа эсэх, дуусгавар болгосон эсэх эсхүл хууль, гэрээний үндсэн дээр бусдад шилжсэн, шилжүүлсэн эсэх зэрэг ач холбогдол бүхий байдлыг тогтоолгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурлан үйл баримтыг нягтлалгүйгээр “Ю Мон Инк” компанийн эрх, үүргийг өөр эрх зүйн этгээдэд хамааруулан хариуцуулж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Отгонтуяа 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, компанийн гэрчилгээн дэх улсын бүртгэл шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан. Гэтэл үүнээс өмнө 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал н.Отгонтуяагаас П.Нарантуяад итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал, хууль зүйн факт шүүх хуралдааны явцад тогтоогдсон байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосонгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн  65.1.5, 117 дугаар зүйлийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт “Өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч шүүх ...иргэний хэрэг үүсгэсэн,... шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдсэн, цаг хугацааны хувьд удааширсан байдал байгаа тул... шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт харшилсан дүгнэлт болсон. Шүүхэд төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлага, шинжээч томилуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг шүүхээр хэрэгжүүлсэн, хариуцагчийг дураараа өөрчилсөн, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрт ашигтай байдлаар өөрчилсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Медимпекс интернэшнл” ХХК нь хариуцагч “Олфрейт” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27 701 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь “Медимпекс интернэшнл” ХХК нь “Ю-Мон-ИНК” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ¹ MED-UMON-03/2013 гэсэн гэрээ байгуулж уг гэрээгээр эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжийг 13 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон байна. /хэргийн 93 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/17653 тоот албан бичгээс үзэхэд “Олфрейт” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь Г.Бямбадоржид байгаа болох нь тогтоогдсон байна. / хэргийн 83-84 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч Г.Бямбадорж нь дээрх гэрээнд зурсан гарын үсгийг өөрийнхөө гарын үсэг биш гэж маргасан боловч хэрэг хянан шийрлэх ажиллагааны явцад гарсан Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2492 дугар шинжээчийн дүгнэлтээр 2013 оны 3 дугар сарын 21-ний өдөр Гэрээ ¹ MED-UMON-03/2013 гэсэн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 06-09 тоот зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагч Г.Бямбадоржийн гарын үсгийн хэвтэй тохирч байна. /хэргийн 120-125 дугаар тал/

Хэрэгт “Олфрейт” ХХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 079 дугаартай худалдааны нэхэмжлэл, 3/1/84 дугаартай 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн даалгавар, “Олфрейт” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 405049192 тоот дансанд худалдах худалдан авах гэрээний үнэ 18 421 000 төгрөгийг нэхэмжлэгч “Мед импекс интернэшнл” ХХК нь хариуцагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хэргийн 8-9, 42-50 дугаар тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” байх тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч талд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр дээрх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Олфрейт” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Медимпекс интернэшнл” ХХК нь “Олфрейт” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Олфрейт” ХХК -аас гэрээний үнээ буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллага гэрээний үүргийг биелүүлж төлбөр тооцоо нийлүүлснээ нотлоогүй, нийлүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.  

Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас “Олфрейт” ХХК-аас нэхэмжлэгч байгууллагын тоног төхөөрөмжийн үнэд шилжүүлсэн 18 421 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байгаа боловч нэхэмжлэгч “Медимпекс интернэшнл” ХХК нь “Олфрейт” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, гэрээний үнийг буцаан гаргуулахаар шаардсан шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг дангаар нь баримтлан шийдвэрлэсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсон байна.

Мөн “Медимпекс интернэшнл” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Олфрейт” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагчийн өмгөөлөгчид гардуулж,  энэ талаар дүгнэлт хийжээ. /хэргийн 55, 60-67 161-163 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Г.Бямбадоржид хувь хүнийнх нь хувьд бус хариуцагч “Олфрейт” ХХК-ийн захирлын хувьд холбогдуулан гаргасан байхад, хариуцагч Г.Бямбадорж нь сөрөг нэхэмжлэлээ хувь хүнийхээ хувьд гаргасан байх тул  анхан шатны шүүх Г.Бямбадоржийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

“Медимпекс интернэшнл” ХХКийн зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 17, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд тус байгууллагын төлөөлөх итгэмжлэлийг П.Нарантуяад албан ёсоор олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй юм. 

Анхан шатны шүүх тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь цаг хугацааны хувьд удааширсантай холбоотойгоор хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай болсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт “Хэрэгт байгаа бичмэл нотлох баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч боохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу нотлох баримт шаардан авч болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч талаас ирүүлсэн 25 хуудас нотлох хуурамч болох, уг байдлыг хэрхэн нотолсон, нотлох баримтаас хасахыг хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх тухайн баримтуудыг хэргийн нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн зөрчилтэй болсон байна.

Гэвч эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд шууд хамааралтай биш байгаа боловч дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ний өдрийн 183/ШШ2016/00850 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...”  гэсний дараа  “205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг” гэж нэмж,

 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5…” гэж тус тус өөрчилж,

 

3 дахь заалтаас “…хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд дутуу төлсөн 179 855 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг хасч,

Шийдвэрийн “4” дэх заалтыг хүчингүй болгож, “5” дахь заалтын дугаарыг “4” гэж , “6” дахь заалтын дугаарыг “5” болгон тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Б.Батдоржоос төлсөн 250 055 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                         ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО