Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0181

 

“А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, өмгөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр: Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн гаргасан, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц Т З” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаас “А Т” ХХК болон “Ц Т З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагад дүгнэлт өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ... шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн.

... Зорчигчийн урсгал нэмэгдээгүй байхад “Ц Т З” ХХК-тай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй байна.

... Хариуцагч ямар нэгэн тооцоо судалгаа хийгээгүй, ... чиглэл давтамж шинээр нэмэгдэх тохиолдолд манай компани гүйцэтгэх боломжтой, техникийн бүрэн чадамжтай ... байтал гэрээ байгуулж байгаа нь манай компанийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна.

... Гэрээтэй холбоотой ажлын хэсэг хуралдаагүй, үндсэн гэрээ байгуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, манай компанитай харилцан тохиролцоогүй. Гэтэл анхан шатны шүүх сонсох ажиллагаа хийсэн, гэрээ байгуулах, чиглэл давтамж нэмэх талаар хурлаар шийдсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

НЭГ. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 015/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10 /улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай” 76 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаараа гэрээгээр гүйцэтгэх Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах үйлчилгээг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т шилжүүлжээ.

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “А Т” ХХК-тай “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлийн хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудын 10:00, 13:00 цагуудын давтамжаар гүйцэтгүүлэхээр ХХНТ-048/2019 дүгээр “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г 4 жилийн хугацаагаар, “З Т Х” ХХК-тай 2020 оны 22 дугаар сарын 14-ний өдөр Мягмар, Пүрэв, Бямба гарагуудын 10:00, 13:00 цагуудын давтамжаар гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулжээ.

“Ц Т З” ХХК-аас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар” чиглэлд 16:00 цагаас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг явуулах хүсэлтүүдийг[1] 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/17, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/30, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19/029, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19/40 дүгээр албан бичгүүдээр тус тус гаргасан, мөн Ховд аймгийн Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1/684 дүгээр албан бичгээр “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар” чиглэлд үйлчилгээ эрхэлдэг “А Т” ХХК, “Х З Т” ХХК-ууд нь баяр ёслол, оюутны амралтын үеэр хэт их ачаалалтай, нэмэлт автобус гаргадаг боловч иргэд багтахгүй үлдсэний улмаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр зорчих, хулгайн тээвэр гарч байгаа учир “Ц Т З” ХХК-д хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож өгөх талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/22 дугаар албан бичгээр “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар” чиглэлд 16:00 цагийн тээврийн үйлчилгээ эрхлэх тухай “Ц Т З” ХХК-ийн хүсэлтийг дэмжиж байгаа талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус мэдэгдэж байсан зэргийг үндэслэн хариуцагч байгууллага Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар баталсан ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн “Гурав”-ын 3.1.1-д “зорчигч тээврийн үйлчилгээг зорчигчийн эрэлт хэрэгцээ, дэд бүтэц, орон сууцны хороолол болон үйлдвэр, үйлчилгээний газруудын байршлаас хамааруулан бусад төрлийн тээврийн үйлчилгээтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны арга аргачлалын ... дагуу төлөвлөх ...”, 3.3.6-д “тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг нэмэх асуудлыг шийдвэрлэнэ”, “Дөрөв”-ийн 4.1.2.6-д “зорчигч тээврийн үйлчилгээний зөвшөөрөгдсөн чиглэлд энэхүү дүрмийн 3.1-д заасан тооцоо, судалгаа, тээврийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж болон тээвэрлэгчийг нэмэх зэргээр аливаа өөрчлөлт хийхгүй” гэх зохицуулалтуудын хүрээнд 2019 оны 07 дугаар сарын байдлаар хийсэн ХХ18 дугаартай “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум” чиглэлийн судалгаагаар уг чиглэлийн зорчигч урсгал 2016 онд 51582, 2017 онд 62484, 2019 онд 69395, 2019 онд 70005 болж нэмэгдсэн[2], 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн судалгаагаар[3] тус чиглэлийн аж ахуйн нэгж тус бүрийн дундаж суудал ашиглалт “А Т” ХХК 81.8, “Х З Т” ХХК 78.4, тус чиглэлийн дундаж суудал ашиглалт 80 хувьтай,

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тухайн чиглэлд “А Т” ХХК Улаанбаатар талаас 82, орон нутаг талаас 85, “Х З Т” ХХК Улаанбаатар талаас 66, орон нутаг талаас 69 нэмэлт тээврийн хэрэгсэл гаргаж, тус чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг явуулж байсныг тогтоожээ.

Дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ ХХ18 дугаартай “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг “А Т” ХХК, “Х З Т” ХХК, “Ц Т З” ХХК-уудад 16:00 цагийн давтамж нэмэгдүүлэх эсэх асуудлаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн сонсголд “Х З Т” ХХК, “Ц Т З” ХХК-уудыг оролцуулж, тухайн чиглэлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс “Ц Т З” ХХК-тай долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Баасан гарагуудын 16:00 цагт тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр 3 сарын хугацаагаар түр гэрээг, улмаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 015/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэх асуудлаар хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтад[4] нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн менежер оролцсон нь баримтаар мөн тогтоогджээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2020 оны 04 дүгээр сарын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0.63 байна, зорчигч тээвэрлэлт 24.6 хувиар буурсан” гэх тайлбар[5]-ыг маргаан бүхий гэрээ байгуулах нөхцөл байдалд хамааруулж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд Монгол Улсад коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр нийслэл, орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой, үүнийг ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн “Гурав”-ын 3.3.4-д “ ... суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0.90-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй” гэж заасныг зөрчиж, гуравдагч этгээдтэй маргаан бүхий гэрээг байгуулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн “Гурав”-ын 3.1.1-д заасны дагуу өмнө хийсэн “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлийн тооцоо, судалгаа, тээврийн эрэлт, хэрэгцээнд үндэслэсэн тооцооллыг тус чиглэлд үйлчилгээ эрхэлдэг бусад аж ахуйн нэгжийн цагийн давтамжийг давхцуулахгүйгээр гуравдагч этгээд “Ц Т З” ХХК-тай гэрээ байгуулсан нь уг дүрмийн “Дөрөв”-ийн 4.1.2.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

Тус чиглэлийн зорчигч тээвэрлэлтийн урсгал 2016 оноос 2019 он хүртэл нэмэгдсээр ирсэн, мөн хугацаанд тухайн чиглэлд “А Т” ХХК, “Х З Т” ХХК-ууд нэмэлт тээврийн хэрэгсэл гаргаж тээвэрлэлт гүйцэтгэдэг байсны улмаас хариуцагч байгууллага ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн дүрмийн “Гурав”-ын 3.3.6-д “тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн чиглэлд тээвэрлэгчийг нэмэх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Нөгөө талаас “А Т” ХХК тус чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг явуулахдаа “жолооч нарын хариуцлагагүйгээс эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлсэн, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлээгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэрэг шалтгааны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зам тээврийн осол 1, техникийн саатал 7, стандарт, гэрээний үүргээ үл биелүүлэн осол, саатлын үед мэдээллийг шуурхай дамжуулдаггүй, шуурхай ажиллагааг яаралтай зохион байгуулаагүйгээс зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн, үйл ажиллагаа явуулсан сүүлийн 3 жилд 45 техникийн саатал, 2 осол, 10 зөрчил гаргаж байсан” зэрэг нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3/988 дугаар мэдэгдэл[6], 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн судалгаагаар[7] тогтоогджээ.

Энэ тохиолдолд хариуцагч байгууллагыг гуравдагч этгээд “Ц Т З” ХХК-тай тус чиглэлд цагийн давтамжийг нэмэгдүүлсэн буюу 16:00 цагийн тээврийн үйлчилгээ явуулахаар гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй.

Үүнээс гадна хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн “Гурав”-ын 3.3.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “07 дугаар сарын байдлаар тухайн чиглэлийн зорчигч урсгалын болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны тухайн чиглэлд хийсэн нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан тооцоо, судалгаа”, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хот хоорондын нийтийн тээвэрт давтамж нэмэгдүүлэх талаарх танилцуулга зэрэгт үндэслэн “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд 16:00 цагийн давтамж нэмэгдүүлж, “Ц Т З” ХХК-тай маргаан бүхий гэрээг байгуулсан нь дүрмийн “Гурав”-ын 3.2.2 /зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг тооцоололгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй/, 3.2.5 /тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй/-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нэгэнт “А Т” ХХК, “Х З Т” ХХК-ууд тус чиглэлийн нэмэгдсэн зорчигч тээврийн урсгалыг тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсныг холбогдох судалгаагаар тогтоогдсон, “А Т” ХХК үйл ажиллагаагаа явуулахдаа зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсгэж байсантай холбогдуулан “Ц Т З” ХХК-тай маргаан бүхий гэрээг байгуулсан нь  ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн “Нэг”-ийн 1.1.1-д “Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автотээврийн хэрэгслээр зорчигч, ... тээврийн ажил үйлчилгээг аюулгүй, шуурхай зохицуулж, зохион байгуулахад оршино” гэж заасанд нийцсэн байна.

Үүнээс үзвэл ““А Т” ХХК-тай байгуулсан 048/2019 дүгээр гэрээний 1.5-д заасан “Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах ...” гэх зохицуулалтыг зөрчиж, “Ц Т З” ХХК-тай гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

ХОЁР. “”Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 дугаар түр гэрээ”, ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийн 1 дэх заалтаас “Ц Т З” ХХК болон “А Т” ХКК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 015/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай” шаардлагаа дэмжсэн, улмаар үлдэх 2 шаардлага буюу “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 дугаар түр гэрээ”, ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийн 1 дэх заалтаас “Ц Т З” ХХК болон “А Т” ХКК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагуудаасаа татгалзжээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 дугаар түр гэрээ”-г хүчингүй болгуулах тухай” татгалзсан шаардлагад дүгнэлт хийж, хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана/-д нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “52.2.3” гэсний дараах “Захиргааны ерөнхий хуулийн” гэснийг, “хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон” гэснийг тус тус хасаж, 2 дахь заалтын “хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаас“ гэснийг “хэсгийг, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ц Т З” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 дугаар түр гэрээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудаас“ гэж өөрчилж, 3 дахь заалтын “51.1” гэсний дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1” гэж нэмж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

[1] 1 дэх хавтсын 74-76, 80 дахь талууд.

[2] 1 дэх хавтсын 59 дэх тал.

[3] 1 дэх хавтсын 60-61 дэх тал.

[4] 1 дэх хавтсын 242 дахь тал.

[5] 1 дэх хавтсын 54 дэх тал.

[6] 1 дэх хавтсын 84 дэх тал.

[7] 1 дэх хавстын 60-61 дэх тал.