Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

2020       02         06                                 2020/ШЦТ/126

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.,

Гэрч Ц.Х,

Шинжээч Н.Э,

            Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Б О-д холбогдох эрүүгийн 19050382521289 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжны 116 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Б О,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.О нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүннү хорооллын зүүн талд байрлах траншейнд О.Т-тай архи булаацалдсаны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт дарсны шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлахаар хурлын тэмдэглэлд тэмдэглэлүүлэв. Үүнд:

Улсын яллагчаас: “... Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэрч Я.Б-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч О.Т-н мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Н.М-н мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч О.Ш-н мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч Ц.Х-н мэдүүлэг /хх-ийн 49/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-н мэдүүлэг /хх-ийн 100/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13/, шинжээчийн 11923 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/, яллагдагч Б.О-н мэдүүлэг /хх-ийн 93/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  5/, хохирогчийг эмчилж буй эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя...”,

Шүүгдэгч болон түүнний өмгөөлөгч Б.Ч: “... Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй...”,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “... Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй...” гэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч О.Т нь манай гэрт 2019 оны 09 дүгээр сарын эхээр согтуу ирээд хоносон. Ингээд өглөө О.Т-тай Скай их дэлгүүрийн гаднаас пиво олж уусан. Тэгээд сав шилээ түүгээд байж байхад Х-ийн траншейны нүхрүү оръё гээд хамт орсон. Нүхэнд ороод хохирогч нь намайг дарсаа уу гэхэд уухгүй гэж хэлэхэд уурласан. Тэгээд нэг мэдэхэд би унтцан байсан. Гэтэл босоод ирэхэд О.Т байхгүй байсан. Сэрэхэд О-аа надад та О.Т-ыг дарсны шилээр цохисон гэж хэлсэн гэв. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч болон шүүгдэгч нарын согтуу байдлаас  үүссэн. Мөн хохирогч нь Б.О-ийн гэрт шөнө согтуу ирсэн хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг ойлгож байх тул маргах зүйлгүй ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Шүүх хуралдаанд мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шинжээч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний бие 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Ганчулууны тогтоолоор 40 настай эрэгтэй О.Т-ын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11923 тоот дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтээр Т-ын биед зүүн зулайн ясны шугаман хугарал, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрхий цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, субарахноидал зайн цус харвалт, зүүн чи сэтэрсэн шарх, ар дагз, дух, баруун тохой, шуу, бүсэлхий нурууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлтийг гаргасан...” гэв.

 

Гэрч Ц.Х-т шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би траншэйнд О-ы хамт унтаж байх үед О.Т болон Б.О нар орж ирсэн. Тэгээд цэнхэр шилтэй винотой орж ирээд эгч нь дүүгээ тухайн шилээр цохисон. Би салгах гэсэн боловч Б.О нь “...миний дүү бид 2-ын асуудал чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд дүү нь траншэйны дамнуурга дээр цусаа гойжуулаад сууж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэх гээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд очсон. Гэтэл цагдаа нар ирээгүй...” гэв.

      

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүннү хорооллын зүүн талд байрлах траншейнд О.Т-тай архи булаацалдсаны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт дарсны шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн зулайн ясны шугаман хугарал, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрхий цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, субарахноидал зайн цус харвалт, зүүн чи сэтэрсэн шарх, ар дагз, дух, баруун тохой, шуу, бүсэлхий нурууны зулгарсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

гэрч Я.Б-ны “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 11.00 цагийн үед гэмтлийн эмнэлгийн хойд талын 103 дугаар байрны урд талын туслах замаар явж байхад 103 дугаар байр талдаа Саарал өнгийн кровн маркийн машины хажууд яасан нь мэдэгдэхгүй толгойгоо цагаан бинтээр ороосон хар бараан өнгийн куртиктай жинсэн өмд хар өнгийн ботинктой эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би очоод сэрээх гэтэл сэрэхгүй болохоор нь өөрийн 9....... дугаарын утсаар 102, 103 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

гэрч О.Т-н “... Т нь 2010 оноос унаж татдаг болоод ажил хийхээ больсон. Төрөхдөө эмч нарын буруугаас болж тархины гэмтэлтэй төрж байсан гэж ээж О хэлж байсан. Миний дүү Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд 2016 оноос хойш эрчимтэй архи уудаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

гэрч Н.М “... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 10.00 цагийн үед эхнэр О нь өөрийн дүү Т-ыг зодчихоод ирлээ гэж хэлээ гэрт орж ирсэн бөгөөд ирснээсээ хойш одоо яадаг бол түргэн ирээд аваад явсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

гэрч О.Ш “...Сүхбаатар дүүргийн далан дагуу байдаг траншейнд очиход манай ээж О, Х, О нарын хамт согтуу байсан бөгөөд манай ээж бараг тасарчихсан байсан. Би ээж дээр очоод та Б ахтай хамт явж байна гээ биз дээ гэхэд Б бид 2 хамт явж байгаад муудалцаад би Б-н толгойруу архины шилээр цохьсон тэгсэн чинь Б цусаа гоожуулаад гараад явсан хаашаа явсныг нь мэдэхгүй байна гэсэн. Намайг траншейнд очиход траншейний гол хэсэгт цемент тэр чигтээ цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/,

гэрч Ц.Х мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр өглөөний 05.00 цагийн орчим гаднаас ногоон Б хочтой Т, нагац эгч Б.О хамт согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэчихсэн нэг том хуванцар савтай шар айраг, ногоон өнгийн шилтэй дарс, архи зэргийг авч орж ирээд тэр 2 хувааж уусан. О бид 2 тэр хоёрын авчирсан архи шар айрагнаас огт уугаагүй. Тэгээд байж байтал тэр 2 авчирсан ногоон шилтэй дарсаа булаацалдаад хоорондоо маргалдсан ба ногоон Б О-г “гичий, пизда” гэх зэргээр харааж доромжлоход О уурлаад ногоон өнгийн дарсны шилээр түүний толгойн зүүн дагз хэсэгт нь нэг удаа цохиход шил нь хагараад ногоон Б-н толгойноос цус гарсан. О Б-ийн цусыг тогтоох гэж оролдсон боловч цус нь тогтохгүй байсан ба О гарч яваад удалгүй цагаан бент авчираад толгойг нь боогоод цусыг нь тогтоох оролдлого хийсэн бөгөөд намайг туслах гэтэл О “би дүүгээ мэдэж байна, энэ бол миний дүү” гэх зэргээр уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11923 дугаартай дүгнэлтэд “...О.Т-ын биед зүүн зулайн ясны шугаман хугарал, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрхий цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, субарахноидал зайн цус харвалт, зүүн чи сэтэрсэн шарх, ар дагз, дух, баруун тохой, шуу, бүсэлхий нурууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “... О.Т нь миний төрсөн ах байгаа юм. 1984 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, О гэдэг хүний 2 дахь хүүхэд юм. Миний ах О.Т нь 10 жилийн сургуульд сураагүй бөгөөд багаасаа хар бараан ажил хийж өссөн бөгөөд 1 хүнтэй суугаад нэг хүүхэдтэй болсон. 2015 оноос хойш эхнэр, хүүхдээсээ салаад тусдаа амьдарч байгаа бөгөөд хэл ярианы хувьд өөрийгөө удирдах чадваргүй, ярих боломжгүй хүн байгаа юм. Гомдлын саналын тухайд би ар гэрийхэнтэйгээ ярьж байгаад хариугаа хэлнэ, шүүх хуралдаанд оролцоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар тал/,

Яллагдагч Б.О яллагдагчаар мэдүүлсэн “...Биднийг тухайн траншейнд очиход Х, О нар жаахан архи үнэртүүлчихсэн байсан. Дараа нь би Т хандаж хоёулаа энд уугаад яах юм бэ дарсаа аваад явчихья энд халуун байгаа болохоор миний толгой өвдөөд манараад байна гэхэд Т надаас дарсаа харамлаад би энэ дарсыг анх олсон би өөрөө ууна гичий минь гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би пааран дээр байсан дарсны шилийг аваад Т-н толгойн тус газарт нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, хэрэгт цугларсан талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, шинжээч эмчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

        

         Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.О-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.   

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж 1000 төгрөг/ 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг...”,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “…Прокурорын саналыг дэмжиж байна. Иймд, торгуулийн ял шийтгэж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн...”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан “... хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” түүнчлэн хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.О-д хорихоос өөр төрлийн ял буюу “...торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т “... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцахад шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх чадвартай эсэх талаар нотолсон баримт авагдаагүй, түүнчлэн шүүгдэгч нь хавтас хэргийн 108 дугаар талд авагдсан “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 дугаар тушаалаар батлагдсан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний 310 босго онооноос доогуурт...” багтсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх гагцхүү шүүгдэгч түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн торгуулийн ял шийтгэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхой бус хавтас хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

ГУРАВ. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

Мөн хавтас хэргийн 110-115 дугаар талуудад шүүгдэгч Б.О-гийн 1998-2017 онуудад төрсөн 6 хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан байх бөгөөд 2006 оны 09 дүгээр сарын 07-нд төрсөн охин Б.А /хх-ийн 115/-р тал, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Г /хх-ийн 112/-р тал, 2015 оны 07 дугаар сарын 14-нд төрсөн хүү О.Б /хх-ийн 111/-р тал, 2017 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн хүү О.Ж /хх-ийн 110/-р тал, нарт асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.О-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.О-д оноглуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.О-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 07-нд төрсөн охин Б.А, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Г, 2015 оны 07 дугаар сарын 14-нд төрсөн хүү О.Б, 2017 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн хүү О.Ж нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргад үүрэг болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ИДЭР