Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

2020       02        19                                   2020/ШЦТ/168 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Э.Э.

Шүүгдэгч Б.О., түүний өмгөөлөгч А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О.од холбогдох эрүүгийн 1809 0462 71459 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант 21 дүгээрх гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овгийн Б-н О. /РД:ОЮ91120314/,

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О. нь иргэн  Э.Э.ыг “Таван сая төгрөг өгвөл 3 хоногийн дотор барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Хаан банкнаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэх гэмт хэрэгт холбогджээ.   

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Хохирогч Э.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сард Т над руу утасдаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 50.000.000 төгрөгийн тендерийн завсрын ажлыг манай найзын дүү нь ажил олж өгнө гээд намайг Б.О.той холбож өгсөн. Б.О. нь надад 3 хоногийн дотор завсрын ажил олж өгөх талаар санал болгоод хамтран ажиллах тухай албан бичгээ яаралтай явуулаарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах тухай албан бичгийг мэйл хаягаар нь явуулсан. Би тухайн үед Сэлэнгэ аймагт байсан учраас эхнэрээрээ дамжуулан зээлийн гэрээ байгуулж мөнгөө өгсөн. Үүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байсан. Утсаа авахгүй, холбоо барихгүй болохоор нь Сүхбаатар дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Түүнээс хойш 2.300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг авч чадаагүй байгаа ...” гэжээ.                                                                    

Шүүгдэгч Б.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би найзтайгаа хамтраад 2018 оны зун Баянзүрх дүүргийн эмнэлгийн өргөтгөлийн засврын ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажиллуулж компаний хүн тухайн ажлыг сайн хийж дуусгавал дараагийн ажлыг олж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц гэх ах руугаа яриад хамтарч ажиллах хүн асуухад Э.Э.тай холбож өгснөөр 5.000.000 төгрөг авч барилгын ажлыг хийж дуусгасан боловч нөгөө хүмүүсээсээ дахин ажил авч чадаагүй. Тэгээд  2.300.000 төгрөгийг Э.Э. ахад буцаан өгч, үлдэгдэл мөнгийг нь өгөх боломжгүй болсон. Тухайн мөнгийг барилгын ажилд зарцуулсан ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Б.О. нь хувиараа барилгын ажил үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд Э.Э.аас 5.000.000 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 189, 295 дугаар зүйлийн дагуу харилцан тохиролцож зээлийн гэрээний байгуулсны үндсэн дээр авсан байдаг. Уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Э.Э.аас авсан 5.000.000 төгрөгөөрөө барилгын ажлаа хийж дуусгасан боловч ажил олгогчоос гүйцэтгэсэн хөлсөө авч чадаагүйн учраас зээлээ эргэн төлж чадахгүй эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Хохирогчид 2.300.000 төгрөгийг төлсөн. Иймд шүүгдэгчид хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж олгоно уу...” гэжээ.

 

Нэг. Гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.О. нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Э.ы: “...Миний таньдаг Ч.Т гэдэг залуу 99219541 дугаараас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яриад надтай нэг хүн хамт явж байна, энэ хүний таньдаг хүн нь Сүхбаатар дүүргийн тамгын газраас тендерийн ажил гаргаж өгч байна гэнэ чи яриад үздээ гэж хэлэхээр нь би дугаарыг нь аваад О. гэдэг хүнтэй ярьсан чинь эхлээд мөнгө өгчих би бүтээгээд өгнө гэхээр нь миний зүгээс эхлээд ажлаа бүтээчих тэгвэл мөнгийг нь өгье гэсэн чинь эхлээд мөнгөө өгчих тэгвэл би 3 хоногийн дотор бүтээгээд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчих гэсэн чинь эхнэрийн дансны дугаар гээд надад дансны дугаар өгсөн ба би тухайн дансруу нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Хаан банкнаас 5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд надруу нэг и-мэйл хаяг явуулаад энэ хаягруу хамтран ажиллах тухай албан хүсэлт явуул гэсний дагуу явуулсан. Түүнээс хойш 9 сар хүртэл надтай “Би Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай явж байна, бүтээж өгнө гээд байсан. Тэгээд би 9 дүгээр сарын 10-ны үеэр залгаад одоо барилгын ажил хийхгүй хүйтэн болчихлоо, би одоо мөнгөө буцааж авмаар байна гэхэд за тэг тэг би дүүрэгт ажилладаг ахын өрөөнд байна, маргааш таны дансруу шилжүүлэн гэж хэлчихээд шилжүүлээгүй. Тэгээд дараа нь 9 сарын сүүлээр ярьсан чинь би ахынхаа автомашиныг ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч мөн л шилжүүлээгүй. Ингээд дахин 10 сарын эхээр ярьсан чинь Солонгос улсаас эгч мөнгө явуулна тэгээд өгнө гэж хэлээд намайг залилаад яваад байгаа. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Гэрч Ч.Т-ын “...Би Э. гэдэг залуутай хамт ажилладаг байсан одоо сайн найзууд бөгөөд одоо тусдаа ажил хийгээд явж байгаа. Тэгээд надад барилгын ажил мэдэж байгаарай гэхээр нь 2018 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн танил Ц-гийн дүү болох О. гэдэг залуутай танилцуулж холбож өгсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо уулзалдаж О. ажил бүтээж өгнө гэж хэлээд Э.аас 5 сая төгрөг зээлж авсан гэсэн. Тэгээд О. ажлыг нь бүтээж өгч чадахгүй удаад мөнгийг нь ч эргүүлж өгөөгүй гэсэн. Анх барилгын засварын ажил олж өгнө гэж хэлээд мөнгө зээлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр тал,

 

Шүүгдэгч Б.О.ын “... Анх Э. ахаас барилгын ажилд зориулж 5 сая төгрөг зээлсэн ба энэ иргэний шинжтэй маргаан гэж үзэж байна. Би 2018 оны 10 дугаар сард Э. ахаас авсан 5 сая төгрөгийн тал мөнгө болох 2.500.000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд дансны хуулга нь байгаа. Би үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр өгч дуусгана...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78 дугаар тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Яллагдагч Б.О. нь иргэн  Э.Э.ыг “Таван сая төгрөг өгвөл 3 хоногийн дотор барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Хаан банкнаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, хэдийгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Э.Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Миний таньдаг Ч.Т гэдэг залуу 99219541 дугаараас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яриад надтай нэг хүн хамт явж байна, энэ хүний таньдаг хүн нь Сүхбаатар дүүргийн тамгын газраас тендерийн ажил гаргаж өгч байна гэнэ чи яриад үздээ гэж хэлэхээр нь би дугаарыг нь аваад О. гэдэг хүнтэй ярьсан чинь эхлээд мөнгө өгчих би бүтээгээд өгнө гэхээр нь миний зүгээс эхлээд ажлаа бүтээчих тэгвэл мөнгийг нь өгье гэсэн чинь эхлээд мөнгөө өгчих тэгвэл би 3 хоногийн дотор бүтээгээд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансны дугаараа өгчих гэсэн чинь эхнэрийн дансны дугаар гээд надад дансны дугаар өгсөн ба би тухайн дансруу нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Хаан банкнаас 5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд надруу нэг и-мэйл хаяг явуулаад энэ хаягруу хамтран ажиллах тухай албан хүсэлт явуул гэсний дагуу явуулсан. Түүнээс хойш 9 сар хүртэл надтай “Би Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай явж байна, бүтээж өгнө гээд байсан. Тэгээд би 9 дүгээр сарын 10-ны үеэр залгаад одоо барилгын ажил хийхгүй хүйтэн болчихлоо, би одоо мөнгөө буцааж авмаар байна гэхэд за тэг тэг би дүүрэгт ажилладаг ахын өрөөнд байна, маргааш таны дансруу шилжүүлэн гэж хэлчихээд шилжүүлээгүй. Тэгээд дараа нь 9 сарын сүүлээр ярьсан чинь би ахынхаа автомашиныг ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч мөн л шилжүүлээгүй. Ингээд дахин 10 сарын эхээр ярьсан чинь Солонгос улсаас эгч мөнгө явуулна тэгээд өгнө гэж хэлээд намайг залилаад яваад байгаа...” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд хохирогчийн дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан яллах талын бусад нотлох баримтыг няцаах, үгүйсгэх үйл баримт хавтас хэрэгт авагдаагүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.О. мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би 2018 оны 06 дугаар сард өөрийн танил ахтайгаа барилгын ажил хийх гээд надад мөнгө байхгүй болохоор нь Э. ахаас мөнгө зээлсэн...” талаар дурдсан байна.

 

Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгч Б.О.ын хохирогчид урьдчилан амалсан “Сүхбаатар дүүргийн Тамгын газраас тендерийн ажил авч өгнө” гэх үйл баримтыг үнэн зөв гэж дүгнэх боломжгүйн дээр Б.О. нь Сүхбаатар дүүргийн Тамгын газарт болон тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нартай танил талын холбоотой болох нь үгүйсгэгдэж байх бөгөөд Б.О.ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд  холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.О. нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд шүүх прокурорын саналыг үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.О. нь хохирогчид учирсан бодит хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.300.000 төгрөгийг, шүүхийн шатанд 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хохирогч Э.Э. нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тайлбарыг гаргасан тул Б.О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О.оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-ийн О.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.О. нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О.од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР