Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 6698

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж цогцолбор байр, 101 тоотод байрлах “Эвридэй Интернэшнл” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011120060, регистрийн дугаар 2742756/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ануншанд” ХХК-ийн захирал Хувилгаан овогт Сүхээгийн Отгонтуяа /Регистрийн дугаар УЖ83083123/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюут-Эрдэнэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

          Хүсэлт гаргагч “Эвридэй Интернэшнл” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюут-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ануншанд” ХХК-ийн захирал С.Отгонтуяа нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г манай компанитай байгуулсан. Манай компани нь гэрээнд заасны дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан боловч “Ануншанд” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг заасан хугацаанд төлөлгүй 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,117,846 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Ануншанд” ХХК-ийн захирал С.Отгонтуяа нь Дорноговь аймаг, 1 дүгээр баг, Шинэ зуун 35 дугаар байр, 4 тоотод иргэний бүртгэлийн хаягтай байсан. Одоогоор тус хаяг дээр “Ануншанд” ХХК нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд хаяг тодорхойгүй шалтгаанаар Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс материал нь буцаагдсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

           

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч “Эвридэй Интернэшнл” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ануншанд” ХХК-ийн захирал С.Отгонтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

 

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

          “Эвридэй Интернэшнл” ХХК нь “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний үүрэгт 2,117,846 төгрөгийг “Ануншанд” ХХК-аас гаргуулахаар Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШЗ2016/01125 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

          Иймд, “Ануншанд” ХХК-ийн захирал С.Отгонтуяаг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Шинэ зуун,  35 дугаар байр, 4 тоотод оршин суух хаягтай Хувилгаан овогт Сүхээгийн Отгонтуяа /Регистрийн дугаар УЖ83083123/-г эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь  Цагдаагийн  хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР