| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06720/и |
| Дугаар | 6720 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 6720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 5 гудамж, 116 тоотод оршин суух Яргай овогт Охоогийн Баттулга /Регистрийн дугаар ПВ58041617/-ын ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Баттулга шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Охоогийн Баттулга миний бие нь 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архустай Шаамарын ТМС төгсөж, Хөдөө аж ахуйн яамны сайдын 1977 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар тушаалаар томилогдож Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторч комбайнчнаар ажилд орж, 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд шилжин ажиллаж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчин комбайнчнаар ажилласан. Иймд Яргай овогт Охоогийн Баттулга намайг 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сумын сангийн аж ахуй болон Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд тракторчин комбайнчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тракторч комбайнчнаар, Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторч комбайнчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын зарим шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “ТМС төгсөж ирсэн техникчдийг ажилд авч хуваарилах ба тэтгэмж олгох тухай” тушаалаар Архустай, Шаамрын ТМС төгсөж ХАА-ны Яамны сайдын 1977 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар тушаалаар томилогдож ирсэн Охоогийн Баттулгыг тракторч комбайнчнаар ажиллуулсан байна. /хэргийн 5 дахь тал/
Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тушаалаар Охоогийн Баттулгыг тракторчнаар авч ажиллуулсан байна. /хэргийн 7 дахь тал/ Буянт тэжээлийн аж ахуйн даргын 1978 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар, 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаар, 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар, 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар, 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаар, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 166 дугаар, 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаар, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар, 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаар, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаалуудаар О.Баттулга нь тус аж ахуйд ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хэргийн 5-32 дахь тал/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч О.Баттулгыг Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг гэрчлэхээр Т.Раднаа, Ш.Баярхүү нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Шүүхэд дуудагдсан гэрч Т.Раднаа “Миний бие Т.Раднаа 1977 оноос 1990 он дуустал О.Баттулгатай хамт ажиллаж, трактор хамт барьдаг байсан...”, гэрч Ш.Баярхүү “Миний бие Шарав овогтой Баярхүү нь 1979 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байхад О.Баттулга нь тракторч комбайнчнаар ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яргай овогт Охоогийн Баттулга /Регистрийн дугаар ПВ58041617/-ыг 1977 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд “Тракторч комбайнчин”-аар, 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт тэжээлийн аж ахуйд “Тракторч комбайнчин”-аар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР