| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0033/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 31
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Улсын яллагч Л.Солонго
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 1908032290031 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч М.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон үйл явдал үнэн зөв, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын цаад талд Улаанбаатар хот руу ирэх замдаа Баяртогтохтой 1 шил Ерөөл нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд наашаа Улаанбаатар луу ирж байхад Б.Б орилоод байхаар нь дуугүй бай, битгий орилоод бай, наад хүн амьтнаа тайван явуул гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Б миний толгой хэсэг рүү 1-2 удаа цохиход нь би урд сандлыг толгойгоороо мөргөчихсөн юм. ...Б.Б том том дуугаараад байхаар нь би дуугүй яв гэсэн чинь миний нүүр рүү цохисон. Машин зогсоод зодолдохоо боль гэхээр нь бид хоёр машинаас буугаад Б.Б намайг зодсон, тухайн үед би ухаан алдсан байсан, болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. ...Би Улаанбаатар хотод очоод эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал болох 363.900 төгрөгийн баримт байгаа. Улаанбаатар хотоос ирж очих зардал, хоолны мөнгө 80.000 гарсан боловч баримт байхгүй. Одоо миний үүдэн талын шүд хөдөлж байгаад унасан, уг шүдийг хийлгэхэд 950.000 төгрөг шаардлагатай байна. Одоо нийт зардлын мөнгө 1.393.900 төгрөг болж байгаа...” гэжээ. /хх- 27, 28-29 дүгээр тал/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу орох гээд М.Б, Батболд, Оюунболд, Б.Б, манай ажилд гагнуурчин хийдэг хүн /одоо нэрийг нь бол сайн санахгүй байна/ бусад өөр миний танихгүй хүмүүс нарын хамтаар бага оврын тээврийн хэрэгсэлд суугаад явж байсан юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас гараад 100 км явж байхад би унтсан байдалтай машинд явж байсан. Нэг сэрсэн чинь М.Б, Б.Б хоёр хоорондоо маргалдаж байснаа Б.Б нь М.Б-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод авахаар би тэр хоёрын дундуур ороод салгах үйлдэл хийсэн. Бага оврын тээврийн хэрэгслийн жолооч наадуулаа зодолдуулахгүй байлга, тэгэхгүй бол машинаа цааш хөдөлгөөд явахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс тэр хоёрыг аваад машинаас буулгасан чинь М.Б, Б.Б нар нь хоорондоо ноцолдож барьцалдаад зодолдоод байсан. ...Зодоон болоод дууссаны дараа М.Б нь машинд ороод суухад М.Б-ийн ил харагдах гэмтэл шарх гэвэл уруул нь шалбарч цус гарсан, хамраас цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 38 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7540 тоот дүгнэлтэд
1. М.Б-ийн биед дух, зовхи, шанаа, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад язралт, тархи доргилт, мөр, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 46 дугаар тал/
Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Гурвантэс сумаас гарахдаа Б.Б бид хоёр 0.5 литрийн Ерөөл архи 2 ширхэгийг аваад 1 шилийг нь хувааж уучихаад гарсан. Машинд ороод үлдсэн 1 шил 0.5 литрийн Ерөөл архийг Б.Б бид хоёр хувааж уусан. Би их согтоогүй болсон зүйлээ мэдэж байсан. М.Б жаахан согтуу байсан. М.Б машинд сууж явж байгаад миний үснээс зулгаасан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би М.Б өмнө талаас нь уруулны хэсэгт 2 удаа гараараа цохисон. М.Б-ийн хамарнаас цус гарч байсан. Баяндалай сумын эмнэлэгт үзүүлж цусаа тогтоох эмчилгээ хийлгэсэн байх. Би эмнэлэг рүү хамт ороогүй. Өөр гэмтэл мэдэгдээгүй. М.Б-ийн хохирол төлбөрийг төлнө” гэжээ. /хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-60 тал/
Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/
Хохирлын баримт /хх-ийн 86 дугаар тал/
Оршин суугчийн тодорхойлолт /хх-ийн 93 дугаар тал/
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г зодож, улмаар түүний биед дух, зовхи, шанаа, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад язралт, тархи доргилт, мөр, эгэмд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би М.Б-гийн өмнө талаас нь уруулны хэсэгт 2 удаа гараараа цохиод газарт унагаасан. Түүний нүүр шалбараад хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Б-гийн “...Б.Б миний толгой хэсэг рүү 1-2 удаа цохисон. ...бид хоёр машинаас буугаад Б.Б намайг зодсон…” гэх, гэрч А.Отгон-Эрдэнийн “...Б.Б нь Базаррагчаагийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод авахаар би тэр хоёрын дундуур ороод салгасан. ...М.Б нь машинд ороод суухад уруул нь шалбарч цус гарсан, хамраас цус гарсан байдалтай байсан...”гэх, гэрч М.Б-ын “...Б.Б, М.Б-ийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Түүний уруул сэтэрсэн байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7540 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч М.Б-гийн биед дух, зовхи, шанаа, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын дээд хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад язралт, тархи доргилт, мөр, эгэмд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7540 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж, өөр орон нутагт амьдардаг амьдралын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч М.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч М.Б нь шүүгдэгч Б.Б-оос эмчилгээний зардалд 363.900 төгрөг, замын зардалд 80.000 төгрөг, хиймэл шүдийг хийлгэхэд 950.000 төгрөг, нийт 1.393.900 төгрөг нэхэмжилжээ.
Хохирогч М.Б-ийн нэхэмжлэлээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын шаардлага хангаж буй хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд буй эмчилгээний зардал болох толгойны компьютер томограффийн төлбөр 120.000 төгрөг, эмийн сангаас эм авсан үнэ 210.000+2.600=212.600 төгрөг, нийт 332600 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Харин тухайн хуудсанд байгаа Капитрон, Хас, ХААН банкны карт уншигч машинаар уншуулсан /3700+10.000+5250+12.350=31.300/ 31.300 төгрөг нь юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.
Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Б-оос эмчилгээний төлбөрт 332.600 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д олгож, хохирогч М.Б нь хиймэл шүд хийлгэх үнэ 950.000 төгрөг, замын зардал 80.000 төгрөг болон бусад холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос эмчилгээний төлбөрт 332.600 /гурван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 9-46 тоотод оршин суух М.Б /РД: ЧБ 83030816/-д олгож, хохирогч М.Б нь хиймэл шүд хийлгэх үнэ 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг, замын зардал 80.000 /наян мянга/ төгрөг болон бусад холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА