Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 6726

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс,

1968 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 16-104 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрсүхийн Ганболд /РД:УХ68092510/-д архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 3 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Бадрахсүрэн /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Л.Бадрахсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн 16-104 тоотод оршин суудаг Л.Бадрахсүрэн нь байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Эрүүлжүүлэхэд удаа дараа орж байсан, ар гэртээ агсам согтуу тавьж гэр бүлээ байнгын дарамтанд байлгадаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний эхнэр Б.Алтанцэцэг, хадам ээж Ж.Жигиймаа нар нь цагдаагийн хэлтэст ирүүлсэн.

Өмнө нь  удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулж байсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2 жилийн өмнө архины албадан эмчилгээнд явж ирээд 9 сар уугаагүй байсан. Тэгээд найзуудтайгаа самранд явж байхдаа дахиад уугаад эхэлсэн. Энэ жил 3-5 удаа эрүүлжүүлэгдсэн. 1 удаа баривчлагаанд явсан. Эхнэрээсээ байнга уучлалт гуйдаг. Одоо архинаас гаръя гэж бодож байна. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь тус шүүхэд Т.Ганболдыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Т.Ганболд нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 16-104 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч болон  түүний эхнэр Б.Алтанцэцэг, хадам ээж Ж.Жигиймаа нарын өргөдөл, 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан  байна.

 

Т.Ганболд нь “Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Төмөрсүхийн Ганболд /РД:УХ68092510/-д архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Т.Ганболдыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн цагдаагийн  3 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭРЭНДОЛГОР