| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06852/и |
| Дугаар | 6852 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 6852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 25-1548 тоотод оршин суух, 1974 оны 09-р сарын 15-нд Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, ЙЮ74091503 дугаар регистертэй, Боржигон овогт Чүлтэмийн Оюунгэрэлийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Төрболд, гуравдагч этгээд Ч.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Энхтуяан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Оюунгэрэл нь байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Баривчлагдаад гарч ирсэн. Удаа дараа архи ууж бусдын амгалан байдлыг алдагдуулсан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс архинд донтохын 3 дугаар зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан тул Ч.Оюунгэрэлийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ч.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би удаа дараа архи ууж согтуурдаг нь үнэн болно. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс нь Ч.Оюунгэрэлийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Ч.Оюунгэрэлийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Ч.Оюунгэрэлийн хувийн байдлууд нь тодорхой бус байхаас гадна тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдохгүй байна.
Иймд түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй явуулах шаардлагатай байдал тогтоогдохгүй байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Чүлтэмийн Оюунгэрэлийг / РД:ЙЮ74091503/захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР