| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0174/Э |
| Дугаар | 231 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 231
2020 02 07 2020/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Шүүгдэгч Н.Онарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-т холбогдох эрүүгийн 1906 05985 0092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Онь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр А.Тэгшжаргалтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дух, баруун доод зовхинд зулгаралт, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, цээж, хоёр бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05985 0092 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Н.Онь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Тэгшжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шиг санаж байна. Манайх тухайн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах фм 104.5-ийн ойролцоо нийтийн байранд өрөө түрээслэж амьдарч байсан юм. Тэгээд нөхрийн найз гэх Даваа ирсэн бөгөөд бид нар хамт караоке орж дуулж суухаар болоод “Буудай” нэртэй караокед орсон. Тэнд ороод нэг шил архийг О-, Даваа нар уусан, би болохоор “Сэнгүр” нэртэй пиво ууж суусан. Би нөхөртэйгээ юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Караокед сууж байхад нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хажуу талд сууж байсан настай эгч “хөөе чи ингэж болохгүй, боль” гэж хэлсэн чинь О- “би авгайгаа мэдэж байна” гээд агсараад байсан. Тэгээд бид нар тэндээсээ гарсан бөгөөд Даваа нь шууд яваад өгсөн. Би нөхрийн хамт гэр рүү явах замд О- нь намайг чирээд нэг удаа цохисон. Тэгээд явж байхдаа дахиад нүүр рүү цохисон. Би газар суухад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний нүүрнээс цус гараад би цусаа хараад айгаад шууд гэр рүүгээ гүйгээд зугтаасан. Гэрт ирээд би ээж, эгч рүү хэлээд цагдаа дуудсан. Тэр шөнөдөө манай нөхөр О- нь ирээгүй. Над руу мессэж бичиж байсан. Би О-т цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар огт хэлээгүй гэх мэдүүлэг /хх 25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 11712 дугаартай:
А.Тэгшжаргалын биед дух, баруун доод зовхинд зулгаралт, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, цээж, хоёр бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 30/,
Шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 7 дугаар сард эхнэр А.Тэгшжаргал нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэндээ нийтийн байр түрээслэж ажиллаж байсан бөгөөд би удалгүй араас нь ажил хийхээр Улаанбаатар хотод орж ирсэн. Эхнэр А.Тэгшжаргал бид хоёр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд өрөө түрээслэж амьдардаг байсан. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр орой 21 цагийн үед “Буудай” гэх нэртэй караокед орж, архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн. Эхнэр А.Тэгшжаргал болон найз Бямбасүрэнгийн хамт орсон ба 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 3 шил “Сэнгүр” нэртэй пиво хувааж ууцгаасан. А.Тэгшжаргалтай юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Караоке дотор сууж байхдаа эхнэрийнхээ гap руу нь нэг удаа цохисон. Шөнийн 22 цаг 30 минутын үед уг караокенаас харихаар гарсан. Караокены гаднаас Бямбасүрэн харихаар явсан. Эхнэр А.Тэгшжаргал бид хоёр зам гарч харихаар болсон. Бид хоёр хоорондоо маргалдаад зам гарсан ба би баруун талын хөл рүү өшиглөсөн чинь газар уначихсан. Тэгэхлээр нь би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэрнээс хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Home Plaza”-ийн ойролцоо явж байсан. Эхнэр нүүрээ дараад уйлаад сууж байсан. Эхнэр надаас зугтаагаад яваад өгсөн. Би тэр өдөртөө гэртээ хариагүй ба маргааш өглөөний 06 цагт гэртээ очсон. Намайг очиход бол цагдаад мэдэгдсэн талаараа огт хэлээгүй. А.Тэгшжаргалын ээж Алтанцэцэг бөөн уур болчихсон байхаар нь би А.Тэгшжаргалаас уучлалт гуйсан гэх мэдүүлэг /хх 39-40/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 8/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 47/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Онь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.О-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.Тэгшжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Тэгшжаргал нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Онь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мандал овогт Намсрайн О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ