Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0847/З |
Дугаар | 221/МА2021/0143 |
Огноо | 2021-03-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0143
“С” ХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Б.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.У, хариуцагч Т.Дөл нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С” ХК-ийн гомдолтой, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0020 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч Т.Д-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан бөгөөд манай тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. “Хяналт шалгалтын танилцуулга”-ын 11 дэх хуудсын 11 дүгээрт заасны дагуу “С” ХК-ийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12 стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулахаар болсон бөгөөд тус танилцуулгаас үзэхэд “С” ХК үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн тухай тогтоогдоогүй нь нотлох баримтаар батлагдаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 дэх заалтаар гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүргийг хуулийн этгээд хүлээж байгаа. “Сүү” ХК-ийн хувьд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаар “Хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд хийсэн шалгалтын танилцуулгаар нотлогдоогүй буюу үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн гэх шалтгаан нөхцөл байхгүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолд тусгагдсан үнийн төвшинг тогтвортой байлгах асуудлаар тухайн үед төрийн байгууллагаас ямарваа нэгэн үүрэг, чиглэл ирээгүй болно. Манай компани нь бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлээгүй. Ам.долларын ханш 2019 оны эхэнтэй харьцуулахад 7.9% буюу 225.03 төгрөгөөр, 2020 оны эхэнтэй харьцуулахад 3.6% буюу 103.11 төгрөгөөр өссөн, Еврогийн ханш 2019 оны эхэнтэй харьцуулахад 10.2% буюу 343.03 төгрөгөөр, 2020 оны эхэнтэй харьцуулахад 9.5 буюу 317.85 төгрөгөөр өссөн, Юаны ханш 2019 оны эхэнтэй харьцуулахад 6.6% буюу 27.49 төгрөгөөр, 2020 оны эхэнтэй харьцуулахад 5.4% буюу 22.6 төгрөгөөр тус тус өссөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын баталгаажсан тайлан мэдээнд дурьдсанаар 2019 оны 3-р улирлын буюу 1-9 сарын байдлаар гадаад валютын бодит бус ханшийн алдагдал 179,351,953.53 төгрөг байсан бол 2020 оны 3-р улирлын буюу 1-9 сарын байдлаар гадаад валютын бодит бус ханшийн алдагдал 561,054,049.95 төгрөг болж алдагдал өссөн байна. Тиймээс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад валют ханшийн алдагдал 381,702,096.42 төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын баталгаажсан тайлан мэдээнд дурьдсанаар 2019 оны 3-р улирлын буюу 1-9 сарын байдлаар татвар төлөхийн өмнөх ашиг 7,227,464,924.57 төгрөг байсан бол 2020 оны 3-р улирлын буюу 1-9 сарын байдлаар 6,560,314,710.79 төгрөг болж буурсан байна. Тиймээс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвар төлөхийн өмнөх ашиг 667,150,213.78 төгрөгөөр буурсан. 2019 оны 1-9-р сарын байдлаар малчид, фермерүүдэд төлсөн түүхий сүүний төлбөрт 12,626,087,025.95 төгрөг байсан бол 2020 оны 1-9-р сарын байдлаар малчид, фермерүүдэд төлсөн түүхий сүүний төлбөрт 13,338,932,241.49 төгрөг төлсөн байсан. Тиймээс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малчид, фермерүүдэд 712,845,215.54 төгрөгийн илүү төлбөр төлсөн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад инфляци, хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс, дизель түлшний үнэ, ам.долларын ханш, еврогийн ханш, юанийн ханш, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор 11,820,700,176.64 төгрөгийн илүү түүхий эдийн худалдан авалт хийсэн буюу илүү төлбөр төлсөн байна. Миний Монголын 3,2% сүү нь 2019 оны 1-9 сар, 2020 оны 1-9 сарын борлуулалттай харьцуулахад 1%-иар буурсан байна. Тиймээс 2020 оны 09 сарын 15-ны өдрийн “Хяналт шалгалтын танилцуулга" болох хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар манай компанийг үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн гэдэг нь нотлогдоогүй байхад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлж дүгнэлгүйгээр, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд тооцож, хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар гомдлоор хязгаарлалгүй хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ
Нэхэмжлэгч “Сүү” ХК нь “Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №0137360 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Маргаан бүхий улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХК-ийг “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх тухай” 01/38 дугаар удирдамжийн дагуу 10 гишүүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийгдсэн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийсэн танилцуулгад “...гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хүнсний үйлдвэрлэгч компаниуд бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12 дахь заалтыг зөрчсөн, цаашид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулах”-аар шийдвэрлэсэн, Онцгой байдлын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13-1348 дугаар албан бичгээр “...Шалгалтаар “С” ХК, “А” ХХК-иуд бараа бүтээгдэхүүний нэмсэн үнийг бууруулаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэж ажиллахыг...” Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг болгосон, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч нь уг албан бичгээр ирүүлсэн хяналт шалгалтын танилцуулга болон материалтай танилцаад Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тэмдэглэл үйлдэж хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
1/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”-нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдог тул Онцгой байдлын газрын 13-1348 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэлд холбогдуулан зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд нийцжээ.
Иймд хяналт шалгалтын танилцуулгад “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12 дахь заалтыг зөрчсөн” гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бие даасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй, энэ талаар гаргасан гомдол хангагдах боломжгүй.
2/ Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 34.2.9. “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж заасан бөгөөд энэ зохицуулалт дахь “бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл” гэдгийг үндэслэлгүйгээр, зайлшгүй шаардлага үүсээгүй тохиолдолд үнээ нэмэгдүүлсэн байхыг ойлгоно.
Нэхэмжлэгч “С” ХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/128 дугаар тушаалаар хүнсний өргөн хэрэглээний бараа болох 2 төрлийн сүү, 4 төрлийн цөцгийн тосны үнийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэхээр шийдвэрлэсэн байх ба ийнхүү нэмэгдүүлсэн үндэслэлээ “сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээс авдаг сүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш өссөн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашиг буурсан, түүхий эдийн худалдан авалтад илүү төлбөр төлөгдсөн, борлуулалт буурсан” гэж тайлбарласан.
Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал болон Засгийн газраас холбогдох хууль, тогтоол гаргаж “Сүү” ХК-ийн 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339.275.124 төгрөгийн татвар хөнгөлөгдсөн, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн /4, 5, 6, 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 660.654.800 төгрөг чөлөөлөгдсөн/, 2020 оны эхний хагас жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан мэдээгээр 38.873.432,338 төгрөгийн орлоготой буюу ашигтай ажилласан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх тухай” 01/38 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийсэн танилцуулга болон зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Ийнхүү гамшгийн үед улс орны эдийн засаг доголдож, ард иргэдийн худалдан авах чадвар доройтсон, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаатай холбоотойгоор улсад төлөх татвар, шимтгэлийг хөнгөлж байгаа нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, нөгөө талаас бараа, үйлчилгээний үнийг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд нэмэхгүй, тогтвортой байлгах үүднээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолоор “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллах”-ыг холбогдох хүмүүст үүрэг болгосны дагуу хяналт шалгалт хийгдсэн нь хууль зөрчөөгүй.
Гэтэл нэхэмжлэгч “С” ХК нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж, 2020 оны эхний хагас жилийн байдлаар ашигтай ажилласан байх атлаа “сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээс авдаг сүүний үнэ нэмэгдсэн, валютын ханш өссөн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашиг орлого буурсан, түүхий эдийн худалдан авалтад илүү төлбөр төлөгдсөн, борлуулалт буурсан” гэх шалтгаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох сүүний үнийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг зайлшгүй нэмэх шаардлага үүссэн гэж үзэх боломжгүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл,... үүсгэхгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд “С” ХК-ийн “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хяналт шалгалтын танилцуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар манай компанийг үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн гэдэг нь нотлогдоогүй” гэх гомдлыг хангахгүй.
3/ Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12, 34 дүгээр зүйлийн 34.2.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан гомдол үндэстэй байж болох ч хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д заасныг зөрчсөн нь нотлогдож байгаа тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй тул уг гомдлыг хүлээж авах боломжгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл:
Анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Сүү” ХК нь бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэсэн нь тогтоогдож байхад нотлох баримтыг буруу үнэлж “...үнийн өсөлтийн шалтгааныг нягтлан тодруулах ажиллагаа хийсний үндсэн дээр акт гаргах үүрэгтэй, ...үнийн хөөрөгдөл үүсгэсэн эсэх асуудлыг шүүх тодорхойлох боломжгүй” гэж дүгнэн, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3. “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж зааснаар өөрчлөлт оруулан, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №0137360 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг: “хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Оюумаа
ШҮҮГЧ Г.Билгүүн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН