Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар          

         Тус аймгийн Есөнбулаг  сумын иргэн М.Н-ийн нэхэмжлэлтэй,  аймгийн Засаг даргад  холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.                                                                               

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2003 онд Ховд их сургуулийг төгсөөд, түүх нийгмийн ухааны багш мэргэжил эзэмшсэн. 2003 оны 08 дугаар сараас 2014 он хүртэл Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын нэрэмжит 2 дугаар сургуульд түүх нийгмийн ухааны багшаар 11 жил ажилласан. 2014 оны 02 дугаар сарын 17-ноос Засаг даргын Б/24 захирамжаар 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ тушаал нь захирлын сонгон шалгаруулалт хүртэл томилолттой байсан учир удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ий өдрийн Б/83 дугаартай захирамжаар захирлын албан тушаалд албан ёсоор томилогдсон. Үүнээс хойш 3 жил 5 сарын хугацаанд захирлын албан тушаалд ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй, өгч байсан үүрэг даалгаврыг зөрчсөн, мөн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдэж байсан удаа байхгүй байхад аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Тухайн захирамжийн үндэслэлд нь гурван зүйлийг тусгасан байсан. 

       Нэгдүгээрт: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана гэсэн заалт байсан. 

      Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан харилцан тохиролцсон гэсэн заалт байсан. Миний хувьд Засаг даргатай харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй тиймээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. 

      Гуравдугаарт: Боловсролын тухай хуулийн 30.1.15 дах заалтанд зааснаар боловсрол соёлын газрын санал дүгнэлтийг үндэслэсэн гэсэн заалт байгаа. Энэ заалтыг бас үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар боловсрол соёлын газраас энэ хүнийг ажлаас чөлөөл гэсэн саналыг гаргасан зүйл байхгүй. Иймээс энэ захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоох ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа. 

        2017 оны 08 дугаар сарын 28-нд намайг Д.Б дарга дуудаж уулзсан. Тэгээд очоод уулзахад ажлыг чинь авах гэж байна гэсэн. Тэгээд би яагаад ямар учраас авах гэж байгаа юм гэхэд намайг Засаг даргатай уулз гэсэн. Би Засаг даргатай уулзаад ямар учраас ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар асуухад намын шахаа ирээд байна гэж хэлсэн. Тэгээд томилогдсон цаг хугацааны хувьд 2014 онд томилогдсон болохоор гарч байгаа байх гэж бодсон. Засаг дарга намын шахалтаар цаанаас ийм зүйл гараад байна гэж хэлсэн. Тэгээд би буцаж Д.Б даргатай уулзахад захирамжийн төсөл гарч байгаа гэж хэлсэн би ямар төсөл гарч байгаа талаар асуугаад үзье гэхэд надад үзүүлээгүй. Тэгээд маргааш 29-нд өглөө захирамж гарсан байсан тэгээд ажлаа хүлээлгэж өг гэсэн тухайн өдөр 2 дахь өдөр байсан болохоор би Э, А дарга нарт би нэгэнт захирамж гарсан учир ажлаа маргааш хүлээлгэж өгье гээд 29-нд бүх бичиг баримтаа цэгцлээд 30-нд хүлээлгэж өгсөн гэв. 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   Хариуцагч талаас нэхэмжлэгч М.Н-г зохих ажлын байраар хангах талаар удаа дараа санал тавьсан боловч тодорхой хариу өгөхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, эвлэрэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч Г нь Улаанбаатар хотод ажлаар явж байгаа. Маргаашийн онгоцоор Говь-Алтай аймагт ирнэ. Намайг очтол шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлттэй байгаа. Засаг дарга нь эвлэрэх хүсэлттэй  бүр болохгүй бол гаргасан шийдвэрээ эргэж нэг харъя гэсэн тул эвлэрэх хугацаа олгож өгнө үү. Ажлын 5 хоногт эвлэрэх боломжтой гэсэн тайлбар өгчээ. 

        Гуравдагч этгээд Д.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие 2017 оны 08 дугаар сарын 30-нд тус сургуулийн захирлын түр үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Иргэн М.Нохойхүүгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Аймгийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирал М.Н-г 2017 оны 08 дүгээр сарын 29-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Гэтэл М.Н ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргаагүй байхад өөрийн гаргасан хүсэлтийн дагуу гэж ажлаас нь чөлөөлсөн байгаа нь Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Учир нь: Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргах нь тухайн этгээд ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байхыг хэлнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т “шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх” гэж зааснаар шүүх хариуцагчаас М.Н-г ажлаас чөлөөлсөн үндэслэл болон ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан эсэх мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар аймгийн Боловсрол, соёл урлагын газраас ажлаас чөлөөлөх санал хүргүүлсэн талаар удаа дараа нотлох баримт, тайлбар шаардсан боловч энэ байдлаа хариуцагч нотолж чадаагүй, шүүхэд “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, эвлэрэх боломжтой” гэсэн тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “ би ажлаас чөлөөлөгдөх талаар ямар ч хүсэлт гаргаагүй ...миний хувьд Засаг даргатай харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй тиймээс үндэслэлгүй” гэсэн тайлбар байгаа зэргээс М.Н ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна. 

        Өөрөөр хэлбэл М.Н ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаагүй байхад талууд харилцан тохирсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг дурдах нь зүйтэй байна.  

         Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Н-г Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.  

        Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 28 хоногийн олговор 3 969 664  / гурван сая есөн зуун жаран есөн мянга зургаан зуун жаран дөрөв/  төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

        Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан М.Н-гийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 3-5 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дах хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Н-г Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Н-д ажилгүй байсан хугацааны цалин 3 969 664  / гурван сая есөн зуун жаран есөн мянга зургаан зуун жаран дөрөв/  төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ