Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1784

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ерсерикийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00564 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Ерсерикийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газарт холбогдох

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны цалинтай тэнцэх олговор 3 306 247 төгрөг, хохирол 2 551 140 төгрөг, нийт 5 857 387 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч М.Ерсерик шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ерсерикийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/239 дугаар тушаалаар үүрэг ажлаас халсан асуудал хууль бус болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр магадлалаар эцэслэн тогтоосон юм. Гэвч хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон магадлалыг сайн дураар биелүүлэхээс татгалзсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэсэн. М.Ерсерик Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/321 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгчийн ажилд эгүүлэн томилогдож одоо ажил үүргээ гүйцэтгэж байна. Онцгой байдлын Ерөнхий газар нь М.Ерсерикийг ажлаас хууль бусаар халсантай холбогдуулан дараах зардал, хохирол гарсан. Үүнд:

М.Ерсерикийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ныг өдрийг хүртэл ажилгүй байлгасан тул 7 сарын цалинтай тэнцэх олговорт 3 306 247 төгрөг, өмгөөлөгч Я.Сьездтэй гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан тул хөлсөнд нь төлсөн 800 000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Муса нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох үед гарсан унааны зардал 160 000 төгрөг, өмгөөлөгч Я.Сьезд Улаанбаатар хотод Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор Баян-Өлгийгээс-Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Баян-Өлгий хүрэх онгоцны зардал 1 057 450 төгрөг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүхийн шийдвэрээр улсын орлогод үлдээсэн тул уг 70 200 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ажиллагааны зардал, урамшууллын зардалд нийт 298 000 төгрөгийг гаргуулах, Захиргааны хэргийн шүүхэд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд М.Ерсерикийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх төлөөгүй болох нь Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах зэрэг болно. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас нийт 5 857 387 төгрөгийг гаргуулж М.Ерсерикт олгож, ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр магадлалд М.Ерсерик нь “...ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, марш тактикийн уралдааны гүйлтийн бэлтгэлд оролцоогүй нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Онцгой байдлын бэлтгэгдсэн албан хаагчийн тусгай шаардлага, албаны бэлэн байдал, тусгай чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр гарсан байна, анхан шатны шүүх “сахилгын зөрчил гаргасан” гэж зөв дүгнэсэн байна” хэмээн М.Ерсерикийн гаргасан зөрчлийг бодитой болохыг дахин цохон дурджээ. Давж заалдах шатны шүүхээс М.Ерсерикийн сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/239 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/807 дугаар тушаалаар М.Ерсерикт сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болсонд тооцсон. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/110 дугаар тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчийн албан тушаалд ажилласанд тооцож 6 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 2 800 086 төгрөгийг зохих төсвөөс олгохоор шийдвэрлэсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас уг мөнгийг 2016 оны 05 дугаар сард олгосон. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/807 дугаар тушаалаар М.Ерсерикт сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болсонд тооцсон хэдий ч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт түүнийг томилох сул орон тоо байхгүй байсан учир түүнийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын Зөвлөлийн хурлаар оруулж, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажиллах боломжтой эсэх талаар санал авахад өөрөө татгалзсан хариу өгсөн тул өөр газарт шилжүүлэн ажиллуулах саналыг тавьсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 6/181 дүгээр тушаалаар М.Ерсерикийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Баянхонгор сум дахь Гал унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр томилсон боловч томилсон газарт очиж ажиллаагүй, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18-01/64 дугаартай албан бичгээр томилогдсон газарт ирээгүй, 18 хоног ажил тасалсан М.Ерсерикт хариуцлага тооцуулах тухай албан бичиг ирүүлсэн. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/321 дүгээр тушаалаар М.Ерсерикийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Баянхонгор сум дахь Гал унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал унтраах, аврах 31 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр томилсон. М.Ерсерик нь ...Онцгой байдлын бэлтгэгдсэн албан хаагчийн тусгай шаардлага, албаны бэлэн байдал, тусгай чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг, томилсон газарт очиж ажилладаггүй, ажил тасалдаг зэрэг нь цэргийн болон төрийн тусгай албан тушаалд тавигддаг шаардлагыг хангахгүй байгааг М.Ерсерикийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материал, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон энэхүү тайлбар харуулж байна. Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр магадлалын шийдвэрийг хэрэгжүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2015 оны 03 дугаар сараас 12 дугаар сар хүртэл огт ажил хөдөлмөр эрхлээгүй этгээдэд 6 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговорыг олгосон. М.Ерсерик нь санал тавьсан ажлыг хийгээгүй, томилсон газарт очиж ажиллаагүй, ажил тасалж, огт хөдөлмөр эрхлээгүй атлаа 7 сарын хугацааны цалингийн олговор, өмгөөлөгчийн хөлс мөнгийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсээс 4 662 697 төгрөгийг гаргуулж М.Ерсерикт олгож, М.Ерсерикийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэст даалгаж, М.Ерсерикийн нэхэмжлэлээс 1 194 690 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ерсерикийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 931 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсээс 72 918 төгрөгийг гаргуулж М.Ерсерикт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...Өмгөөлөгч Я.Сьездийн онгоцны зардлыг Онцгой байдлын ерөнхий газраар төлүүлэх сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 6/181 дүгээр тушаалаар М.Ерсерикийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Баянхонгор сум дахь Гал унтраах, аврах 16 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр томилж, ажил олгосон байтал 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 7 сарын цалин олгохоор шийдвэрлэсэн. Ажил хөдөлмөр огт эрхлээгүй хүнд цалин, өмгөөлөгчийн хөлс олгох, эсвэл нэг ажлын байранд хоёр хүнд цалин давхардуулан олгох журам байхгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 554 дүгээр магадлалын дагуу хугацаанд огт ажил хөдөлмөр эрхлээгүй байхад нь 6 cap 15 хоногийн дундаж цалин хөлс олгосон. Одоо М.Ерсерик нь дахин ажил хөдөлмөр эрхлээгүй 7 сарын хугацааны цалин болон өмгөөлөгчийн хөлс нэхсэн. Сангийн яамыг хариуцагчаар татан оролцуулж өгөх хүсэлтийг тавьсан боловч хэрэгсэлгүйгээр шүүх хуралдаан явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар М.Ерсерикийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх авч хэлэлцээгүй. Одоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд М.Ерсерикийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа тухай миний бие болон өмгөөлөгч Я.Сьезд шүүхэд хэлсэн боловч огт хэрэгсэлгүй шийдвэр гаргасан зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Ерсерик нь хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацааны цалинтай тэнцэх олговор 3 306 247 төгрөг, хохирол 2 551 140 төгрөг, нийт 5 857 387 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр магадлалаар М.Ерсерикийг урьд эрхэлж байсан “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 6 сар 15 хоногийн цалинтай тэнцэх олговор 2 800 086 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсээс гаргуулж түүнд олгосон, Онцгой байдлын ерөнхий газрын  даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн б/110 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 800 086 төгрөгийг түүнд олгож, олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Санхүү, хангалт үйлчилгээний газартаа даалгаж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн б/321 дугаар тушаалаар М.Ерсерикийг шүүхийн шийдвэрт заасан ажилд нь эгүүлэн томилсон үйл баримтууд тогтоогджээ. /хх 7-11, 13, 68/

 

Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 554 дүгээр магадлалаар тогтоогдсон М.Ерсерикийн 1 сарын дундаж цалин /472 321 төгрөг/-г үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 306 247 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, М.Ерсерикийн ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Мөн шүүх нэхэмжлэлээс ажил олгогчийн ажлаас үндэслэлгүй халсан хууль бус шийдвэрийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хохиролд тооцон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мусагийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод ирсэн замын зардал 81 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллын зардалд 298 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. /хх 6, 20-22/

 

Харин шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан “Өмгөөллийн үйлчилгээний хөлс”-нд хамааралгүй зардал болох өмгөөлөгч Я.Сьездийн 2015 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Өлгий хотоос Улаанбаатар хотод ирж, буцсан замын зардалд 977 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Сангийн яамыг хамтран хариуцагчаар татуулах тухай” хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч М.Ерсерикийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс” гэж хариуцагчийн нэрийг буруу бичсэн алдаа гаргасныг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгийн 1 дэх заалтын “... Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсээс 4 662 697 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...Онцгой байдлын ерөнхий газраас 3 685 247 төгрөгийг гаргуулж...” гэж, “...1 194 690...” гэснийг “...2 172 140...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч М.Ерсерикийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108 960 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 73 914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ерсерикт олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                 

                                                                             Д.ЦОГТСАЙХАН