Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 30

 

Х.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0102/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                            

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Х.М  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолтой Х.М-т холбогдох 201706000154 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, ..., Ш овогт Х-ын М.

   Шүүгдэгч Х.М нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор:

Шарнууд овогт Х-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.М-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан 5586000 /таван зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.М төлсөнг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 156300 /арван таван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “... Энэ хэрэг явдал нь ах, дүүсийн хооронд болсон үйл явдал байдаг юм. Одоогийн нөхцөл байдлын хувьд намар цаг дуусч өвлийн уур амьсгал орж эхэлж байна. Өвс тэжээл малынхаа онд бүрэн мэнд оруулах гээд маш их ажил төрөл байдаг учир Сум дундын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан торгуулийн арга хэмжээгээр өөрчилж өгнө үү... “ гэжээ.                                     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:  “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

Шүүгдэгч Х.М нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт нь цохиж биед нь “…тархи доргилт, зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, 2 хацарт зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

хохирогч Д.Б, гэрч Я.С нарын мэдүүлэг /хх 31, 33/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 167, 816 дугаартай дүгнэлтүүд /хх 40, 44-45/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн Х.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Х.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй байхад анхан шатны шүүх Х.М-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “…санаатай…” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх…” гэснийг “…450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох…” гэж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай…” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “…Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй…” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

     3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

              ШҮҮГЧИД                                                          Ц.ТУЯА            

                                                                                       С.УРАНЧИМЭГ