Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00503

 

Ц.Оы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201/МА2017/00039 дүгээр магадлалтай,

Ц.Оы нэхэмжлэлтэй

“Н Ө” СӨХнд холбогдох

Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5 797 577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31-43 тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс ус их хэмжээгээр алдсаар ирсэн. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгзөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувин саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Манайх 2015 оны 7 сард гэртээ 1434134 төгрөгийн, 2016 онд 4363443 төгрөгийн иж бүрэн засвар хийсэн. Энэ талаар тухай бүрт нь орцны жижүүрээр дамжуулан СӨХ-н даргатай уулзаж өөрт нь харуулсан боловч засвар хийнэ гэж хэлэхээс өөр арга хэмжээ аваагүй. Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. Би З.Цогбаяр даргыг ажлаа авах үед манай дээрээс ус ихээр алддаг шүү, та энэ талаар ажил хийгээрэй гэж анхааруулж хэлж байсан. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5797577 төгрөгийг “Н Ө”СӨХноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Н Ө”СӨХ-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай СӨХ-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “Н Ө”СӨХ-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай “Н Ө”СӨХ-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “Н Ө”СӨХ-г өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа 31 дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй. Харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлууд руу ус гоождог учраас би тэр дундын заагыг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй. Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа манай дээврээс ус гоожлоо гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа манай дээврээс ус алдаад байгаа гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай СӨХ 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5797577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Н Ө”СӨХноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2319031 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н Ө”СӨХноос улсын тэмдэгтийн хураамжид 70607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201/МА2017/00039 дүгээр магадлалаар хариуцагч “Н Ө”СӨХны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Ө”СӨХноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, ДӨЭХ-ийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хувиарлах асуудлыг хэлэлцээгүй, барилгын хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, 2014 оноос хойш улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсч хандаагүй, СӨХ нь ДӨЭХ-д засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс дээврээс их хэмжээний ус гоожсон явдал нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан шалтгаан болсон гэх зэргээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчид гэм хор учирч буй нөхцөл байдалд хандсан хандлага, бодит байдал, СӨХ-ны эрх зүйн байдал зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадахгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2. Хариуцагч байгууллагын зүгээс өөрийн эзэмшил, ашиглалтанд байдаг дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцан ажиллахдаа СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДӨЭХ-ийн тухай хуулийн 8-р зүйлийн 8,2-т заасны дагуу бүх гишүүдийн хурлыг жил бүр зарлан хуралдуулдаг бөгөөд ирц хүрээгүйн улмаас ДӨЭХ-ийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хувиарлах асуудлыг хэлэлцүүлж чадаагүй. Нэхэмжлэгч өөрөө бүх гишүүдийн хуралд ганц ч удаа оролцож байгаагүй болно. Барилгын хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар Дорнод аймгийн МХГ, Барилга хот байгуулалтын газруудад хандсан боловч тухайн үед дүгнэлт гаргах эрхгүй, манай зүгээс дээврийн асуудалд дүгнэлт гаргахгүй байгаа гэх мэтийн хариу өгч дүгнэлт гаргаж өгөөгүй болно. 2017 онд шүүхээс шийдвэр гарч МХГ-аас дүгнэлт гаргуулсан ба түүнд 31-р байшингийн дээвэрт зайлшгүй их засвар хийх шаардлагатай ба СӨХ дангаар дээврийн засварын ажлыг хийх боломжгүй гэж дүгнэсэн. 3. 2009 онд 1 удаа, 2014 онд 3 удаа улсын болон орон нутгийн төсвөөс дээврийн засварын ажлын санхүүжилт хүсч хандаж байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2016 онд орон нутгаас 50 сая төгрөгийн 30%-ийг оршин суугчдаас гаргасан тохиолдолд дээврийн засварын ажлыг хийх боломжтой гэсний дагуу оршин суугчдаас санал асуулга авахад зөвшөөрсөн иргэд байхгүй тэр дундаа нэхэмжлэгч ч мөн адил зөвшөөрөөгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2016 онд дээврийн засварын санхүүжилт хүсч Дорнод аймаг дахь СӨХ-дууд аймгийн удирдлагад хандан комисс томилуулан бүх байшингийн дээвэрт үзлэг хийлгэсэн боловч насжилт өндөртэй байшинд түрүүлж засвар хийх, бусад байшинд санхүүжилт хүрэлцэхгүй улмаас СӨХ-дууд өөрсдийн боломжоор хэсэгчилсэн засвар хий гэдэг хариулт өгсөн болно. 4. СӨХ-ны зүгээс ДӨЭХ-д засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар ДБЭХС ХХК, Дорнод НАА ОНӨААТҮГ зэрэг үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг бөгөөд дээврийн засварын ажлыг хийдэг мэргэжлийн байгууллага гэж байдаггүй, дээврийн ажилд мэргэшсэн хүмүүсийг хөлслөн ажиллуулахад хүрдэг ба энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж өгсөн гэж үздэг. 5. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтэцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно гэсэн заалттай бөгөөд зайлшгүй өөрчлөлт хийх бол СӨХ-нд мэдэгдэх, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, зөвшөөрөл авах бусад өмчлөгчдөд мэдэгдэх. Эдгээр үйл ажиллагаатай холбогдох зардлыг засвар хийлгэх сууц өмчлөгч өөрөө хариуцна гэж заасан. Тоосгон байшингийн хувьд даацын буюу даацын бус хана гэж байдаг. Эдгээр ханын өндөр, өргөн, урт нь тухайн барилгын зориулалт, барилгын ачаалал, бат бэх чанар, тогтворжилт болон бусад хүчин зүйлээс хамааран тодорхойлогддог бөгөөд энэ бүхэн нь хоорондоо уялдаа холбоотойгоор нэг систем болон ажиллахаар төлөвлөгдөн хийгдсэн байдаг байна. Энэ хууль дүрэм, норм стандартын заалтуудыг нэхэмжлэгч зөрчиж хоёр өрөөг нэгтгэж нэг өрөө болгон засварлуулсан байгаа нь хучилтийн хавтангийн бат бэх байдалд нөлөөлж, цууралт үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх энэ талаар анхаарч үзээгүй байна. 6. Нэхэмжлэгч Ц.О нь сүүлийн 7-8 жил дээврээс ус алдаж байгаа гэж гомдол гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 148.2.3. дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4. дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэсэн заалтуудыг зөрчиж засвар үйлчилгээний зардал хувиарлах бүх гишүүдийн хуралд ирж саналаа өгдөггүй, мөн засвар үйлчилгээний хураамжинд төлөгдөх мөнгөө ч өгөхгүй олон сар жил болдог зэргээр иргэний үүргээ биелүүлэхгүй явж ирсэн ба өөрийн өмчдөө хүний юм шиг хандчихаад дараа нь СӨХ-ны хийх ажил, та нар манай өмчийн бүрэн бүтэн байдал, тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж хандаж байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа СӨХ-ны мөнгөө төлж чадаагүй байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. СӨХ гэдэг нь оршин суугчид өөрсдөө бөгөөд СӨХ нь өөр газраас санхүүждэггүй өөрсдийнх нь өгсөн мөнгөний хэмжээгээр засвар үйлчилгээ хийх боломжтой юм. 3 өрөө байшингийн дээврийг засварлахад 1600000 төгрөг шаардлагатай бөгөөд СӨХ-ны тухайн үеийн санхүүгийн тооцоог шүүхэд гаргаж өгсөн. Дээврийн засвар үйлчилгээг чанаргүй хийсэн гэж дүгнэхээс илүүтэй санхүүгийн шалтгаан нөхцөл, иргэн хүний өөрийн хуулинд заагдсан үүргээ хэрхэн хангасан зэргийг тогтоох нь зүйтэй байсан. Өөрийн зүгээс иргэний үүргээ биелүүлэхгүй байхад бид нэхэмжлэгчид үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй юу. Ийм байсаар байтал шүүхээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг СӨХ хариуцах ёстой гэж хандсан болохоос санхүүгийн ямар эх үүсвэрээр дээврийг засах талаар тооцоогүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 7. Нэхэмжилсэн мөнгө нь СӨХ-ны 3 сарын ЗҮХ төлөлттэй тэнцэж байгаа бөгөөд хэрэв СӨХ-гоор төлүүлнэ гэж үзвэл энэ мөнгө хаанаас гарах вэ. СӨХ нь төсвийн орлогогүй, үндсэн хөрөнгөгүй, гишүүдийн засвар үйлчилгээний хураамжинд төвлөрүүлсэн мөнгөөр санхүүждэг ашгийн бус байгууллага учраас тухайн сардаа засвар үйлчилгээнд зарцуулагдан дуусдаг бөгөөд энэ нь сар сардаа дансанд орохоос биш бэлэн байдаггүй оршин суугчдын гар дээр байгаа мөнгө. Оршин суугчид өөрсдийн эрх ашгийн төлөө үйлчилгээ авах гэж биш энэ айлд өгөх гэж мөнгө төлөх болж байгаа ба нэхэмжилсэн мөнгийг төлөхийн тулд засвар үйлчилгээний хураамжийг өөр ямарч зардалд зарцуулахгүйгээр 3-5 сар хадгалсны дараа барагдуулах боломжтой болно. Энэ хугацаанд СӨХ-ны үйл ажиллагаа бүрэн зогсох, хуулиар хүлээсэн үүрэг болох засвар үйлчилгээний хураамжаа төлж иргэний үүргээ биелүүлсэн бусад оршин суугчдын үйлчилгээ авах эрх зөрчигдөхөд хүрэх юм. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Дээрх татгалзал үндэслэлийг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Н Ө”СӨХнд холбогдуулан гэм хорын хохирол 5 797 577 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ” ...олон жилийн насжилттай орон сууцны дээврийг засахад нилээд хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд санхүүжилт шийдэж өгдөггүй, ...нэхэмжлэгч өөрөө төлбөрөө төлдөггүй, сууц өмчлөгчөөс авдаг төлбөр дээврийн засварт хаана нь ч хүрэхгүй, ...нэхэмжлэгч хоёр өрөөг нэгтгэж нэг өрөө болгож, энэ нь барилгын бат бэх чанарт нөлөөлсөн, ...хуримталсан хөрөнгийн хэмжээнд 2016 онд 2 удаа, 2017 онд нэг удаа дээврийн засварыг хийсэн, ... 2016 онд орон нутгаас дээврийн засварын 50 сая төгрөгийн 30 хувийг оршин суугчид гаргавал засч болно гэсэн тул оршин суугчдаас санал авахад зөвшөөрөөгүй, үүнд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй, ...бид хөрөнгө мөнгөний хэмжээнд бүх бололцоогоороо ажиллаж байгаа... тул нэхэмжлэгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ц.О нь “Н Ө”СӨХны гишүүн байх ба орон сууцны дээврээс борооны ус гоожсоны улмаас түүний өмчлөлийн Хэрлэн сумын 7 дугаар баг 31 дүгээр байрны 43 тоот орон сууцан дах эд хөрөнгөд хохирол учирсан байдал баримтаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорыг засварын ажлын төсөв, фото зураг, засвар хийсэн баримтуудаар нотолжээ. 

СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар СӨХ нь ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй байна.

“Н Ө”СӨХ орон сууцны дээврийн засвар үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй нь хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон, шүүх төлбөрөө хугацаанд нь төлдөггүй нэхэмжлэгчийн гэм бурууг харгалзан хохирлын хэмжээг багасгаж хариуцагчаас 3 478 546 төгрөгийг гаргуулж Ц.Од олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00975 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201/МА2017/00039 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА