Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 271

 

Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл

шүүгдэгч Д.Батхүрэлийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Н.Мандах,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 22А дугаар шийтгэх тогтоол,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 201517000155 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Батхүрэлийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лхам овогт Дагдандоржийн Батхүрэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хээрдүүд овогт Сугарын Батцэцэг нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батхүрэлийг давтан үйлдлээр хээл хахууль авах, С.Батцэцэгийг хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Д.Батхүрэлийн хувьд ногдох хөрөнгөнөөс 500.000 төгрөг хурааж 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар С.Батцэцэгт 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Д.Батхүрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Батцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 22А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батхүрэл, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаарх илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Н.Мандах нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батхүрэлийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.Батхүрэл, С.Батцэцэг нарын хооронд ажилд орохын тулд мөнгө өгөх, авах талаар урьдчилан ярилцаж тохиролцсон асуудал байхгүй. Д.Батхүрэл нь 2014.04.23-ны өдөр тухайн албан тушаалд томилогдоогүй байсан бөгөөд БОНХСайдын 2014.04.30-ны өдрийн б/19 дугаар тушаалаар 2014.04.25-ны өдрөөс эхлэн тус газрын захиргааны газрын даргаар томилогдсон байдаг. Хээл хахууль авах гэмт хэргийн субьект нь заавал эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд тухайн албан тушаалд томилсон эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гарснаар түүний бүрэн эрх баталгаажих учиртай. Хэрэгт Д.Батхүрэл уг албан тушаалд томилогдоно гэдгээ урьдчилан мэдэж байсан гэх нотлох баримт авагдаагүй байхад шүүх томилогдоно гэдгээ урьдчилан мэдэж байсан гэх хийсвэр дүгнэлт хийснээс гадна яамны нэрийг ч буруу бичсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Ө.Мөнхтуяагаас хээл хахууль авахыг завдсан гэх үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, С.Батцэцэг, Ө.Мөнхтуяа нараас аль алинаас нь хээл хахууль авсан мэтээр шүүгдэгч Д.Батхүрэлийг давтан үйлдлээр хээл хахууль авсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Д.Батхүрэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.06.24-ний өдрийн 6/675 тоот албан бичгээр дамжуулан өмгөөлөгч Эрдэнэбаатартай байгуулсан гэрээгээ цуцалж, өмгөөлөгч Ч.Энхцэцэгтэй шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлтийг авч хэлэлцээгүй, шийдвэрлээгүй, шүүх хуралдааны явцад дахин хүсэлт гаргасан боловч хэлэлцэж шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Хэргийг анхан шатны шүүх 3 удаа, давж заалдах шатны шүүх 3 удаа тус тус хэлэлцсэн бөгөөд аль ч шатанд шүүх бүрэлдэхүүний нэгээс бусад нь өөрчлөгдөөгүй байна. Гэвч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарын үйлдсэн гэх хэргийн зүйлчлэл, үйлдэл өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүхийн 22, 22А тоот шийтгэх тогтоолуудын дүгнэлт, ялын бодлого харилцан эрс тэс ялгаатай байгаа нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөрдөн байцаалтын явцад Д.Батхүрэлээс аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, шийдвэрлэж хариу өгөөгүй, Д.Батхүрэлийн аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан өрөө түрээслэх гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй, Батцэцэгийн 1.0 сая төгрөг өгсөн гэх 2014.04.23-ны өдөр Мэнэнгийн талын сав газрын захиргаанд албаны зориулалтаар өрөө тасалгаа гаргаж өгсөн байсан эсэхийг шалгаагүй, энэ үед Батхүрэл тухайн ажилд томилогдохоо мэдэх боломжтой байсан эсэх, яамнаас хэзээ ямар байдлаар мэдэгдсэнийг нотлох баримтаар тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчиж гэрч Ц.Лхамсүрэнгийн захиалгаар Мөнхтуяагийн хууль бусаар хийсэн бичлэгийг бэхжүүлэн нотлох баримтаар үнэлэн ял шийтгэл оногдуулах үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчиж, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Д.Батхүрэлд холбогдох хэргийг шалгаж шийлвэрлэхдээ Авлигатай тэмцэх газар хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан, аймгийн Прокурорын газар яллагдагчаас гаргасан хүсэлтийг шалгаж шийдвэрлэж хариу өгөөгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Иймд шүүгдэгч Д.Батхүрэлийн эрх зүйн байдал дордсон учир шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Батхүрэлийн өмгөөлөгч Н.Мандах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Д.Батхүрэлд холбогдох 2 үйлдлийн хувьд Батцэцэгтай холбогдох үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих ёсны өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Д.Батхүрэлийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэд хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Прокуророос Д.Батхүрэлийг 2014 оны 4 дүгээр сард С.Батцэцэгээс зээл нэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авч улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргаанд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бичиг хэрэг, няраваар томилсон, мөн давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сард тус газрын захиргаанд Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд Ө.Мөнхтуяаг томилохдоо 1.000.000 төгрөгийн хээл хахууль авахыг шаардаж, Ө.Мөнхтуяагаас хээл хахууль авахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар “Хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Д.Батхүрэлд холбогдох иргэн Ө.Мөнхтуяаг ажилд томилохдоо 1.000.000 төгрөг өгөхийг шаардаж, хээл хахууль авахыг завдсан гэх 2 дахь үйлдлийг “хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг төгс үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв.

Түүнээс гадна шүүгдэгч Д.Батхүрэлийн иргэн Ө.Мөнхтуяаг ажилд авахдаа мөнгө өгөхийг шаардсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “хясан боогдуулах замаар хээл хахууль авах” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгджээ.

Хээл хахууль авахыг завдсан гэх үйлдлийг бусад төгс үйлдэгдсэн хэргээс тусад нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн тохирох хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.

Дээр дурьдсан шалгавал зохих асуудлыг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн “... Д.Батхүрэл нь С.Батцэцэг, Ө.Мөнхтуяа нараас давтан үйлдлээр хээл хахууль авсан гэх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Д.Батхүрэл нь өмгөөлөгч Эрдэнэбаатартай байгуулсан гэрээгээ цуцалж, өмгөөлөгч Ч.Энхцэцэгтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын явцад Д.Батхүрэлийн аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан өрөө түрээслэх гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, Ө.Мөнхтуяагийн хууль бусаар хийсэн бичлэгийг бэхжүүлэн нотлох баримтаар үнэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн, Д.Батхүрэл холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 22А дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох 201517000155 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг шүүхэд очтол Д.Батхүрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, С.Батцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН