Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 268

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2020        02          17                                   2020/ШЦТ/268  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга Д.Хулан,

Шүүгдэгч В.Жнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Ж-од холбогдох эрүүгийн 1906 05852 0280 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Жнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвд байрлах караокений 302 тоот өрөөгөөр үйлчлүүлж байхдаа тус өрөөний хананд өлгөөтөй байсан Сони маркийн 55 инчийн лед телевизорийг гараараа дэлгэц хэсэг рүү нь цохиж гэмтээж 873.770 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч В.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02852 0280 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч А.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 21-нд шөнийн 01:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Амар” зочид буудлын караокед зөөгчийн ажлаа хийгээд байж байхад 302 тоот өрөөнд үйлчлүүлж байсан нэг ах манай караокены зурагтыг гараараа цохиод дэлгэцийг нь эвдэлсэн. Олон хүн үйлчилж байсан болохоор тухайн үедээ анзаараагүй. Би 2 цагийн дараа л шинээр үйлчлүүлэгч орж ирэхэд мэдсэн гэх мэдүүлэг /хх 13 тал/,

 

Хохирогч Э.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвд менежер ажилтай бөгөөд ээлжээр гарч ажилладаг юм. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би ээлжтэй байсан бөгөөд 9 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад 3 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн манай төвд орж ирээд караоке орсон. Тухайн үед тэр хүмүүс 302 тоот өрөөнд 1 цаг авсан бөгөөд гаднаас орж ирэхдээ нилээд халамцуу орж ирсэн. Тэгээд өрөөндөө ороод 1 цаг авсан бөгөөд 1 цагаа дуусгалгүй гарч ирцгээсэн, эхлээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй нь түрүүлж гарч ирээд араас нь цайвар өнгийн пиджактай ах 55.000 мянган төгрөгийн тооцоог өөрийнхөө картаар хийчихээд гараад явсан. Би тухайн үед өөрөө текэн дээр байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг гарсны дараа зөөгчийгөө өрөө шалгаад ир гэж явуулахад зурагтыг анзаараагүй байсан. Тэгэхээр нь би тооцоог нь аваад явуулсан. Тэгээд тэр хүмүүсийг явсаны дараа 02 цагийн орчимд байх өөр хүмүүс тэр өрөөнд орохоор нь караокений зурагтыг асаахад зурагт хагарсан болохыг мэдсэн. Тэгээд өрөөний камерийн бичлэгийг шүүж үзэхэд цайвар өнгийн пиджактай, тооцоо хийсэн ах караокений зурагтыг гараараа цохиж байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Б.Лувсанравдангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн орой Ж-той тааралдаад бид дөрөв “Амар” зочид буудлын караокед орсон. Караокед ороод пиво уусан. Бид уулзахын өмнө хэн хэн нь халамцуу байсан. Тэгээд Ж-гардан тулааны урлагаар хичээллэдэг, кёкүшинкай каратегийн хар бүс 2 дантай, спортын мастер цолтой өөрөө гардан тулааны ном эрхлэн гаргасан талаараа надтай ярилцаж байгаад тус караокений зурагтны урд гараараа хэдэн техник хийж үзүүлээд байсан. Тэгээд би нөгөө хамт явж байсан хүмүүсийн хамт түрүүлээд гараад явсан. Ж-өөрөө тооцоогоо хийгээд өөрийн машинаар явна гэсэн болохоор бид түрүүлээд гараад явсан юм. Харин зурагт хагалсан гэдгийг сүүлд Ж-оос өөрөөс нь сонссон. Тэр өдөр зурагтыг нь хагалсан гэдгээ мэдээгүй. Бид нар ч гэсэн хараагүй, мэдээгүй юм гэх мэдүүлэг /хх 21/,

 

-“ДАМНО” ХХК хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №БЗ1-19-650 дугаартай:

Sony маркийн 55 инчийн хар өнгийн LED зурагт 873.770 төгрөг... гэх үнэлгээний тайлан /хх 30-31 тал/,

 

Шүүгдэгч В.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн сургуулийн захирал ажилтай бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаднаас ирсэн хүмүүстэй уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Тухайн үед Орос улсын иргэн Юра гэх хүнтэй танилцсан бөгөөд байрлаж байсан Сүнжин гранд зочид буудлын ресторанд орж хүлээн авалтанд орсон юм. Тэгээд 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би хамт ажилладаг Лувсанравдан, Юра болон бас нэг огт танихгүй эмэгтэй хүний хамтаар дөрвүүлээ “Амар” төвд орсон. Би тэр хамт орсон эмэгтэйг огт танихгүй. “Амар” төвийн гадна тэр хүнтэй таарч хамт орсон бөгөөд караокед ороод 1 цаг авсан. Би 2011 онд гардан тулааны урлагт суралцах арга зүйн үндэс гэх номыг гаргаж байсан бөгөөд 9 дүгээр сарын 20-ны өдөр тэр номынхоо талаар тайлбарлан ярьж байсан. Тэгээд караокед байхдаа тэр номны талаар ярьж байгаад би караокений өрөөний зурагтыг цохьчихсон юм. Тухайн үед тэр зурагтыг хагарсан гэдгийг мэдээгүй бөгөөд надтай хамт байсан хүмүүс түрүүлээд гарсны дараа хамгаалагч бололтой нэг залуу орж ирээд тантай хамт байсан хүмүүс түрүүлээд явчихлаа. Та одоо гар гэхээр нь би гараад тооцоогоо хийчихээд гараад явсан. Тэгээд би тэр талаар мартчихсан явж байтал 2019 оны 11 дүгээр сард билүү дээ цагдаагаас залгахаар нь ирж уулзахад ийм асуудал болсон талаар хэлсэн. Би бага зэргийн согтолттой байсан учир зурагт хагалсаныгаа мэдэхгүй байсан. Цагдаагаас залгахад нь уулзаад тэр зурагтыг хагалсан талаар мэдсэн. Тухайн байгууллагын ажилтан орж ирээд надтай хамт гарсан учраас тэр зурагтыг эвдсэн гэсэн ойлголт байгаагүй юм гэх мэдүүлэг /хх 52/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх 9-10/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 25/,

-В.Ж-ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дотоод хэргийн их сургуулийн тодорхойлолт /хх 39, 40, 42/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дариймаагийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 55/,  

-шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 56/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас В.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

 

Шүүгдэгч В.Жнь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч В.Ж-ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч В.Жнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч В.Ж-од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Рэгдэл овогт Ваанчигийн Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ж-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар В.Ж-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч В.Жнь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ж-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ