Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 2020000170010 тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, Д овогт Б.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.С-н цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020 оны 01 сарын 16-ны өдөр гэртээ байж байсан. Манай найз С над руу залгаад хаана байна ганц пиво ууя гэж ярьсан. Би гэртээ хүүхэдтэйгээ байна. Өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд бие засах гээд гэрээсээ гарахад С гадаа машинтайгаа пиво аваад ирсэн байсан. Тэгээд түүнийг нь хувааж уучихаад би дахиад юм уух уу гээд хөргөгчнөөсөө 0,75 литрийн Е архийг гаргаж ирээд хувааж уусан. Гэтэл С надаас зээлсэн мөнгөө өгөх боломж байна уу гэж асуусан. Би одоохондоо боломжгүй байна. Боломжтой болохоороо өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь С намайг хэл амаар доромжлоод над руу дайраад байсан. Би уурлаад хутга бариад С-н хуруунд мэс хүргэсэн. Дараа нь аяганы алчуураар хурууг нь боож өгсөн. Цусыг нь тогтоочихоод байж байсан чинь С гараад гүйчихсэн. Би араас нь гараад харахад алга болчихсон байсан. Би гэртээ орж ирээд шалан дээр байсан цусыг арчиж цэвэрлээд амарсан. Өглөө үүрээр манайд 2 цагдаа орж ирээд намайг аваад явсан. Тэгээд би дагаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр орой буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад би өөрийн ... дугаарын утаснаас Г-н дугаарын утас руу залгаж түүнээс хаана юу хийж байгаа талаар нь асуухад гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь би хоёулаа ганц пиво уух уу гэж асуухад Г зөвшөөрсөн. Ингээд би Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах А гэх дэлгүүрээс 2,5 литрийн С нэртэй пиво 1 ширхэгийг худалдан авч Г-н гэрт очсон. Тухайн үед Г өөрийн хүүгийн хамт байсан. Үүнээс өмнө бид хоёрын аль аль нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ингээд бид хоёр юм ярьж сууж байгаад 1 ширхэг пивоо ууж дуусгасан. Дараа нь Г гэрийнхээ хөргөгчнөөс 0,75 литрийн Е нэртэй архи 1 шилийг гаргаж ирсэнийг мөн бид хоёр хувааж уусан. Тухайн үед архи уугаад сууж байхдаа мөнгө төгрөгнөөс болж маргалдсан. Учир нь Г 2019 оны намар надаас мөнгө зээлье гэхэд нь би өөрийн төрсөн эцэг Г-с 100.000 төгрөг зээлж өгсөн юм. Би өчигдөр архи уугаад сууж байхдаа миний найз нөгөө 100.000 төгрөгөө өгчихөөрэй гэтэл Г чи мөнгө нэхлээ гэсэн утгатай зүйл ярьж уурласан. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдаж байхдаа зодолдож, зууралдсан зүйл байхгүй, үг яриагаараа л маргалдсан. Тэгэж байтал Г гэнэт босоод гэрийн зүүн урд талын шүүгээнээс хутга гаргаж ирээд чамайг алаад өгье гэж хэлээд над руу дайрсан. Тэгэхээр нь би босож хутгыг нь авахаар булаацалдаж зууралдсан. Ингэж байтал Г барьж байсан хутганыхаа үзүүрээр миний цээжний зүүн хэсэгт буюу зүрхний ойролцоо хатгасан. Мөн би хутгыг нь авах гэж зууралдаж байхдаа зүүн гарын дунд хуруугаа зүсүүлсэн. Ингээд би тэдний гэрээс хөл нүцгэн гарч зугатсан. Би гэрээс нь нилээд холдож байгаад өөрийн төрсөн дүү Б-н утас руу залгаж намайг ирээд аваатахаач гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. Удалггүй Б-н нөхөр Т машинтайгаа ирж намайг авсан. Би замаараа цагдаагийн хэлтэст ирж хүнд хутгалуулсан талаараа дуудлага өгчихөөд, дараа нь эмнэлэгт очиж анхны тусламж авсан. Би эмнэлэг дээр очоод хуруундаа эм тавиулж боолт хийлгэсэн. Харин цээжин хэсэгтээ 2 оёдол тавиулсан” гэсэн мэлүүлэг /хх-ийн 19-20/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Г.С-н биед цээжний зүүн дээд талд шарх, зүүн гарын 3-р хурууны өндөг хэсэгт шарх, зүүн гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн дотор талд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинээр илэрсэн өөр зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-12/

Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 17/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн Б.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-43, 53/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-58/

Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 65/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар  

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.С-н цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн дээд талд шарх, зүүн гарын 3-р хурууны өндөг хэсэгт шарх, зүүн гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн дотор талд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Б.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед архи уугаад сууж байхдаа мөнгө төгрөгнөөс болж маргалдсан. Учир нь Г 2019 оны намар надаас мөнгө зээлье гэхэд нь би өөрийн төрсөн эцэг Г-с 100.000 төгрөг зээлж өгсөн юм. Би өчигдөр архи уугаад сууж байхдаа миний найз нөгөө 100.000 төгрөгөө өгчихөөрэй гэтэл Г чи мөнгө нэхлээ гэсэн утгатай зүйл ярьж уурласан. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдаж байхдаа зодолдож, зууралдсан зүйл байхгүй, үг яриагаараа л маргалдсан. Тэгэж байтал Г гэнэт босоод гэрийн зүүн урд талын шүүгээнээс хутга гаргаж ирээд чамайг алаад өгье гэж хэлээд над руу дайрсан. Тэгэхээр нь би босож хутгыг нь авахаар булаацалдаж зууралдсан. Ингэж байтал Г барьж байсан хутганыхаа үзүүрээр миний цээжний зүүн хэсэгт буюу зүрхний ойролцоо хатгасан. Мөн би хутгыг нь авах гэж зууралдаж байхдаа зүүн гарын дунд хуруугаа зүсүүлсэн” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт, 1.8 см өндөр ажлын хэсэгтэй, бариулын урд хэсэг мөнгөлөг төмрөөр бүрсэн, хойд хэсэг ясан мэт эрээн гадаргуутай 2 ширхэг тав хадаасаар их бие тогтоосон 9.5 см урт бариултай хутга 1 ширхэг, ягаан өнгийн хуучирсан 50х28 см-ийн хэмжээтэй алчуур 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.Ц