Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/195

 

2020        3            05                                   2020/ШЦТ/195                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0201/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч П.Ганбаатар

шүүгдэгч Н.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.О-д холбогдох эрүүгийн 1909046080237 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, эх, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-86 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Н.О /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу машин барьж явахад саад болсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чих, чамархайн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О-н өгсөн: “...Би буруу үйлдэл хийснээ ойлгож байгаа. Надад торгуулийн ял оногдуулвал би гурван сарын дотор төлөх боломжтой. Би хохирогчид эмчилгээний зардалд 360.000 төгрөг өгсөн. Би дахин ийм хэрэгт холбогдохгүй...” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Батбаярын өгсөн: "...Тэгээд би ороод юм авчихаад эргэж суугаад “Энканто” орно гээд явсан. Тэгсэн чинь нөгөө жолооч пантомын зүүн талаар өгсөөд их дэлгүүрийн зүг рүү явсан. Тэгэхээр нь би “чи буруу явчихлаа, урагшаа эргэнэ ш дээ, хаашаа яваад байгаа юм бэ” гэж асуухад тэр жолооч би өөрөө мэдээд явчихья гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, чи эсрэг зүг рүү яваад байна, машинаа зогсоо, би бууя гэсэн. Тэгэхэд тэр жолооч  дуугүй явж бай би өөрөө мэдэж байна гэсэн. Тэгэхээр нь би буулаа гээд мөрнөөс нь татсан. Тэгсэн чинь яах гээд байгаа гөлөг вэ гээд зогсоод бууж ирснээ миний хаалгыг онгойлгоод наашаа буугаад ир гэсэн. Тэгэхээр нь намайг буугаад очиход тэр жолооч миний зүүн чих хавьцаа гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би арагшаа зугтаагаад цагдаад дуудлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч

Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №65 дугаартай: “...Б.Батбаярын биед тархи доргилт, зүүн чих, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/,

Шүүгдэгч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Пантомын ойролцоо ирэхэд тэр ах надад хандан “чи буцаад яв пязда минь, буруу замаар яваад байна, илүү мөнгө авах гээд байна” гэж хэлээд миний ар талаас зүүн гар талын мөр рүү цохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад тэр ахад хандан “та яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлтэл миний уруул хэсэг рүү мөргөсөн. Тэгэхээр нь би хоёр гарнаас нь бариад авсан. Тэр ах зүүн гараа дээшээ угзарч татах үед нь зүүн чихийг нь шүргэсэн. Тэр үед бид хоёрын ойролцоо явж байсан үл таних эрэгтэй бид хоёрыг салгасан. Тэр ахын чихнээс цус гоожиж байсан ба тэр ах цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч Н.О нь 2019.12.05-наас 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Опа маркийн 05-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувийн такси үйлчилгээ хийж явахдаа хохирогч Бадралын Батбаярыг буруу газраар явлаа гэж хэлснийх нь төлөө эрх чөлөөнд нь халдан түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чих, чамархайн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг илтэд үл хүндэтгэсэн, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож танхайрсан дээрэнгүй зан байдал шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Батбаяр нь хавтаст хэргийн 41 дүгээр талд “...Н.О нь хохирлын 368.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, түүнтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч    Н.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР