Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

2019         12          27                                   2020/ШЦТ/16      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч  П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.Т (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1909045551525 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, хувиараа автомашин сэлбэгийн зууч хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шар хад 16 дугаар гудамжны 280 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлгийн автомашины зогсоол дээр хохирогч Г.Цэрмаагийн өмчлөлийн 27-14 УБЛ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг гэрч Ц.Уранцэцэгийг унаж явахад баруун талын толийг автомашины зогсоолын асуудлаас маргалдан өшиглөж, дахин ашиглах боломжгүй болгон устгаж 1.056.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909045551525 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Цэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний эзэмшлийн 27-14 УБП улсын дугаартай автомашиныг миний төрсөн охин Уранцэцэг барьж, би хажууд нь сууж явсан. Бид 2 “Сонгдо” эмнэлгийн урд талын автомашины зогсоолд автомашинаа тавих гэтэл нэг үл таних хүн зогсоолд зогсож байсан. Миний охин Уранцэцэг тэр зогсоолд автомашинаа байрлуулчихъя гэтэл тэр хүн “араас миний автомашин ирж байгаа” гэхээр нь “би түрүүлж ирсэн болохоор тавьчихъя” гээд зогсоол руу орох гэтэл нөгөө эрэгтэй “би автомашинаа тавьчихъя” гэж хэлэхээр нь “чи миний автомашиныг хаагаад тавьчих би өөр рүү чинь яръя” гэтэл “би тархины бичлэгт орно, удна” гэхээр нь ярилцъя гэж бодоод цонхоо хаагаад буух хооронд автомашин түс тас болоод явчихсан. Тэгээд охин Уранцэцэг автомашинаасаа буугаад хартал баруун талын толь хугарчихсан, нөгөө хүн байхгүй байсан. Автомашины баруун талын толь хугарсан, өөр гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгдо эмнэлэгийн автомашины зогсоол дээр нэг автомашины зогсоол байхаар найздаа өөрийн эзэмшлийн 11-7 улсын дугаартай кровн маркын автомашиныг бариулаад өөрөө тэр зогсоол дээр биеэрээ хаагаад зогсож байсан. Тоёота Рав-4 маркийн автомашинтай эгч ирээд “би ороод зогсчихъя, миний машиныг хаагаад зогсчих” гэж хэлсэн. Би таны машиныг хаагаад тавьчихъя гэхэд нөгөө эгч зогсоол руу тал орж зогсохоор нь “би таныг хааж зогсоно” гэхэд “өөр машин хаагаад зогсчих гэж хэлээд нөгөө эгч чи намайг дарамтлах гээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь “та яагаад ингээд байгаа юм” гэхэд “чи намайг зодлоо юу” гэхээр нь толийг нь өшиглөчихөөд явчихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Уранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ээж Цэрмаагийн эзэмшлийн 27-14 УБП улсын дугаартай автомашинтай Сонгдо эмнэлгийн урд талын автомашины зогсоолд автомашинаа тавих гэтэл нэг үл таних хүн зогсоолд зогсож байсан. Би тэр зогсоолд автомашинаа байрлуулчихъя гэтэл тэр хүн “араас миний автомашин ирж байгаа” гэхээр нь “би түрүүлж ирсэн болохоор тавьчихъя” гээд зогсоол руу орох гэтэл нөгөө эрэгтэй “би автомашинаа тавьчихъя” гэж хэлэхээр нь “чи миний автомашиныг хаагаад тавъчих би өөр рүү чинь яръя” гэтэл “би тархины бичлэгт орно, удна” гэхээр нь ярилцъя гэж бодоод цонхоо хаагаад буух хооронд автомашин түс тас болоод явчихсан. Би автомашинаасаа буугаад хартал баруун талын толь хугарчихсан, нөгөө хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Тоёота Рав-4 маркийн автомашины баруун талыан толь болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.056.040 /нэг сая тавин зургаан мянга дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

 

Шүүгдэгч Б.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирол  барагдуулсан тухай баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлгийн автомашины зогсоол дээр хохирогч Г.Цэрмаагийн өмчлөлийн 27-14 УБЛ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг “автомашины зогсоолын талбайг эзлэх гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар тухайн автомашины баруун талын толийг өшиглөж, дахин ашиглах боломжгүй болгон устгаж 1.056.040 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Цэрмаагийн мэдүүлэг, гэрч Э.Уранцэцэгийн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тын үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Цэрмаагаас “...Хохирлын 1.056.040 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт  /хх-ийн 9 дүгээр хуудас/ гаргасан тул Б.Тыг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Б.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Тг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН