Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1960 онд төрсөн, 56 настай, бага боловсролтой, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 29-нд хүлээн авч, 2016 оны 9  сарын 5-нд 139/2016/00258/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Хариуцагчийн төлөөлөгч: 1970 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 46 настай, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, Дундговь аймгийн Луус сум, 2 дугаар баг, Орон сууцны 3-4 тоотод оршин суух, Харчин овогт Б

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нэхэмжлэгч Л.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 7 сард Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажилд ороод тус байгууллагад 5 жил ажилласан. Энэ хугацаанд Засаг дарга болон удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэн ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэл буруу гэж үзэж байна.

 

Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар болон бичгээр гаргаагүй учир ажилтан санаачлах үндэслэл болохгүй. Ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэсэн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй, мөн тамхи татдаггүй, өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэн ажиллаж байсан. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Б/09 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М нь 2011 оноос Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 сард ажил үүргээ хангалтгүй биелүүлж 3 сарын цалингийн 15 хувиар хасах шийтгэл авч байсан. 2016 оны 7 сард болсон сумын баяр наадмын дараа зөрчил дутагдал гаргасан, ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа учир ажлаас халахыг Засаг даргын зүгээс үүрэг болгосон. Өөрөө зөвшөөрвөл чөлөөл, эс зөвшөөрвөл хал гэсэн. Би өөртэй нь уулзахад за за надтай хамтарч ажиллахгүй гэж байна лээ. Ажлаасаа гаръя гэхэд нь өргөдлөө бичээд ир гэсэн боловч бичээгүй ирсэн бөгөөд бүх машинаа гадаа авч ирээд хүлээлгэж өгье гэсэн. Та өргөдлөө өгөхгүй юм уу гэхэд за за бичих гэж төвөг, өргөдлөөр яахав ахыгаа аль гайгүйгээр нь гаргачих гэсэн учир би ажлаас нь чөлөөлсөн гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхшатар нь Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 7 сарын 4-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд томилогджээ. /хэргийн 8-р тал/

 

Ажил олгогч ажилтантай 2011 оны 7 сарын 4-нд 1 жилийн хугацаатай, 2013 оны 5 сарын 3-нд мөн 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулж, талууд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан гэрээ /хэргийн 3-4, 10-13-р тал/ хэрэгт авагдсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “... хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу ажилтан Л.Мөнхшатар ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 6-р тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилтантай адил гэж үзнэ” гэж заасны дагуу уг гэрээнүүдийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан бөгөөд хэрэгт ажилтан Л.М ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг нотлох баримтаар талууд гаргаж ирүүлээгүй, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь ажил олгогчдоо ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй болох нь тогтоогдож  байна.

 

Ажил олгогч нь ажилтанг ямар үндэслэл шалтгаанаар ажлаас чөлөөлснөө тушаалдаа тодорхой заагаагүй бөгөөд хариуцагч тайлбартаа “Л.Мөнхшатар нь 2011 оноос Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 сард ажил үүргээ хангалтгүй биелүүлж 3 сарын хугацаагаар цалинг 15 хувиар хасах шийтгэл авч байсан, Л.Мг Засаг дарга зөрчил гаргасан учир ажлаас нь хал гэж надад үүрэг болгосон” гэж тайлбарлаж байх боловч ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн актын хувьд түүнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг барьж шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

 

Ажил олгогч ажилтныг зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд тухайн ажилтны гаргасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Мг Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэгэнт Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж дүгнэсэн тул түүний 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

                                 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж улсын орлогод оруулсугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.Д