Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 20

 

           МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: ................. иргэн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, 

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч В.*******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******, гуравдагч этгээд Ч.*******, гэрч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/07 тоот захирамжаар Гурванзагал сумын Засаг даргаар томилогдсон. Ийнхүү хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг  даргын  2017  оны  10 дугаар  сарын  04-ний  өдрийн  Б/35 тоот  захирамжаар Ж.******* намайг огцруулж шийдвэрлэлээ. Уг захирамжаа гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэжээ. Миний хувьд намайг огцруулах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Засаг даргын захирамжид хуулийн ямар зүйл, хэсэгт заасан үндэслэлээр, хэрхэн огцруулж байгаа тухайгаа дурдаагүй байгаа нь тухайн акт хуулийн үндэслэлгүй болсон байна гэж дүгнэхээр байна. Уг актын улмаас миний Засаг даргаар ажиллах эрх, үүрэг дуусгавар болж, миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасан байтал хуульд нийцээгүй захирамж гаргаж миний эрхэд халдсан гэж үзэж байна.

Мөн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 01 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч, Дорнод аймгийн Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дорнод аймгийн Гурванзагал сумын 3-р багийн иргэн *******гийн ******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Гурванзагал сумын Засаг даргын үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүй огцруулах шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул тус захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг хуульд заасны дагуу аймгийн Засаг даргаас гаргуулахаар шүүхэд хандсан байна. Ж.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/07 тоот захирамжаар Гурванзагал сумын Засаг даргаар томилогдсон. Томилогдсоноос хойш хугацаанд Засаг даргын чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлж чадаагүй учраас тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал хуралдаад олонхийн саналаар Ж.*******ийг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах санал гаргаж улмаар уг тогтоолоо аймгийн Засаг даргад өргөн барьсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн сумын Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг бие даан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд тус сумын Засаг дарга Ж.*******ийг огцруулах санал уламжилсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Тухайн тогтоолын дагуу Дорнод аймгийн Засаг дарга хуульд заасан хугацааны дотор хянаж үзэж Гурванзагал сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан юм. Огцруулах шийдвэрийн үндэслэлийг дурдъя. Монгол Улсын Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу захирамж гаргасан. Аймгийн Засаг дарга Захирамж гаргахдаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолыг үндэслэж хуульд заасны дагуу шалгаж, хянаж үзээд захирамж гаргасан юм. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” ...гэж заасны дагуу хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянаад Гурванзагал сумын Засаг даргыг огцруулах үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учраас төлөөлөгчдийнхөө олонхоор ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, Засаг даргыг огцруулах асуудлыг дээд шатны Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй субъект юм. Үүний дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу Засаг даргыг огцруулах саналыг гаргаж аймгийн Засаг даргад уламжилсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 з/-д заасны дагуу хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх бүрэн эрхтэй юм. Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгч хяналтын зөвлөлөөс танилцуулсан байдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 е/-д заасны дагуу тухайн Хурлын Төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах гэж заасны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.******* Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар асуулга тавьсан. Тухайн хурал дээр юу яригдсан гэдгийг хурлын тэмдэглэлд тусгаж өгсөн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж сумын Засаг дарга Ж.*******ийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж, 12 төлөөлөгчийн 8 төлөөлөгч Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан ба тус хурлын 01 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг Дорнод аймгийн Засаг даргад уламжилсан. Тухайн огцруулах тогтоолыг хянаж үзэхэд Ж.******* нь хууль зөрчсөн, Засаг даргын хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллагаагүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн Ж.******* нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг зөрчсөн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн Ж.*******ийг огцруулсан аймгийн Засаг даргын захирамж гарсан. Ж.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр ажлаас огцруулсан, аймгийн Засаг дарга захирамждаа ямар үндэслэлээр хэрхэн огцруулж байгаа тухай дурдаагүй гэсэн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол нь өөрөө гадагш чиглэсэн захиргааны баримт бичиг. Дорнод аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолыг үндэслэсэн ба тогтоолд дурдсан асуудлыг нотлох баримт нь тухайн хурлаас аймгийн Засаг даргад ирүүлсэн “хурлын тэмдэглэл” юм. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.2-т “Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно.” заасанчлан сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу цэцэрлэгийн гадна талбайд хүүхдийн тоглоом суурилуулахаар хувийн компанийг сонгосон боловч тухайн тоглоом нийлүүлэх компанитайгаа гэрээ байгуулаагүй, тухайн компанийн харилцах дансыг албан ёсоор аваагүй байж нягтлан бодогч н.Болороод 10 хувийг нь авч үлдээд мөнгийг нь хувь хүний данс руу шилжүүлээрэй гэсэн үүрэг өгч хувь хүний дансанд тоглоомын мөнгийг шилжүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Мөн уг тоглоомыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэсэн анхны байршилд бус өөрөө дур мэдэж сумын Цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргахын сацуу уг тоглоомыг хүлээн авсан акт үйлдээгүй байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан заалтыг илт зөрчсөн юм. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6-д орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг. Харин Хурлын тэмдэглэлд бичигдсэнээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаад тухайн тоглоомыг хаана тавихыг тогтоож сумын Засаг даргад уламжилсан боловч тоглоомыг дур мэдэж өөр газар байрлуулсан юм. Энэ үйлдэл нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга хуульд заасан чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Түүнчлэн энэ байдлыг дүгнэж үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга Гурванзагал сумын Засаг даргыг огцруулахадаа хууль зөрчөөгүй гэдэг нь харагдаж байна. Иймд Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хариуцагч Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Чадраабалын ******* болон төлөөлөгч Ө.Шоовдор, С.Чинбаяр, Б.Төмөрсүх, С.Хишигтбаатар нарын 5 төлөөлөгчийн гарын үсэг бүхий сумын Засаг дарга Ж.*******ийг огцруулах тухай санал ирсэн болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар төлөөлөгч, тэргүүлэгч Ч.*******ийн ирүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурапдааныг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарласан тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 21 тоот тогтоол гарсан.

           Ээлжит бус хуралдааны зарыг төлөөлөгч нарт хүргэсэн бөгөөд сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот албан бичгээр Хурлын даргад хандан “Сумын Засаг дарга Ж.******* миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу намын ажлаар явах болсон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг дахин зарлан хуралдуулж 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагт ээлжит бус хуралдааныг Иргэний танхимд хуралдуулахаар товыг өөрчлөн зарласан болно.

            2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдсан /төлөөлөгч Г.Доржнамжим тасалсан, Д.Цэрэгмаа чөлөөтэй тул хуралдаанд оролцоогүй/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Ч.*******ийн ирүүлсэн Сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцээд хуульд заасны дагуу Хурлын төлөөлөгчдийн олонхийн санал буюу хуралд оролцсон нийт 12 төлөөлөгчийн 8 төлөөлөгч “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай” шийдвэрийг дэмжиж тогтоолыг баталсан.

            Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад санхүүгийн хяналт тавих иргэдийн Хурлын дэргэдэх хяналтын зөвлөл гэж 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Уг хяналтын зөвлөл нь тухайн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүх ажлууд дээр хяналт шалгалт хийх эрхтэй субъект юм. Хяналтын зөвлөлийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон бөгөөд хянах үүргийнхээ хүрээнд зөвлөлийн 5 гишүүн тус сумын 2017 онд хийгдсэн ажлуудтай танилцаж хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын явцад Гурванзагал сумын Засаг дарга Ж.******* нь ашиг сонирхлын зөрчил гаргаж хуулийг ноцтой зөрчсөн байсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 төлөөлөгч гарын үсэг зурж Засаг даргыг огцруулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлсэн.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг бие даан хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх бүрэн эрхтэй, үүний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасанчлан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй сумын Засаг дарга Ж.*******ийг мөн хуулийн 32.6-д заасан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравны нэг нь гарын үсэг зурж санал хүргүүлснээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж тус өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор сумын Засаг дарга Ж.*******ийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж, Ж.*******ийг Гурванзагал сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан.

            Ажлын чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй гэх заалт нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгоно” гэж заасан заалтыг зөрчсөн байна.

             Тухайлбал 1. Сумын Засаг дарга Ж.******* нь төсвийн мөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үнэлгээний хорооны ажлын хэсгийг тендерт оролцогч компанийн ашиг сонирхолд нийцүүлэн 2017 оны А/15 тоот захирамжийг 2017 оны А/37 тоот захирамжаар өөрчилсөн байна.

            Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 18 сая төгрөгийн өртөг бүхий Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан “Дуутын нуруу” ХХКомпанитай хувийн ашиг сонирхлын үүднээс холбогдсон. Улаанбаатар хотоос тус компанийн засварын ажлын бараа материалыг хувийн авто машинаар өөрийн биеэр тээвэрлэн тус суманд авч ирсэн мөн хувийн хүнсний дэлгүүрээ тус компаниар засвар өргөтгөл хийлгүүлж ашгийн төлөө холбогдсон нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.6 дахь заалтад хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд нотлох баримт нь 2017  оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон санхүүжилт олгосон 2017 оны А/75 тоот захирамж байна. Мөн “Дуутын нуруу” ХХКомпанийн гүйцэтгэсэн Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажлын явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 16 тоот тогтоолоор баталсан 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 47 дүнгийн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй улмаар сургуулийн дээврээс удаа дараа борооны ус гоожсон, бараа материал дутмаг, зураг төсвийн дагуу хийгдээгүй атал ажил хүлээж авах ажлын хэсгийг томилж ажлыг хүлээн авч санхүүжилтийг бүрэн олгосон нь сумын Засаг дарга Ж.******* ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна.

            Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.2 “Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно” гэж заасанчлан сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу цэцэрлэгийн гадна талбайд хүүхдийн тоглоом суурилуулахаар хувийн компанийг сонгосон боловч тухайн тоглоом нийлүүлэх компанитайгаа гэрээ байгуулаагүй, тухайн компанийн харилцах дансыг албан ёсоор аваагүй байж нягтлан Болор-Эрдэнэд 10 хувийг авч үлдээд мөнгийг нь хувь хүний данс руу шилжүүлээрэй гэсэн үүрэг өгч хувь хүний дансанд тоглоомын үнийг шилжүүлсэн байна.

            Мөн уг тоглоомыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэсэн анхны байршил болох хүүхдийн цэцэрлэгийн гадна бус өөрөө дур мэдэн сумын Цэцэрлэгт хүрээлэнд байгуулан Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргахын сацуу уг тоглоомыг хүлээн авсан акт үйлдээгүй байна. Эдгээр нь огцруулах бүрэн үндэслэл болсон.

Иймд иргэн Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

             Гэрч Г.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2016 онд Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд Ж.******* нь Гурванзагал сумын Засаг даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.******* дарга ямар нэгэн хууль зөрсөн үйлдэл гаргаж байгаагүй. Түүнчлэн бид хамтарч олон, олон бүтээн байгуулалтыг сумандаа ажил хэрэг болгон ажиллаж байсныг дурдах нь зүйтэй байх. Түүнчлэн намайг Засаг даргын Тамгын газарт ажиллаж байх хугацаанд Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулан ямар нэгэн төрийн байгууллагаас хяналт шалтгалт огт орж байгаагүй гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Ж.******* тус шүүхэд “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

             Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Сумын Засаг дарга Ж.******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчиж үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй” байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулах саналыг Аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[1]

            Дорнод аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Гурванзагал сумын Засаг дарга *******гийн *******ийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь огцруулсан байна.[2]

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

             1.Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолын талаар:

             Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.*******ээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******д хандан “...сумын Засаг дарга Ж.******* нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалтыг зөрчсөн, ...мөн хуулинд заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж өгөх тухай” албан бичгийг хүргүүлсэн байна.[3]

             Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж тус хуралд нийт 12 төлөөлөгч оролцсоноос 8 төлөөлөгч сумын Засаг дарга Ж.*******ийг огцруулах асуудлыг дэмжиж “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 01 дугаар тогтоолыг гаргажээ.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамжаар Ж.******* намайг огцруулж шийдвэрлэлээ. Уг захирамжаа гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэжээ. Миний хувьд намайг огцруулах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Засаг даргын захирамжид хуулийн ямар зүйл, хэсэгт заасан үндэслэлээр, хэрхэн огцруулж байгаа тухайгаа дурдаагүй байна” гэж тайлбарладаг.

            Харин хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Ажлын чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй гэх заалт нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгоно” гэж заасан заалтыг зөрчсөн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 18 сая төгрөгийн өртөг бүхий Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан “Дуутын нуруу” ХХК-тай хувийн ашиг сонирхлын үүднээс холбогдсон. Улаанбаатар хотоос тус компанийн засварын ажлын бараа материалыг хувийн авто машинаар өөрийн биеэр тээвэрлэн тус суманд авч ирсэн. Мөн хувийн хүнсний дэлгүүрээ тус компаниар засвар өргөтгөл хийлгүүлж ашгийн төлөө холбогдсон нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн. ...Сургуулийн дээврээс удаа дараа борооны ус гоожсон, бараа материал дутмаг, зураг төсвийн дагуу хийгдээгүй атал ажил хүлээж авах ажлын хэсгийг томилж ажлыг хүлээн авч санхүүжилтийг бүрэн олгосон нь сумын Засаг дарга Ж.******* ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэсэн анхны байршил болох хүүхдийн тоглоомын талбайг хүүхдийн цэцэрлэгийн гадна бус өөрөө дур мэдэн сумын Цэцэрлэгт хүрээлэнд байгуулан Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрийг зөрчсөн” гэж маргадаг.

            Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийг засварлах ажлын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК шалгарсан бөгөөд засварын ажил дуусч 80 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээн авсан нь Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажлыг ашиглалтад оруулах комиссын дарга, гишүүдийн саналын хуудас,[4] засварын ажлыг хүлээлцэх комиссын акт[5] зэргээр нотлогдож байна. Дээрх тендэр сонгон шалгаруулалтын талаар бусад тендэрт оролцогчид маргаагүй болно.

            Хариуцагч болон гуравдагч этгээд нар ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэсэн анхны байршил болох хүүхдийн тоглоомын талбайг хүүхдийн цэцэрлэгийн гадна бус өөрөө дур мэдэн сумын Цэцэрлэгт хүрээлэнд байгуулан Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ...хүүхдийн тоглоомын талбайг анх хүүхдийн цэцэрлэгийн гадна болон хаана байгуулах эсэх талаар албан ёсны шийдвэр гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

             Нэхэмжлэгчийг “Дуутын нуруу” ХХКомпанитай хувийн ашиг сонирхлын үүднээс холбогдсон, Улаанбаатар хотоос тус компанийн засварын ажлын бараа материалыг хувийн авто машинаар өөрийн биеэр тээвэрлэн тус суманд авч ирсэн мөн хувийн хүнсний дэлгүүрээ тус компаниар засвар өргөтгөл хийлгүүлж ашгийн төлөө холбогдсон, “Дуутын нуруу” ХХК-ийн тендерийн асуудал болон Төсвийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж хариуцагч болон гуравдагч этгээд нар тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Ж.*******ийн хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй асуудал нь нотлох баримтаар тогтоогдоогүй, дээрхи зөрчлүүдийг хуулийн болон холбогдох бусад эрх бүхий байгууллагад хандаж, шалгаж тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүдийг сумын Засаг дарга Ж.*******ийг гаргасан гэдгийг зөвхөн сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч Ч.******* бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал оруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн болохоос дээрх зөрчлүүдийг Ж.******* гаргасан гэдгийг албан ёсоор шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт байхгүй.

            Иймд Дорнод аймгийн Гурвагзагал сумын Засаг дарга Ж.*******ийг хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр огцруулах санал гаргасан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх...” мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “... эдийн засаг, нийгмийн асуудлыг ...хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх...” зарчимтай нийцэхгүй байх бөгөөд дээрх тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг зөрчсөн байна.

            2. Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамжийн тухайд:

             Дорнод аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Гурванзагал сумын Засаг дарга *******гийн *******ийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь огцруулсан.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

            Дорнод аймгийн Засаг дарга нь Гурванзагал сумын Засаг дарга Ж.*******ийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огцруулах шийдвэр гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн.

            Өөрөөр хэлбэл тухайн хурал зөвхөн ирц бүрдсэн олонхоороо асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хянахаас гадна тухайн хурлаар хэлэлцсэн асуудал нь хуульд нийцсэн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянаж шалгах ёстой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл бол тухайн хурлын процессыг баримтжуулсан баримт бичиг юм.

            Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай”  01 дүгээр тогтоол нь хууль бус болох нь тогтоогдсон тул энэхүү хууль бус шийдвэрийг үндэслэж гаргасан Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Гурванзагал сумын Засаг дарга Ж.*******ийг огцруулах тухай” Б/35 дугаар захирамж нь хууль бус юм.

            Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 дугаар захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ж.*******ийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.*******ийн ажилгүй байсан хугацааны олговорыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоолон олгох нь зүйтэй гэж үзлээ.

           3. Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын Засаг даргаар Чадраабалын *******ийг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1618 дугаартай албан бичгээр сумын Засаг даргаар Ч.*******ийг томилохоос татгалзжээ.

            Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар Чадраабалын *******ийг дахин томилуулахаар шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар Чадраабалын *******ийг тус сумын Засаг даргаар томилсон болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 г-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/35 тоот захирамж, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ж.*******ийг урьд ажиллаж байсан Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

             2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, үлдэх олговорыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******өд олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хэргийн 13 дугаар хуудас

[2] Хэргийн 6 дугаар хуудас

[3] Хэргийн 14 дүгээр хуудас

[4] Хэргийн 92 дугаар хуудас

[5] Хэргийн 94 дүгээр хуудас