Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1786

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/00736 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бат-Оронд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 235 000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Ганцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бүрнээ

Хариуцагч: Б.Бат-Орон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ганцэцэг миний бие нь хариуцагч Б.Бат-Оронд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай олгосон. Тухайн үед нэг жилийн хугацаатай зээлсэн боловч хариуцагч зээлээ төлөөгүй. Бид 2015 оны 1 дүгээр сард хүү нь жил болоод нийт авсан зээлийн төлбөрийн үнийн дүнгээс хүүтэйгээ нийлээд 5 000 000 төгрөг болсон. Ингээд бид 2015 онд Б.Бат-Оронгийн дүү Батсарангийн надаас зээлдэн авсан 1 000 000 төгрөг болон Б.Бат-Оронтой зах дээр хамт зогсдог гэх н.Энхтуяа гэдэг найз  нь надаас зээлсэн 500 000 төгрөгний 300 000 төгрөгийг Б.Бат-Орон нь авсан гэх тул эдгээрийг оруулж тооцоод, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6 400 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч Б.Бат-Орон нь би дүүгийнхээ өмнөөс зээлийг төлнө гэж хэлсэн учраас тухайн авсан зээлийн хүү болон урьд авсан Б.Бат-Оронгийн зээлийн хүүнүүд явсаар байгаад 6 400 000 төгрөг болсон. Бид энэ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг урьд өмнө байгуулж байсан зээлийн гэрээгээ цуцлаад, хариуцагч Б.Бат-Оронтой шинээр зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тохиролцон байгуулсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа хүүгээ багасган 10 хувь байсныг 5 хувь болгон тухайн үедээ сар сардаа мөнгөө өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй учраас би шүүхэд хандсан. Б.Бат-Орон нь зээлийн хүүнээс 900 000 төгрөгийг л надад өгсөн. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Уг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 6 400 000 төгрөг болон зээлийн хүү 1 835 000 төгрөг, нийт 8 235 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бат-Орон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ганцэцэгээс авсан нь үнэн. Тэр хугацаанд би зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж чадаагүй явсаар байгаад бид 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хуучин гэрээгээ цуцлаад шинээр гэрээ хийсэн. Тэр хугацаанд 6 400 000 төгрөгийн гэрээ шинээр хийгээд 5 хувийн хүүтэй болгосон. Би зээлсэн мөнгөө нэхэмжлэгч талд бага багаар нь төлж байсан. Төлөлтийг нэхэмжлэгч тал өөрийн дэвтэртээ бүртгээд явж байсан. Би зээлээ төлж байсан боловч тухайн үед манай гэрт ар гэрийн гачигдал гарсан болохоор төлж чадахгүй болсон. Одоо нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 8 235 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин боломжоороо 4 000 000 төгрөгийг төлөх боломжтой ба жилийн хугацаа өгвөл би энэ хугацаанд төлөх саналтай байна гэжээ.

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 8 235 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4 600 000 төгрөгийг хариуцагч Б.Бат-Оронгоос гаргуулж, нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 635 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Бат-Оронгоос 88 550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Ганцэцэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Б.Бат-Орон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар гаргахдаа: Би 2014 онд 2 500 000 төгрөгийг Т.Ганцэцэгээс зээлж авсан нь үнэн. Зээлсэн мөнгөө төлж чадахгүй явсаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бид хоорондоо тохиролцож өмнөх зээлийн гэрээгээ хүчингүйд тооцож дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан гэдэг. Бид энэхүү гэрээг байгуулахдаа Б.Бат-Оронгийн төрсөн дүү болох Б.Батсаран, мөн н.Энхтуяа нарын өмнө надаас зээлж авсан мөнгийг Б.Бат-Оронгийн өөрийнх нь зөвшөөрлөөр нэмж тооцоод нийт 6 400 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг байгуулсан юм. Б.Бат-Орон энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсээр байхад шүүх зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг үнэлэхээс татгалзаж надад илт хохиролтой шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Иймээс хариуцагч Б.Бат-Оронгоос нэхэмжлэлээс хангаагүй орхисон 3 635 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь хариуцагч Б.Бат-Оронд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 235 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 4 000 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч Б.Бат-Оронд 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, мөн зохигчид 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх зээлийн гэрээг сунгаж дахин шинээр байгуулсан боловч өмнөх гэрээний үүрэгт хамааралгүй этгээдүүд болох хариуцагчийн дүү Б.Батсаран, найз н.Энхтуяа нарын зээлийн үлдэгдэл төлбөрийг нэгтгэн тооцож байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-4, 5, 18, 19, 22-26/

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Б.Бат-Орон нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Ганцэцэгтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 6 400 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн Г-2201017834 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 78 гудамж, 09 тоот 567 м.кв газрыг барьцаалж гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч нь 6 400 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар уг зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох боломжгүй юм.

Учир нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд Б.Бат-Оронгийн найз н.Энхтуяа нь 500 000 төгрөг, мөн хариуцагчийн дүү Б.Батсаран нь 1 000 000 төгрөгийг тус тус Т.Ганцэцэгээс зээлсэн, хариуцагч Б.Бат-Орон нь эдгээр мөнгийг тэдний өмнөөс хариуцаж төлөхөөр баталгаа гаргасан, үүргийг нь шилжүүлэн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь хариуцагчаас энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Иймд шүүх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Б.Бат-Оронгоос зээлийн үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг /250 000 х 12 сар = 3 000 000/, нийт 5 500 000 төгрөг, үүнээс зээлийн гэрээний үүрэгт буцаан төлөгдсөн талаар талууд маргаангүй байгаа 900 000 төгрөгийг хасч, нийт 4 600 000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан алдангийг гаргуулах талаар тодорхой шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан алданги болон өөр бусад этгээдтэй байгуулсан гэрээний дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН