Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

2019           12          30                                    2020/ШЦТ/21    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч О.Доржмаа,

Гэрч Ө.Жаргал,

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бг холбогдох эрүүгийн 1909000001147 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Онц оргил” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамж далан 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 18-23 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Чимэдцэеэг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид хоёр сүүлийн 2 жилийн хугацаанд маргаж байна. Би 2 хүүхдээ бодоод салахгүй гэж хэлсэн. Би эхнэрээсээ зөндөө гуйж байсан. Би ажлынхаа хүнээс 100.000 төгрөг зээлээд эхнэртэйгээ баяр тэмдэглэхээр төлөвлөж байсан. Тэгээд манай ажлын залуу шар тайлъя гээд байхаар нь жаахан амссан. Би эхнэртээ дуут мэндчилгээ дамжуулсан. Тэр орой манай эхнэр ажлаа тараад ирэхгүй удаад, залгахаар утсаа авахгүй байсан...” гэв.

 

Гэрч Ө.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-нөөс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд эмэгтэй хүн орилохоор нь гарч харсан. Хэн ч байгаагүй. Энгийн хувцастай 2 хүн манайд орж ирээд асуулт асуусан. Би зодоон болж байгааг нэг ч удаа харж байгаагүй. Би удаа дараа зодолдож байсныг салгасан гэж мэдүүлэг өгөөгүй. Би цагдаа дээр очиж миний мэдүүлээгүй юмыг бичсэн байна гэж хүсэлт өгсөн....” гэв.

 

Эрүүгийн 1909000001147 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Чимэдцэеэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ороход Болдбаатар архи уучихсан согтуу байсан. Би гэртээ орохдоо ажил дээрээ 1 шил пиво уугаад очсон. Болдбаатар намайг “согтуу байна” гээд миний гар утсыг булааж аваад гэрийн хаалгыг дотроос түгжээд намайг зодсон. Болдбаатар намайг хүүхэлдэй шиг зодсон. Толгойг хана хавсруулж цохьсон, миний баруун гарыг гараараа цохиод битүү хөх няц болгосон. Би Болдбаатартай хамт амьдрах хугацаандаа 2 удаа зодуулж гэмтэж байсан. Би 2012 оны 5 дугаар сард гэртээ байхдаа нөхөр Болдбаатарт зодуулж, дал, мөр, бугалга хэсэгтээ гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж гипсдүүлж байсан. Хоёр дахь удаа нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө гэртээ зодуулсан. Болдбаатарт зодуулаад миний нуруу гэмтээд сууж босч чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Чимэдцэеэ рүү залгасан боловч утсаа авахгүй байсаар байгаад 00:35 цагийн үед гаднаас орж ирсэн. “Хаачаад ирэв” гэж асуухад надад юм хэлэлгүй утсаа тавиад гараад явсан. Чимэдцэеэ намайг “чи гараад хоёр ширхэг эссэ аваад ир” гэсэн. Би уурлаад “чи оройтож ирчихээд, одоо юун дэлгүүр байдаг юм” гэж хэлсэн. Чимэдцэеэ уурлаад “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл зодоон болж эхэлсэн. Би Чимэдцэеэгийн Айфоне 6 плас гар утсыг булааж аваад “чи хэнтэй яваад ирж байгаа юм бэ” гэхэд Чимэдцэеэ надтай утсаа булаацалдаж надаас булааж авах гэж байгаад гар утсаа нүүрээр нь газарт унагаагаад дэлгэцийг нь хагалсан. Би Чимэдцэеэгийн баруун гар талаас нь баруун гараараа гар, нуруу, гуя, хэсэгт нь 5-6 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Жаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23:00 цагийн орчимд би гэртээ хэвтэж байтал эмэгтэй хүн “ээжээ, ээжээ намайг яаж байгаа юм бэ” гээд уйлж хэлээд байгаа сонсогдсон. Бас төмөр тачигнаж дуугараад байсан. Тэгээд би ямар нэг зүйл боллоо гэж бодоод хувцсаа өмсөөд гартал ойр хавьд хүн байхгүй байсан. Энэ үед манай хажуу айл буюу 23 тоотын гэрэл асаалттай, хаалга нь түгжээтэй байсан. Би хашааны завсараар 5 минут харсан боловч харагдаагүй. Өчигдөр Баатраа согтуу байсан. Хааяа ийм асуудал болдог байсан. Би салгаж байсан тохиолдол бий...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12422 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Чимэдцэеэгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төв “хэвлийн хэт авиан оношлогоо”, компьютер томографийн дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 6 plus маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 279.000 /хоёр зуун далан есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 34-42 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан дүгнэлтэндээ хамар ясны хугаралтай гэсэн дүгнэлт гаргасан байгаа нь Г.Чимэдцэеэгийн хамар ясны зүүн талын хугарсан шинэ гэмтэл гэж үзнэ. Г.Чимэдцэеэгийн тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, “Онц Оргил” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Н.Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос С.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байх тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 18-23 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Чимэдцэеэг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас дээрх үйлдлээс гадна 2012 оны 5  сард хохирогчийн биед халдсан гэж ялласан байх ба хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүгдэгчээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Чимэдцэеэгийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдоогүй байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тусгасан атлаа тэрхүү үйлдэл нь ямар шинжээр илэрсэн нь ойлгомжгүй тусгаснаас гадна 2012 оны 5  дугаар сард хохирогчийн биед халдсан гэх үйлдлийг хамааруулан зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ.

 

Учир нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмж зохицуулсанаас гадна, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд мөн тусгагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа билээ.

  

Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн ойлголтонд халдагч этгээд тодорхой шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж тэрхүү үйлдлээ тогтсон хугацаанд хэвшмэл маягаар үйлдэхийг хамааруулахаас гадна дээрх хуулиудын үйлчлэлээс өмнө үйлдэгдсэн гэх үйлдлийг одоогийн гэмт үйлдэлд адилтган авч үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 18-23 тоотод Г.Чимэдцэеэг “утсаа авахгүй, оройтож ирлээ” гэж маргалдан зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Чимэдцэеэгийн мэдүүлэг, гэрч Ө.Жаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12422 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Г.Чимэдцэеэг “утсаа авахгүй, оройтож ирлээ” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Чимэдцэеэгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хохиролд 600.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч С.Быг ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Хэрэгт хураан авсан Iphone-6 plus маркийн 1 ширхэг гар утсыг хууль ёсны өмчлөгч хохирогч Г.Чимэдцэеэд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос С.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Хэрэгт хураан авсан “Iphone-6 plus” маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Г.Чимэдцэеэд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН