Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

2020         01          06                                   2020/ШЦТ/27       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа /томилолтоор/,  

Шүүгдэгч Э.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 1911029261516 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “КоКо” нэртэй онлайн дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн гудамж 06 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31 дүгээр гудамжны 384 тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрий №754 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч З.Дамдинбазарын Самсунг эс 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1911029261516 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Хаан” зочид буудалд найз Батжаргал, Билэгт, Ган-Эрдэнэ,  Дамдинбазар, Анхбаяр нарын хамт архи ууж байгаад унтсан. Би найзуудыгаа унтсан хойгуур нь Дамдинбазарын Самсунг Эс-8 пласс загварын гар утсыг хулгайлаад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байх 84-ийн автобусны буудал дээр ломбарданд 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 19-22 дугаар хуудас/,

Хохирогч З.Дамдинбазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан хотелд найз Батжаргал, Онон, Ган- Эрдэнэ, Билэгт, Анхбаяр нарын хамт өрөө түрээслэж унтаад өглөө сэрсэн. Сэрэхэд миний Самсунг Эс8 плас загварын гар утас хулгайд алдагдсан. Найз нараасаа “гар утас яасан” талаар асуухад мэдэх хүн байгаагүй. Би Ононгоос гар утсаа асуухад “аваагүй” гэж байгаад сүүлд цагдаа дээр ирээд миний болон найз Батжаргалын гар утсыг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрсөн. Онон Батжаргалын гар утсыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Натур төвийн хажуу талд байх машины зогсоол дээр машин дотор нь сууж байхдаа хулгайлаад өөрөө хэрэглэж байсан байна лээ. Миний гар утсыг хулгайлаад Хайлааст явах замд барьцаалан зээлдүүлэх газар 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч миний гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас авч өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь самсунг эс8 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Эрдэнэ гэх барьцаалан зээлдэх газрын №146 дугаартай барьцаат зээлийн гэрээг эх хувиар нь хураан авав...” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26, 28 дугаар хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 31 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №754 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-36 дугаар хуудас/, /хохирогчийн хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч З.Дамдинбазарын “Самсунг эс 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Дамдинбазарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Огийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Ог бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчоос “...гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 41 дүгээр хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Э.Ог бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН