| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0463/И |
| Дугаар | 131/ШШ2016/00565 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00565
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор сумын *******т үйл ажиллагаа явуулдаг, ******* регистрийн дугаартай, ******* ХХК-д холбогдох
Хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн 91953750 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК-д дулаалгын хөөсөнцөр, хавтангийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13/05 тоот гэрээ байгуулан 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн санхүүжилтийг 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч тус компани нь төслийн санхүүжилтийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 143750000 /нэг зуун дөчин гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн үндсэн төлбөр, 6953750 /зургаан сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийн алданги төлөхөөс 65000000 /жаран таван сая/ төгрөг төлж бусад төлбөрийг төлөөгүй байна.
Иймд “*******” ХХК-аас 2016 оны 06 дугаар сарын 22-ны байдлаар үндсэн төлбөр 85000000 төгрөг, алданги 6953750 төгрөг, нийт 91953750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэн Б.*******аас нэхэмжилсэн 91953750 төгрөгөөс түүнд тооцсон алданги болох 6953750 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж байна. Хариуцагч Б.*******ын шүүхэд гаргасан талйбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
******* нэхэмжилсэн 91953750 төгрөгөөс алданги болох 6953750 төгрөгийг төлөхгүй байхаар нэхэмжлэгчтэй тохиролцсон. Зээлийн үндсэн төлбөр болох 85000000 төгрөгөөс 20000000 төгрөгийг төлсөн, 10000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдсэн 55000000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн 91953750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 6953750 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 85000000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн 91953750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 6953750 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 85000000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ