Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

2020           01          20                                    2020/ШЦТ/56    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Ганбагана,  

Насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг,

            Шүүгдэгч О.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 1909024961264 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шил сервис” ХХК-нд шилэн фасад гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, өвөг эцэг, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхон 902 дугаар байрны 116 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.М нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны үүдэнд Г.Чингүүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж, толгой руу нь 2-3 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед найз Буянбаттай тоглох гээд цагаан байр руу явсан. Чингүүн нь 48 дугаар байрны гадаа Эрхэс гэх хүүхэдтэй байсан. Тухайн үед би найзуудтайгаа явж байсан. Эрхэсээс “юу болсон бэ” гэхэд Чингүүн нь Маралаагийн чихэвчийг авсан гээд муудалцаж байсан. Би Чингүүний хацар хэсэгт эхэлж  алгадсан. Хохирогч босож ирээд намайг цохисон. Би зөрүүлээд хацарт нь дахин алгадсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 30 минутын үед 2 найзтайгаа 38 дугаар байрны гадаа сууж байсан. Найз Эрхэс ирээд бид хоёрын хооронд чихэвчний үл ойлголцох маргаан болж байсан. Манлайбаяр нь ирээд “намайг сууж бай” гээд мөрлөөд явган суулгаад хацар руу тогшоод байсан. Миний хамарнаас 5-6 минут тасралтгүй цус гойжиж байсан. Тэгээд Манлайбаяр нь дэлгүүрээс надад сальфетка авчирч “май наадахаа арч” гээд өгсөн. Ингэхдээ “чихэвчийг чи авсан биз дээ” гээд байсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нь хохирогчийг дээрэлхэж мөнгө нэхдэг байсан. Биднээс уучлалт гуйгаагүй, санаа зовдоггүй байсан. Миний хүү шүүгдэгчийг цохиогүй гэж хэлсэн. Хэрэв шүүгдэгч нь хамар руу цохиогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үед байсан гэрч нараас мэдүүлэг авч болно. Эмчилгээний зардал 70.000 төгрөг гарсан. Үүнээс хойш мөнгөгүй учир эмчилгээ хийлгэж чадаагүй тул цаашид эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэв.

 

Эрүүгийн 1909024961264 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 38 дугаар байрны гадаа сандал дээр найзууд Эрхэс, Анар-Эрдэнэ, Мөнхцэлмэн нарын хамт юм яриад сууж байтал зүс таних Манлайбаяр гэх залуу 3 найзын хамт ирсэн. Тэр үед найз Эрхэсийн гар утасны чихэвч алга болсон байсан.  Эрхэс намайг “чи миний чихэвчийг авсан байна” гэж хэлэхээр нь “үгүй би аваагүй” гээд яриад байж байтал хажуу талаас Манлайбаяр чанга дуугаар “чи Эрхэстэй яаж яриад байгаа юм бэ, чи ингэж ярих болоогүй шүү” гэж хэлээд миний зүүн мөр хэсэгт дараад “чи наанаа суу гөлөг минь” гэж хэлээд сандал суулгасан. Сандал дээр сууж байтал Манлайбаяр миний зүүн талын хацар хэсэг рүү гараа атгаж байгаад хүчтэй цохиод эхэлсэн. Манлайбаярыг “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд Манлайбаярын хоёр гарын бугуй хэсгээс нь өөрийнхөө гараараа бариад болилдоо” гэж хэлтэл миний гарыг тавиулаад миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон. Миний хамраас цус гарахаар нь гараараа дараад доошоо хагас суутал миний толгойн дагз хэсэг рүү гараараа 2 удаа цохиод “Ардын эрхэд надад томрох болоогүй шүү” гэж хэлээд дэлгүүрээс сальфетик авчихаад над руу шидээд Манлайбаярыг юу гэж хэлснийг санахгүй байна. Нэг үг хэлээд миний нүүрэн тус газарт дахиад толгой хэсгээрээ нэг удаа мөргөчихөөд яваад өгсөн. Тэнд байсан ах нар над дээр ирээд савтай ус авчирч өгөөд миний цусыг угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна очтол сандал дээр танил Чингүүн сууж байсан. Хажууд нь Эрхэс гэдэг хүүхэд зогсож байснаа Чингүүнээс юмаа авах гээд зогсож байгаа юм шиг харагдахаар нь тэр хоёр дээр очиход Эрхэс жаахан ууртай байсан. “Гар утасны чихэвч алга болгосон байна” гэж Чингүүн рүү уурлаад хэлээд байсан. Тэгэхээр нь би Чингүүний мөр хэсэг дээр гараараа дараад юу болсон талаар асуугаад Чингүүнтэй муудалцаж эхэлсэн. Чингүүн эхлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод намайг заамдахаар нь зөрүүлээд заамдаж аваад Чингүүний нүүрэн тус газар гараараа нэг удаа алгадсан. Толгойгоо доошоогоо болохоор нь дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Чингүүн зөрүүлээд намайг нүүрэн тус газар цохиод миний хүзүүг гараараа урсан байсан. Эрхэс болон Эрхэсийн найз Чингүүн бид хоёрыг салгасан. Чингүүний хамраас цус гараад байхаар нь дэлгүүр ороод хуурай сальфетик авч цусыг нь арчиж өгчихөөд цаашаа явсан. Чингүүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7924 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Чингүүний биед хамрын нурууны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч М.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны үүдэнд Г.Чингүүнтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой руу нь 2-3 удаа мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Насад хүрээгүй хохирогч Г.Чингүүний “...Манлайбаяр миний зүүн талын хацар хэсэг рүү гараа атгаж байгаад хүчтэй цохиод эхэлсэн. “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд Манлайбаярын хоёр гарын бугуй хэсгээс нь өөрийнхөө гараараа бариад боль л доо” гэж хэлтэл миний гарыг тавиулаад миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон. Миний хамраас цус гарахаар нь гараараа дараад доошоо хагас суутал миний толгойн дагз хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Мын “...би Чингүүний мөр хэсэг дээр гараараа дараад юу болсон талаар асуугаад Чингүүнтэй муудалцаж эхэлсэн. Чингүүн эхлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод намайг заамдахаар нь зөрүүлээд заамдаж Чингүүний нүүрэн тус газар гараараа нэг удаа алгадсан. Толгойгоо доошоо болгохоор нь дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7924 дугаартай дүгнэлтэнд “...1. Г.Чингүүний биед хамрын нурууны хугарал гэмтэл тогтоогдлоо... 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Мын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүн болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгээс “...Эмчилгээний зардал 70.000 төгрөг болсон. Мөн цаашид гарах эмчилгээний нэхэмжилнэ…” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримтаар 70.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Маас уг төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгээс насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүнд цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай О.Маас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Маас 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүний хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгт олгосугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг нь насанд хүрээгүй хохирогч Г.Чингүүнд цаашид гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Маас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН